Паралимпид Америкийг төлөөлж буй монгол бүсгүй "Оюуна"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Паралимпид Америкийг төлөөлж буй монгол бүсгүй "Оюуна"

Паралимпид Америкийг төлөөлж буй монгол бүсгүй "Оюуна"

АНУ-ын паралимпийн кёрлингийн багт "Оюуна" буюу У.Бат-Оюун хэмээх монгол бүсгүй багтаж буй. Өдгөө 48 настай, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр энэ хүртэл ирэх гэж амаргүй зам туулжээ. Кёрлинг ялангуяа тэргэнцэртэй кёрлингт оновч гэдэг чухал. Учир нь анхнаасаа маш нарийн төлөвлөж, үйлдлээ хийх ёстой бөгөөд энгийн кёрлинг шиг дундаас нь замаа засч, чиглүүлэх боломжгүй.

У.Бат-Оюуны холимог баг одоогийн байдлаар гурав тоглон нэг ялагдаж, хоёр ялсан үзүүлэлттэй байна.

1973 онд мэндэлсэн тэрбээр багаасаа барууны орон руу тэр дундаа АНУ руу аялж үзэхийг хүсдэг байжээ. 1980 оны хүйтэн дайны үед Монгол тэргүүтэй социалист орнуудын иргэд АНУ-ын виз авна гэдэг басхүү аз сорьсон, өндөр шалгууртай хэрэг байв. У.Бат-Оюун “Чи тийшээ очиж чадахгүй ээ гэх тусам тийшээ очихыг хүсдэг байлаа. Америк явж сураад ирсэн хүн бүр л энэ орны талаар ярьж, сэтгэлийг минь улам хөдөлгөдөг байсан” гэв.

Монголд ардчилал гарч, элдэв хориг, хязгаарлалт суларсны дараа 2000 оны үед түүнд Америк явах боломж олджээ. Харамсалтай нь, Миннесотад найзындаа зочилж байх үеэрээ автомашины осолд орж, бэлхүүснээсээ доошоо саажилттай болсон аж. Энэ үед У.Бат-Оюун 27 настай, түүний хүү таван настай байсан гэнэ. Амьдрал нь тэр чигтээ орвонгоороо эргэв.

У.Бат-Оюун Монголд энгийн л амьдралтай хэлмэрч байжээ.

Тэрбээр осолд орсон талаараа эргэн дурсахдаа “Эхлээд би амьдрахыг үнэхээр хүсч байна уу гэж бодсон. Үүнийхээ хариултыг олсны дараа өөрт байгаа зүйл дээрээ тулгуурлан амьдралаа босгохоор шийдсэн” гэжээ. Ийнхүү У.Бат-Оюун Миннесота үлдэхээр шийдэж, Сэйнт Томасын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн туслахаар ажилд орж, удалгүй цагаачлалын асуудал хариуцсан өмгөөлөгчийн тусламжтайгаар хүүгээ АНУ-д авчирсан аж. Мөн тэрбээр ээж дээрээ байсан нагац дүүгээ өргөн авч, өөр дээрээ авчирсан аж. Ээж, хүү найман жилийн дараа Миннесотад уулзсан бол өргөж авсан нагац дүү нь үүнээс хоёр жилийн дараа эрх чөлөөний оронд иржээ.

Хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж ихэнх цагаа ажилдаа зориулж, амьжиргаагаа залгуулахаар зүтгэдэг байж. Харин найз нь Сент-Пол дахь Цирк Жувентус хэмээх спорт заалны ахлах дасгалжуулагч болсноор түүний хувьд кёрлингийн спорттой холбогдох эхлэл  нь тавигдсан түүхтэй. Тэрбээр энэ талаараа ярихдаа “Adaptive circus program" хөгжилтэй байсан учир би улам идэвхтэй хичээллэж, суралцаж эхэлсэн. Хүмүүстэй бэлтгэл хамтран бэлтгэл хийж, хөдөлгөөний эвсэлтэй болсон” гэв.

Эцэст нь У.Бат-Оюун 2018 онд кёрлингийн шигшээ багт дуудагдаж, 2021 оны дөрөвдүгээр сард анхны олон улсын тэмцээндээ оролцжээ. Үүнээс зургаан сарын дараа 2021 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж, Бээжингийн паралимпийг зорих эрхээ авсан аж.

У.Бат-Оюун 2008 онд Америкийн иргэншил авсан.

Түүний "teamusa.org" сайтад өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэе.

У.Бат-Оюун:

-Надад тохиолдсон зүйлийг би 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Бид бүгд хувь тавилантай гэдэгт би итгэдэг. Нэг цаг хугацаанд хоёр өөр замналаар явж болохгүй шүү дээ. Хэрэв би осолд ороогүй бол энэ улсад үлдэж, одоо эх орон минь гэж нэрлээд буй энэ сайхан орны иргэн болохгүй байсан. Мөн паралимпийн тамирчин болохгүй байлаа. Олимпийн дэвжээ ямар байхыг мэдэж байна. Тиймээс ч бид медаль авахаар зорьж байна. Багийнхан минь надад урам зориг өгдөг. Багт байгаа хоёр эмэгтэйн нэгийн хувьд Пам Уилсоныг харж, үлгэр дуурайлал авдаг. Би түүнийг биширдэг. Тэр өөрөө анагаахын сургуульд сурч, эмч болсон. Түүнээс урам авахгүй байхын аргагүй. Би түүний насан дээр түүн шиг байхыг хүсч байна. Би өөрийгөө бусдаас ялгаатай гэж хардаггүй ээ. Бид бүгдэд л асуудал бий. Хүн бүр үүнийгээ давж гарахын төлөө тэмцдэг. Би энэ спортоор хичээллээд ердөө зургаахан жил болж байна. Одоо үүнийгээ болих цаг биш ээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж