Хүүхэд насанд хүргэж өгдөг мөсний баяр

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Хүүхэд насанд хүргэж өгдөг мөсний баяр

Хүүхэд насанд хүргэж өгдөг мөсний баяр

Тэнгэр газар нийлсэн аятай цэв цэнхэр мөсөн нуур, хөх тэнгэрийн дунд хөвсгөлчүүд гадна, дотнын жуулчдыг эвсэг, дотноор угтав. Мөсний баяраар цаг агаар тогтуун байлаа. Зорьж ирсэн гадаад, дотоодын жуулчин цөөнгүй. Тэд мөс цөмрөх вий гэсэн айдасгүйгээр наадана. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг нэгдсэн зогсоолд тавьж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргахаар зохицуулжээ. 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх сувд” мөсний баяр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд  болсон юм.

Мөсний баярыг зорьж ирсэн жуулчид бүгд хурган дотортой дээл, дах өмссөн нь тун гоёмсог харагдана. Залуу хосууд курткин дээлээр гоёжээ. Монголчуудын хувцас болон мөсний баярын талаар Франц улсын аялагч Biot Pierre Emile, Steven Chung нар "Бид өмнө нь нэг жил гаруй хугацаанд Якутад амьдарсан. Тэндхийг бодвол энд их дулаахан байна. Танай улсын ард түмэн их баян хүмүүс шиг санагдлаа. Учир нь бүгд ийм гоё хувцас өмссөн байна. Дэлхийн ихэнх улс орнууд үндэсний өв соёлоо гээж байна. Гэтэл монголчууд одоо хэр нь хадгалсаар байгаа нь гайхалтай байна" хэмээв.

Өдрийн нарны туяа мөсөн баримлуудыг алмаз мэт гялалзуулна. Хэдий сүлжээгүй газар байгаа ч иргэд утаснаасаа огт салах шинжгүй харагдана. Учир нь тэд 80 гаруй урлаачийн бэлдсэн "Хөх сувд” мөсний баярын талбайн үзвэр болгоны дэргэд зургаа авахуулна. "Хүүе, тэд нар шиг зургаа даруулъя", "Энэ мөсөн баримлын дэргэд ингэж зогсъё" хэмээн хоорондоо ярилцана. Хамгийн алдартай поз бол баярын талбайн голд мөсөн дээр хэвтэж зургаа даруулах байв. "Би уг нь энэ хүүхэнд дургүй. Гэхдээ хөтлөхөөс өөр арга алга" хэмээн хоёр бүсгүй чанга инээн мөсөн дээгүүр алхана. Энд пингвин алхалт од болов. Жуулчид мөсөн дээгүүр болгоомжтой алхана. Баярт ирсэн жуулчид хүүхдээ хөтлөхөөс илүү, хуванцар, төмөр чаргууд дээр суулган наадмын талбайг тойрно.

"ЭРЧҮҮД МӨСӨН ДЭЭР ЭРХЭЛЖ БАЙНА"

"Хөх сувд" мөсний баярын төв талбайн баруун, зүүн хоёр талд мөсөн гулгуур бүтээжээ. "За одоохон, миний хүү, аав нь нэг гулгаад очлоо. Чи машинаа халааж бай" гэж 40 орчим настай залуу хэлээд, мөсөн гулгуураас гулгана. Мөсний баярт том хүн гэж байхгүй, бүгд хүүхдүүд гэлтэй. Залуус багачуудтай булаацалдах нь холгүй, түрээсийн тэшүүрээс шилэн авч гулгана. Мөсөн гулгуураас эрчүүдийн хөгжилтэй чанга гэгч инээх дуу хамгийн тод сонстоно. Мөс мөргөлдүүлж тоглох, морин чаргаар зугаалах гээд тэдэнд тоглож наадах тоглоом мундсангүй.

Баярын хамгийн сонирхолтой унаа болох морин чарга 5000 төгрөгийн ханштай аж.

Нутгийн иргэд жуулчдын харааг булаасан зүс бүрийн морьдоор чаргаа хөллөжээ. Зорчигчоо хүйтэнд дааруулахгүйн тулд дах, дулаан хөнжил нөмрүүлнэ. Зарим морин чарга баярын талбайг тойрон явж байхад зарим нь баярын талбайгаас Хөвсгөл далайн эрэг хүртэл давхина. Эрхэлж ханасан иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг сонирхоно. Хувиараа худалдаа эрхлэгч, урлаач нар гээд 200 гаруй аж ахуй нэгж бараагаа дэлгэжээ. Хар модны ураар урласан аяга, таваг, бугын эврээр хийсэн хундага, утсан загас, шүрэн бугуйвч, монгол дээл гэх мэт бүтээгдэхүүнүүд зонхилно.

"Энэ жил өөрийн урласан дээл, монгол хувцсаа зарах гэж ирлээ. Хүмүүс ялангуяа хүннү дээл их сонирхож байна. Цар тахал гарснаас хойших хоёр жилийн хугацаанд наймаа муу байлаа. Ер нь манай нутагт өвлийн саруудад ихэнх иргэдийн орлого муу байдаг. Төрийн албан хаагчид гайгүй ажилтай байдаг. Энэ зунаас эхлэн орлого сайжирна гэж итгэж байна" гэж Хатгал тосгоны худалдаачин Ц.Цэвэлмаа хэлэв.

Жуулчлалд түшиглэсэн аймгийн худалдаачид "Хөх сувд" мөсний баярыг зорин ирсэн гадаадын жуулчидтай хэл амаа амархан ололцоно. 5000 төгрөгийн барааг жуулчдад таван хуруугаа гозолзуулан ойлгуулна. Дотоодын жуулчлагч нар ч ялгаагүй барааны үнэ доош буулгана.

ЦАА  БУГА УНАЖ ҮЗЭХ ГЭСЭН ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БУЦЛАА

Өндөр  уулс, цэнхэр нуур, нүүдэлчдийн амьдрал унаган төрхөөрөө оршдгоороо Хөвсгөл аймаг алдартай билээ. Энэ жилийн мөсний баяраар дархад, хотгойд, урианхай, буриад, цаатан ард түмний амьдрал ахуйг жуулчдад сонирхуулах үзвэр байсангүй. Баярын тайзны зүүн талд хоёр урц барьсан ч дотор нь хоосон байлаа. Мөн баримлын дэргэд хиймэл цаа буга байршуулснаас өөр гоц гойд зүйл харагдсангүй.

Цөөнх ястнуудын урлагийн тоглолт болсон ч иргэд төдийлөн үзсэнгүй. Гадаадын жуулчид гэлтгүй дотоодын жуулчдын дунд нууцлаг хэвээр буй дархад түмний соёлын багахан боловч илрэл тус баяраас харагдсангүй. Тэдний амьдарч буй урц, унаа хөсгийн талаарх үзвэр байсан бол "Хөх сувд" мөсний баярт илүү өнгө нэмэх байлаа. Гэвч монгол наадмын хэвшсэн дүр байдал мөсний баяраас илэрхий харагдлаа. Баярын тайз, мөсөн баримал түүнийг хүрээлсэн худалдаачид дунд л жуулчид эргэлдэнэ.

Нар жаргахтай зэрэгцэн "Хөх сувдны орон" шоу тоглолт боллоо. "Хоймор нутгийн залуус хэр цоглог болохоо мэдрүүлье" хэмээн хөтлөгч хэлнэ. Нутгийн театрын уран бүтээлчид он оны шилдэг бүтээлүүдээс толилуулав. Өдөр нарны гэрэлд гялалзаж байсан мөсөн баримлууд шөнө нь өнгө өнгийн гэрлээр гоёжээ. Баримлуудын өдөр олж хараагүй нарийн чамин хийцүүд шөнийн лед гэрэлт улам тод харагдана. Мөсөн гулгуур, баримлууд шөнө нь ялгаагүй жуулчдын хөлд дарагдаастай байлаа. Шоуны хамгийн том гэнэтийн бэлэг нь реппер Pacrap байв. Үнэхээр хоймор нутгийн залуус ямар цоглог гэдгээ мэдрүүлж чадлаа.

Мөсний баярын хамгийн сонирхолтой хөтөлбөр бөөгийн тахилга, галын ёслол байв. Онгод шүтээн догшин нутгийн чадалтай долоон бөө чуулжээ. Мод хожуул овоолсон тахилга ноцохтой зэрэгцэн сонирхсон жуулчдын уухайлах дуу улам чангарна. Цугласан олныг зохицуулах цагдаа нар хүртэл онгод шүтээнд хүндлэл үзүүлэн доош сууна. Галын илчинд жавар үргэж, хэнгэргийн чимээ уул усыг нүргэлүүлж, галын оч од мэт агаарт түгэх нь сүрдмээр байв. Олны уухай, хэл хуур, онгод тэнгэрээ аргадан дуудах бөөгийн мөргөл цаг хиртэй үргэлжлэв. Онгод нь буусан бөө нарыг гал руу ойртох вий хэмээн улаан нар нь түшнэ. Мөсний баяраар бөөгийн зан үйл, дархад бөөгийн тамлага дуудлагаар Далай ээжийн галын их тахилгыг тахихаас гадна дотны жуулчдад сонирхуулахаас гадна эх болсон Хөвсгөл нуурын лус олон зуун жил тасраад байсныг эргэн сэргээжээ.

ХӨВСГӨЛД ҮЗЭХ ҮЗВЭР НЭГЭЭР НЭМЭГДЭЖ, ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО МЯНГААР НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 33 жилийн өмнө Хөвсгөл нууранд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан билээ. Хөх сувд мөсний баярыг сонирхохоос гадна тус хөлөг онгоцыг сонирхох жуулчдын цуваа тасарсангүй. Хөлөг онгоцны хуучин шат байсан хэсэгт хөлгийн модон хаалгыг түшүүлэн тавьжээ. Тус шатаар жуулчид нэг нэгээрээ гарч, онгоцны доторх эд зүйлс, ахмадын бүхээгийг сонирхоно. Гэрлийн унтраалга, толь хүртэл дотор нь байна хэмээн гайхан ярилцана. Сүхбаатар хөлөг рүү ирэх жуулчдын цувааг даган нутгийн худалдаачид мөн тэнд байрлажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно гэсэн ч тухайн хөлгийн талаарх танилцуулах самбар байхгүй байлаа.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж