НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди “Медыка” хилийн боомтод очиж нөхцөл байдалтай танилцжээ. Оросын түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхэлснээс хойш ердөө 11 хоногийн дотор 1.5 сая хүн хөрш орнууд руу дүрвэсэн байна. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт дүрвэгсдийн асуудал хамгийн хурцаар хөндөгдөж буй тохиолдол гэж Филиппо Гранди хэллээ.
Хүмүүнлэгийн корридор нь хамгийн эмзэг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэх зорилготой боловч өчигдрийн байдлаар дүрвэгсдийн тоо тасралтгүй өссөөр 1.5 саяд хүрчээ. Байдал энэ янзаар үргэлжилбэл шатахуун, бэлэн мөнгө, эмнэлгийн хэрэгсэл хомсдож, дүрвэгсдийн тоо таван саяд ч хүрч болзошгүй гэж НҮБ-аас анхааруулав.
Дүрвэгсдийн тухай сэтгэл өвдөм мэдээллүүд олон бий. Тухайлбал, 11 настай украин хүү атомын цахилгаан станц шатсаны дараа Словак руу ганцаараа явж иржээ. Ээж нь түүнийг 1000 км-ийн аянд ганцааранг нь галт тэргээр явуулаад, өөрөө хөдөлж чадахгүй өвчтэй ээжийгээ асрахаар үлдсэн байна. “Тэр хүү паспортоо гялгар уутанд хийгээд, гар дээрээ утасны дугаар биччихсэн ганцаараа ирсэн” гэж Словакийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Сайн дурынхан түүнийг асарч, аюулгүй газарт аваачин, дараа нь Братислав дахь хамаатан садантай нь уулзуулсан байна.
Дүрвэгсдийн ихэнх нь Польшийг зорьж байгаа бол бусад нь Унгар, Молдав, Словак гэх мэт Европын орнууд руу гарч байгаа аж. Тэдний дунд Орос руу явж байгаа хүмүүс ч бий юм.
Эх сурвалж: AXIOS, AP NEWS