"Улс төрийн намд хандив өгч төрийн бодлогод нөлөөлөх нь бий"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Улс төрийн намд хандив өгч төрийн бодлогод нөлөөлөх нь бий"

"Улс төрийн намд хандив өгч төрийн бодлогод нөлөөлөх нь бий"

Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хаврын чуулганаар өргөн барих аж. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.  Энэ хуулийг шинэчилснээр намын санхүүжилт, хандивын мэдээлэл ил тод болох гэнэ.  Ингэснээр нам доторх авлигын асуудал цэгцэрч, нам “эрүүл” болно гэж хууль боловсруулагчид хэлж буй.


-Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан юм байна. Та уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тиймээс хуулийн төслийн онцлох гол өөрчлөлтүүд нь юу байв. Энэ хууль шинэчлэгдсэнээр улс төр, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?

-Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд дотооддоо ардчилсан зохион байгуулалттай, улсын хэмжээний бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын орлого, зарлага ил тод байх ёстой. Мөн намд үзүүлэх төсвөөс олгох санхүүжилтийг хуулиар зохицуулах эрх зүйн үндсийг тавьсан. Эндээс үзэхэд улс төрийн намууд зөвхөн сонгуульд чиглэсэн цаг зуурын шинжтэй популист бодлого явуулахгүй, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлдөнө. Үүний тулд бодлогын нам байх ёстой. Намууд бодлогын судалгааны байгууллагатай, намаас гарах бүх шийдвэр хөтөлбөр нь шинжлэх ухааны судалгаанд үндэслэнэ. Мөн гишүүдийн улс төрийн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.

-Намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх ёстой гэдгийг тайлбарлахгүй юу?

-Намууд эрх барих дээд хурлаа хийдэг, гишүүдийн саналыг сонсдог, намын үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийг тэгш оролцуулдаг, намын дарга удирдлагууд тогтоосон хугацаанд тайлангаа тавьж, хурлаа хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад бүртгэгдсэн зарим намууд их хурлаа хийгээгүй, дарга нь үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, эсвэл нэг компани байгуулаад, тухайн компанийн хэмжээнд үйл явуулдаг гэх мэт улс орон, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг шүүмжлэл нийгэмд байна.

-Намын санхүүжилт, хандивыг энэ хуулиар  “шилэн” болгоно гэлээ. Улс төрийн намууд энэ заалтыг хэр хүлээн зөвшөөрч байна. Тэдний саналыг сонсов уу?

-Санхүүжилтийн хувьд бүх намуудын орлого, зарлага, гишүүдийн татвар, хандив, намын үндсэн хөрөнгө гэх мэт санхүүгийн мэдээлэл бүгд ил тод болох ёстой. Нам бол тодорхой хугацааны дотор тайлангаа тавьж, тухайн тайланг аудитын байгууллага, сонгуулийн байгууллага олон нийтэд мэдээлнэ.

Хэрэвзээ нам тодорхой хэмжээнд санхүүгийн алдаатай тайлан мэдээлсэн, эсвэл хуулиар хориглосон этгээдээс мөнгө, хандив авсан тохиолдолд намд үүрэг хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, олон улсын жишгээр санхүүжилтээ буруу мэдээлсэн тохиолдолд тухайн намд олгож буй төсвийн санхүүжилтийг хязгаарладаг, удаа дараа давтагдвал санхүүжилтийг зогсоодог. Канад зэрэг улс орнууд санхүүгийн тайлантай холбоотой тухайн улс төрийн намын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд статусыг бууруулах хэмжээнд арга хэмжээ авдаг. Иймэрхүү байдлаар хариуцлагыг ил тод болгох ёстой.

Улс төрийн намын тухай хууль улс төрийн намуудын зөвшилцөл шаардсан өргөн хүрээний чухал асуудал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг өргөн барихаас өмнө намуудын саналыг авч, намуудын нэгдсэн байр суурийг нэгтгэж, төслийг шинээр гаргана. Намуудын хувьд бүгд үндсэн үзэл баримтлалтай санаа нэг байна. Өнөөдрийн намын тогтолцоо ардчиллын, олон улсын стандартыг хангахгүй байна. Иргэд намуудад итгэх итгэл доогуур байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Сонгуулийн өрсөлдөөн тэгш бус, сонгуульд хөрөнгө мөнгөний нөлөө их байна. Тиймээс цаашид сонгуулийг эрүүл байлгах, тэгш өрсөлдөөн бий болгохын тулд намд орж буй хандив, санхүүжилтийг ил тод болгох тал дээр намууд санал нэгтэй байна.

-Сонгуульд нөлөө бүхий мөнгөтэй хүн санал худалдан авч “дээшээ” гараад, дараа нь зардлаа улсын төсвөөс нөхдөг гэдэг шүүмжлэл нийгэмд байдаг. Энэ хууль батлагдсанаар сонгуулийг луйварддаг, мөнгөтэй нь сонгогддог  байдал цэгцрэх болов уу. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь шинэ хуулиар улс төрийн нам нэр дэвшигчдээсээ элдэв төрлийн дэнчин хандив авахыг хориглох ёстой. Ингэж байж тухайн намаас нэр дэвших хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг хязгаарлах болно. Мөн нам сонгуулийн зардлыг багасгах ёстой. Намын сонгуулийн зардал асар өндөр байгаа нь өнөөдөр намууд аль нэг компани, эсвэл мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд орох байдлыг үүсгэж байна. Тиймээс улс төрийн намын тухай хууль болон түүнийг даган гарах хуулиар сонгуулийн зардлыг бууруулж, маш бага зардлаар сонгуулийг тэгш өрсөлдөөнтэйгөөр зохион байгуулдаг олон улсын хэв маягийг нэвтрүүлэх ёстой. Үүнд намууд санал нэгдээд явах байх.

ЭХЛЭЭД БИД НАМЫН ТОГТОЛЦООНЫ МЕХАНИЗМЫГ БАТЛААД, ДАРАА НЬ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО РУУ ОРОХ НЬ ЗӨВ 

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Гурван парламент дамжсан шинэ хуулийн төсөл хэдийгээр батлагдах төлөвтэй байна вэ?

-Ерөнхийлөгчийн захирамжаар Я.Содбаатар даргатай ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсэгт миний бие болон УИХ-д суудалтай, суудалгүй намуудын болон эрдэмтдийн төлөөлөл орж ажиллаж байна. Хуулийн төслийг хаврын чуулганаас өмнө намуудад удаа дараа хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь сонсч, төслийг боловсруулж дуусмагц хаврын чуулганаар хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барина. Ер нь цаг хугацааны хувьд уг хуулийг хаврын чуулганаар батлах шаардлагатай. Үүний дараа Сонгуулийн тухай хууль орж ирэх учраас эхлээд бид намын тогтолцооны механизмыг батлаад, дараа нь сонгуулийн тогтолцоо руу орох нь зөв болов уу гэж бодож байна.

-Намын хандивын асуудлыг хэрхэх вэ. Хандивыг “шилэн” болгож чадах уу?

-Хандивын тухайд олон улсын жишгээр, хандив өгөх ёстой этгээд, улс төрийн намд хандив өгөх ёсгүй этгээд гэж ялган зааглах ёстой. Тухайлбал, олон улсын байгууллага, гадаадын иргэн, шүүхээр ногдуулсан албан татвар, бусад өр зээлтэй этгээдүүд, төрийн тендер буюу худалдан авах үйл ажиллагаанд оролцсон компани аж ахуйн нэгжүүд намд хандив өгөх ёсгүй. Мөн эх үүсвэр, нэр хаяг нь тодорхойгүй хандив хүлээж авах ёсгүй.

Хандивыг нарийн зааглаж өгөхгүй бол хандив нэрээр мөнгө угаах байдал гарч болзошгүй. Тодорхой компани, хувь хүмүүс улс төрийн намд өгсөн хандиваар дамжуулж төрийн бодлогод нөлөөлөх, шахалт үзүүлэх байдал гардаг. Тиймээс хандивыг маш сайн зохицуулж, дээд хэмжээг зааж өгч, хандив өгөх ёсгүй этгээдүүдийг нарийн дурдах ёстой гэж бодож байна.

-Монгол Улсад өнөөдөр 35 нам бүртгэлтэй байна. Нийгмийн зүгээс намуудын тоо, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Энэ хууль батлагдсанаар намд хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөх үү?

-Намуудыг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, улс орны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлддөг, иргэдийн нийтлэг улс төрийн сонирхлыг хамгаалдаг, улс орны хөгжлийн бодлогод өрсөлдөхийн тулд сонгуульд тогтмол оролцдог байх зэрэг үүрэг хүлээлгэх ёстой. Өнөөдөр байгаа хуулиар улс төрийн намд ямар нэгэн үүрэг, хариуцлага ногдуулдаггүй. Энэ байдлыг бид өөрчилж, намууд нийгмийн өмнө хүлээх хариуцлага байж гэмээнэ намд итгэх иргэдийн итгэл сайжирна. Тэгэхгүйгээр иргэд “Их олон нам байна. Монголд олон нам байх хэрэггүй” гэх мэт үгүйсгэх хандлага нийгэмд түгээмэл байна. Гэтэл парламентын засаглалтай улс орнуудад улс төрийн нам бодлого боловсруулах гол институц байдаг. Тиймээс бид хүссэн хүсээгүй намтай байна. Намаа төлөвшүүлж, сайжруулах ёстой. Намуудыг аль болох институцийн хувьд бэхжүүлж, нийгэмд үүрэг хүлээдэг, санхүүжилт нь ил тод байдаг хариуцлагатай байдлыг, эрх зүйн орчныг энэ хуулиар бий болгох ёстой.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Таны хувьд охидын ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохыг хуульчлах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж, багагүй шүүмжлэл дагуулсан. Одоо энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-УИХ-ын эмэгтэй гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг, миний бие нэгдэн, охидын сурч боловсрох эрхийг хангах, охидын нөхөн үржихүйн эрхийг дэмжих үүднээс тодорхой зорилтот бүлгүүдийн хүүхдүүдэд ариун цэврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой гэдэг санаачлага гаргаад явж байна. Бид хэд хэдэн хувилбарыг тооцож үзсэн. Тухайлбал, 12-18 насны охидод ариун цэврийн хэрэгсэл олгох уу, эсвэл зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох уу гэдэг дээр судалгаа хийгдэж байна. Энэ судалгааны үр дүнгээр дотуур байранд амьдардаг хүүхдүүд, гэр хорооллын сургуулиуд, зорилтот бүлгийн буюу өрхийн орлого доогуур айл өрхийн хүүхдэд ариун цэврийн хэрэгслийг охидод үнэгүй олгох нь зөв юм гэдэг шийдэлд хүрсэн. Энэ асуудал зөвхөн ариун цэврийн хэрэгсэл төдийгүй тухайн хүүхдийн сурч боловсрох, нийгэмд өөрийгөө илэрхийлэх, дээрэлхэлт гадуурхалтад өртөхгүй байх зэрэг олон эрхийг хөндөж буй асуудал учраас олон улсын зүгээс томоохон хөдөлгөөн өрнөдөг. Энэ асуудлаар дэмжин ажиллая гэж НҮБ-ын Хүн амын сан, сайн дурын хүүхэд залуус, эцэг эхчүүд хандсан байгаа. Бид эхний ээлжид нэг аймаг, дүүргийн жишээнд ажлаа эхлүүлнэ. Тэгээд тухайн ажил үр дүнтэй байвал цаашид зорилтот бүлгийн хүүхдүүдэд өргөжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж