"Хашир биш бол Монголд залилуулах магадлал маш өндөр"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Хашир биш бол Монголд залилуулах магадлал маш өндөр"

"Хашир биш бол Монголд залилуулах магадлал маш өндөр"

Орон сууцтай болохын тулд байгаагаа зарж, өөрөөсөө хүртэл олсон хэдээ нуусны эцэст залуухан бүсгүйн хүсэл сая нэг биелэв. Түүнийг Н.Ариунтунгалаг гэдэг. Багш мэргэжилтэй, залуухан ээж. Олон жилийн мөрөөдлөө биелүүлж, хувь лизингээр нэг өрөө байртай болсон ч залилуулжээ. Хэдийгээр хоёр талын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 20 сая төгрөг өгч, сар бүр 500 мянган төгрөгийн зээл төлсөн ч нэг л өдөр их хэмжээний мөнгө нэхээд, байрнаас нь гаргасныг гомдолтойгоор өгүүлж байв.

Тэрбээр “Өөрийн гэсэн гэр оронтой боллоо гэж баярлаж, сар бүр 500 мянган төгрөг зээлийн төлбөрт өгч байсан. Гэтэл байр худалдсан хүн гэнэт л үлдэгдэл 10 сая төгрөгөө нэхэж шаналгах болсон. Өмнө нь төлсөн мөнгийг түрээсийн төлбөр гэж тооц гэж хэлсэн. Эцэст нь байрнаасаа гарахаас өөр аргагүй болж, хүүхдээ дагуулаад хаачих вэ, гудамжинд гарлаа гээд хямарч байсан” гэж ярив.

Боловсролын байгууллагад амьдралынхаа 18 жилийг зориулсан тэрбээр золоор “Хос цайз-2” хотхонд өөрийн гэсэн орон сууцтай болов. Түүнд багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ийнхүү дахин орон сууцтай болох аз тохиосон билээ. Энэ бол залилангийн гэмт хэрэгт хөрөнгө мөнгө, гэр бүл, цаг хугацаагаа суйлуулсан олон мянган өрхийн нэгэн төлөөлөл. Тэдний адил өөрт буй үнэ цэнтэй бүхнээ залилуулж, аз нь харьсан мэт амьдралд хөл алдаж буй хүн хэдэн мянгаар тоологдоно. Зарим нь амиа хорлосон эмгэнэлтэй түүх ч цөөнгүй. Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө их хэмжээний өрөнд орсон эхнэр, нөхөр хоёр гурван үрээ үлдээгээд, буудлын өрөөнд хамтдаа амиа хорлож, олныг цочирдуулсан. Сануулбал,

  • Зочид буудалд 30 орчим насны эхнэр, нөхөр хоёр амиа хорлосон хэрэг Баянзүрх дүүргийн нутагт 2021 оны наймдугаар сарын 23-нд гарч байв. Тэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь гурван настай байсан аж. Тухайн үед хосууд бусдад залилуулсны улмаас их хэмжээний өрөнд орсон тул ийм шийдвэр гаргасан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Хосууд өмнө нь ч бас амиа хорлох үйлдэл гаргаж байсныг албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Орон сууцтай болох, төрийн албанд орох, гадагшаа хурдан явах, хураасан хэдээ богино хугацаанд нугалж өсгөх зэргээр бусдад залилуулж, амьдралаараа “тоглох” нь нийтлэг.

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас “Ятгах тусам нягтла” гэж сануулсаар байгаа ч монголчууд хаширдаггүй хэвээр. Гэнэн, тэнэг зангаасаа болж гэр бүл салж сарниж, хүүхэд өнчирч буй.

Залилангийн гэмт хэрэг бол зөвхөн мөнгө, хөрөнгө тойрсон асуудал биш. Хүмүүсийн амьдрал, харилцаа, итгэлцэл, эрүүл мэнд, амь нас гээд олон зүйл алдсан мөнгөтэйгөө хамт гээгддэг.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ЧАНГАЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хууль зүйн ухааны доктор Ц.ЦЭЛМЭГ: 

-Хохирсон хүмүүсийг харах маш хэцүү. Үгээр хэлэхийн аргагүй сэтгэл санааны маш хүнд дарамтад орсон байдаг. Зөвхөн мөнгөө ч биш давхар амьдралаараа хохирч байна. Иргэдийн хувьд танихгүй хүнд итгэдэггүй. Харин ойр, холын хамаатан, найз нөхдөдөө итгэж, 10-100 сая хүртэл төгрөг зээлэхдээ гэрээ байгуулдаггүй. Эргүүлэн авсан тохиолдол маш цөөхөн. Сүүлийн жилүүдэд орон сууц зарах, түрээслүүлэхтэй холбоотой гомдол ихэссэн. Мөн онлайн худалдаа, визний залилан түгээмэл. Ерөнхийдөө иргэд гэнэн томоогүй итгэмтгий, хууль эрхзүйн мэдлэггүйгээс болж залилагчдын өгөөш болж байна. Дийлэнх нь хохирлоо барагдуулж чаддаггүй.

Шүүх, прокурорын байгууллагаар багадаа л хоёр жил хөөцөлдсөний эцэст хохирлынхоо 50 хувийг л барагдуулж байна. Гэтэл энэ хугацаанд эд хөрөнгийн үнэлгээ унах, төгрөгийн ханш сулрах, тэр бүү хэл мөнгөө ч эргүүлэн авч чадахгүй, сэтгэлзүйн маш хүнд дарамтад ордог.

Дийлэнх нь хохирлоо барагдуулж чадахгүй байна. Харин залилагчид бусдаас залилсан эд хөрөнгийг үрсэн, нуусан, бусдад шилжүүлсэн байдаг тул гадуур эрх чөлөөтэй явж байна. Тэдэнд улсын хилээр гарахыг хориглож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажиллагаа явуулж дуудах, дансыг нь хаахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, залилагчид хуулийн цоорхой ашигладаг, тэр бүү хэл өөрсдөө ч хуулийн мэдлэгтэй. Сүүлийн жилүүдэд залилангийн гэмт хэрэг өссөөр байгаа нь хууль эрхзүйн орчинтой холбоотой.

2012 оны Эрүүгийн хуулийн заалтад залилангийн гэмт хэрэг үйлдэж, бусдад 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд 10-15 жилийн хорих ял оноодог байсан. Иймд залилагч нар илүү болгоомжтой, энэ төрлийн хэрэг бага гардаг байсан. Харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ялын бодлогыг сулруулж, үнийн дүн харгалзахгүй 2-8 жил болгосноор залилагчид бөх зүрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, 50 сая, 5 тэрбумын хохирол аль нь ч ялгаагүй болж байгаа юм. Иргэдийн хувьд гэнэн томоогүй, итгэмтгий, хууль эрхзүйн мэдлэггүйгээс болж залилагчдын өгөөш болдог. Тиймээс иргэд хашир байж, гэрээ байгуулах, хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Үгүй бол Монголд залилуулах магадлал маш өндөр.

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗАЛИЛАН “ШИЙДЭГДДЭГГҮЙ”

"Нээлттэй нийгэм форум"-ын санхүүжилтээр Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэгээр ахлуулсан хамтарсан баг "Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практикт илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал" судалгаа хийсэн юм. Уг судалгаагаар

  • Зээлийн гэрээтэй холбоотой залилан мэхлэлт. Тодруулбал, өндөр хүү амлан, иргэнтэй гэрээ хийдэг. Цагдаа үүнийг иргэний гэрээтэй учраас иргэний маргаан гээд хүлээж авдаггүй. Гэтэл тухайн иргэн шүүх дээр очиход доод тал нь нэг жил хүлээгддэг тул мөнгөө олж авах найдвар нь багасдаг байна.
  • Орон сууцны залилан: Орон сууцны өмчлөгч нь биш байтал хуурамчаар бичиг баримт үйлдэж, байрны эзэн мэтээр бусдад дамжуулан хөлслүүлж, иргэдийн мөнгийг авах болов. Улмаар залилсан хүмүүс нь фэйсбүүк хаягаа устгаж, гар утасны дугаараа солих байдлаар олддоггүй байна.
  • “Ажилд оруулж өгнө”: Энэ төрлийн залилан төрийн байгууллагад өндөр цалинтай ажилд оруулж өгнө, урамшууллын хөлс нь 5-10 сая төгрөг гэх мэтээр иргэдийг хуурдаг байна.
  • Виз гаргах. Богино хугацаанд амар хялбар аргаар шийдэж өгөх гэх мэтээр иргэдийг итгүүлдэг байна.

ЗАЛИЛАНГИЙН ШИНЖТЭЙ 21 КРИПТО ВАЛЮТЫГ ХААЖЭЭ

Улсын хэмжээнд жилд 4500 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүнээс 700-800 нь шүүхээр шийдвэрлэгддэг ч 50 гаруй хувь нь л хохирлоо барагдуулдаг аж. Бусад нь мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болдог. Шалтгаан нь, талууд хоорондоо эвлэрэх, мэдүүлгээс буцах, хохирлоо нөхөн төлүүлсэн зэргээр хэрэгсэхгүй болдог байна. Нөгөөтэйгүүр, иргэд орон сууц, эд хөрөнгөө залилуулахаас гадна криптовалют залилангийн шинжтэй болов. Богино хугацаанд ашиг олох сонирхолдоо хөтлөгдөж, хэчнээн хүн цахим луйврын хохирогчид болсныг хэлж мэдэхгүй. Фэйсбүүкт криптовалют сонирхогчдын группүүдээс харахад иргэдийн амар хялбар аргаар мөнгөө нугалах сонирхол дээр дөрөөлсөн зарууд нийтлэг. “Та богино хугацаанд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой. Бидэнд хөрөнгө оруулсан хүмүүс ашгаа нугалсаар байна” гэх зэргээр мөнгөн дүнг харуулжээ. Үүнд нь итгэсэн хүмүүс ч цөөнгүй. Сэтгэгдлээс харвал бүгд мэдээлэл авах сонирхолтой.

Судалгаагаар Монгол Улсад 39 криптовалютын төсөл байдаг. Үүнээс 21 нь залилангийн шинжтэй байна. Эдгээр нь ардаа төсөлгүй, иргэдээс хуримтлуулсан мөнгө нь хаана хэрхэн зарцуулагдах нь тодорхойгүй, өсөхгүй залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогджээ.

Одоогоор шүүхээр шийдэгдэж хэрэг үүссэн тохиолдол байхгүй ч мөнгийг нь өгөхгүй, мэдээлэл өгөхгүй зэрэг гомдол иргэдээс хуульчдад маш их ирдэг байна. Харамсалтай нь, эзэн холбогдогч олох нь өвсөн дундаас зүү олохтой ижил гэнэ.

ГЭРЭЭГЭЭР ХАЛХАВЧЛАХ ЗАЛИЛАН НОЦТОЙ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН

Хуульч, өмгөөлөгч Д.ОРОСОО: 

-Сүүлийн үед цахим хэлбэрээр бусдыг төөрөгдүүлэх байдлаар болон гэрээгээр халхавчилж залилан хийж байна. Ялангуяа иргэд, аж ахуйн нэгж сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох нь ихэссэн. Мөн ардаа бизнестэй, төсөлтэй койны тухайд олон нийтээс цуглуулсан мөнгөө төслийн дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй бол бусдын итгэлийг эвдэх гэмт хэрэг болно. Иргэдийн итгэл дээр тулгуурлан мөнгө авч байгаа учраас зориулалтын дагуу л зарцуулах ёстой. Түүнчлэн гэрээгээр халхавчлах буюу нотариатаар ороод, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулаад залилж буй ноцтой хэлбэр рүү орсныг илтгэж байна.

Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5400 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гаргасан гэмт хэргийн тоон мэдээллээс харахад, залилангийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харамсалтай нь, шүүхийн байгууллагад хугацаа алдах, залилагчид олддоггүй, илрүүлсэн ч хохирлоо барагдуулж чаддаггүй зэрэг нь  ердийн асуудал болох нь. Монголчууд хэдий болтол хашрахгүй бусдад итгэсээр байх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж