Татвар нэмэх биш төсөв хулгайлахаа л больчих!

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Татвар нэмэх биш төсөв хулгайлахаа л больчих!

Татвар нэмэх биш төсөв хулгайлахаа л больчих!

УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох талаар ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав.  Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5-5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 2.5 саяас дээш, цаашлаад 5-10 саяаас дээш  сарын орлоготой хүн  илүү татвар төлдөг болох  зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үндэс бүрдэнэ" гэжээ.

Цар тахал, дайн байлдаан гээд дэлхийн эдийн засагт нүүрлэж буй хямрал монголчуудыг тойроогүй. Эрээний хилийн хориг, Орос-Украины дайн зэргээс болж инфляци хөөрөгдөж, бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаас өсч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд болон хувь хүнд багагүй дарамт учруулах болсон.  Гэтэл дайран дээр нь давс нэмж татварыг бууруулах байтал нэмж, иргэдийн халаас руу гар дүрэх тухай ярьж байгаа спикерт зөвлөхөд эхлээд төсвөөсөө хулгайлахаа больчих.  Энэ оны төсөвт УИХ-ын 76 гишүүн бүхэнд дөрөв, дөрвөн тэрбум төгрөгийг тойргийн мөнгө нэрээр хуваарилсан.  Мөн айрагны өргөөнөөс эхлээд төсвийн мөнгөөр элдвийн хөшөө дурсгал барьж, мөнгө иддэг хулгайгаа л эрх баригчид зогсоох ёстой. Иргэдээ дарамтлахаасаа өмнө.  Өөрөөр хэлбэл, татвар нэмэхээс илүү төсвийн хулгай, үрэлгэн байдлаа зогсоох нь эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй байх болно. 

"ХҮҮГИЙН ОРЛОГОО АВААД АМЬДАРДАГ БҮХЭЛ БҮТЭН БҮЛЭГ БИЙ БОЛЧИХСОН"

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын ярьсан зүйлийн талаар эдийн засагч Д.Ангараас лавлахад жинхэнэ баялаг бүтээж буй хүмүүс руугээ шууд дайрч байгаагаас ялгаа алга гэдгийг онцлов. Тэрбээр "Шаталсан татварын тогцолцоо бол зөв. Монголд хэрэгжүүлэх цаг нь болсон. Их орлого олсон нь илүү татвар төлөх нь хүнлэг нийгмийн зарчим мөн. Гэхдээ Монголын төрд нэг асуудал байдаг.  Ерөөсөө засагддаггүй. Банкуудаасаа айж, бусдыг нь элэглэдэг. Энэ дээр ч мөн харагдаж байна. Өдөржин шөнөжин ажил хийгээд 5-10 сая төгрөгийн цалин авсан хүн, харин мөнгөө банкинд хадгалуулаад хуруу хумсаа ч хөдөлгөлгүй сард 5-10 сая төгрөгийн хүүгийн орлого олсон хүнээс хэн нь илүү татвар төлөх ёстой вэ? Мэдээж зарчмын хувьд хүүгийн орлого олсон хүнээс авах ёстой.  Ялангуяа улстөрчдийн банкны хадгаламж хэдэн тэрбумаар хэмжигддэг. ХОМ-ийг нь харахад л илт байдаг. Тэдгээр хүмүүс зовох зүйлгүй сарын 5-10 сая төгрөгийн хүүгийн орлого олж байна. Тэгэхээр шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаа бол банкны хадгаламжийн хүүгээсээ эхэл. Дараа нь ард иргэдийн цалин руу ор.

Шаталсан татварын тогтолцоог дэмжиж байгаа хэдий  ч  5-10 сая төгрөгийн цалинтай хүмүүсээс өндөр татвар авна гэвэл үүнийг харин  дэмжихгүй.  Монгол улсдаа жинхэнэ баялаг бүтээж буй хүмүүс руугээ шууд дайрч байгаагаас ялгаа алга.  Аливаа зүйлд шударга ёсны зарчим үйлчлэх ёстой.

Тиймээс ажил хийж байгааг нь татвараар торгож байгаа ч цаана нь банкаас хүүгийн орлогоо аваад амьдардаг бүхэл бүтэн бүлэг бий болчхоод байна. Ер нь олон улсын жишиг бол банкны хадгаламжийн хүүнд 35-50 хувийн татвар ногдуулдаг. Гэтэл монголд банкны хүүгийн орлого 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жил татваргүй явж ирсэн.  УИХ лоббинд автаж банкны хадгаламжийн хүүнд татвар тавьж чаддаггүй байсан. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үеэр УИХ дуртай дургүй банкны хадгаламжийн хүүнд дөнгөж 10 хувийн татвар тавьсан.  Өөр нэг зүйл нь тансаг хэрэглээндээ татвар тавих хэрэгтэй. 200 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашинд 200 хувийн  татвар тавь л даа.  Бусад улс орны жишиг ийм л байдаг. Гэтэл монгол руу ямар ч төрлийн автомашин оруулсан  10 хувийн татвар, 5 хувийн гаалийн татвар төлөөд ороод ирж байна” гэлээ. 

Мөн өөр нэг судалгаанд "Монгол Улсын төр хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу цалингаас бусад төрлийн хувь хүний олж байгаа орлогоос татвар авч чадахгүй байсаар байна. Хэрэв орлогыг тэгшитгэх бодлого барьж ялгаатай татвар авч байгаа бол ногдол ашгийн татвар, түрээсийн орлого, гавьяа шагналын орлого, спорт, урлагийн оддын орлого гэх мэт орлогоос шатлалаар авах нь зүйн хэрэг юм" гэдгийг ч  дурджээ.

Монголд бизнес хийх нөхцөл улам амаргүй болж байгааг  баялаг бүтээгчид хэлэх болжээ. Татварын байцаагч, мэргэжлийн хяналт нь ирээд шахаж хавчих эсвэл өндөр үнэтэй торгууль тавих зэргээр тавьж байна. Үүний цаана далд эдийн засаг буюу авлига цэцэглэх хөрс суурь тавигдаж байгааг  Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан анхааруулсан удаатай. Гэсэн ч тэдний үгэнд төр чихгүй юм шиг хандаж, 5-10 саяаас дээш  сарын орлоготой хүнээс илүү татвар авах нь ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмж байгаагаас ялгаагүй. 

Үнэндээ өнөөдрийн 2-5 сая төгрөгийн цалин бол багадаа орно.  Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хулгайг зогсоож, багш, эмч нарын цалин нэмэх тухай ярих байтал эсрэгээрээ хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн халаасыг "суйлж" цалин мөнгөө нэмэгдүүлнэ гэдэг " би үхэхээр чи үх" гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж