Сар хүрэхгүй хугацааны өмнө дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал хэвийн байсан ч өнөөдөр ОХУ, Украинд дайны ажиллагаа явуулж эхэлснээс үүдсэн улс төр, эдийн засгийн хямрал, хориг тавигдаж эхлэв. Үүнээс үүдэж, дэлхийн зах зээл дээр нүүрс, газрын тосны үнэ нэмэгдэж, энэ хэрээр Монголын эдийн засагт ч нөлөөлөл үзүүлэх нь тодорхой.
АНУ болон Европын холбооны улс орнууд ОХУ-ын дайны үйл ажиллагааг эсэргүүцэж, эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Ялангуяа томоохон бизнесүүд ОХУ-аас гарч байгаагаа зарлаж, ОХУ-ын банкуудад хориг арга хэмжээ авч эхэлсэн гээд үндсэндээ ОХУ “буланд шахагдаж” эхэллээ.
Нэг хүний дарангуйлал, нэг хүний эрх ашгийн төлөө дайтаж буй ОХУ-ын удирдагчийг ард иргэд нь өнөөдөр ч эсэргүүцсээр байна. Энэ улс төрийн үймээний хохирлыг ОХУ-ын жирийн иргэд амсч буй бөгөөд эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Гэвч тэд дайныг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагдаж, эрх чөлөөгөө хасуулсаар буй эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр байна.
XXI зуунд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, ардчиллын төлөөх уриатай улс орнуудын хувьд нэг нам, хүний дарангуйлал юунд хүргэж, түүнийх нь золиос зөвхөн жирийн ард иргэд байдаг гэдгийг харуулсан ОХУ, Украnны дайны нөхцөл байдал цаашид хэрхэх вэ гэдгийг дэлхий нүд цавчилгүй харж сууна. Ялангуяа ардчилсан, ардчиллыг дэмжигч улс орнуудын хувьд энэ үйл явдал цаашид улс орнууд хаашаа явах, дарангуйллын эсрэг нэгдэх ёстойг сануулж байгааг олон улсын судлаачид дүгнэж, ярьсаар байна.
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Ардчилсан нам Их хурлаа хийв. Хоёр талдаа талцаж байсан Ардчилсан намынхан нэгдэж, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө нэгдэх ёстойг зарлаж, Ардчилсан намын алтан хараацайнууд ч энэ хуралд ирж, үгээ хэлэв. Монгол Улс ардчилсан, парламентын засаглалтай улс. Ардчилсан улсын иргэн бүр үгээ чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг эдэлдэг учраас энэ үнэт зүйлийн дор нэгдсэн Ардчилсан нам эвтэй, хүчтэй байх ёстойг энэ хурлаар сануулав.
Нэг намын, нэг хүний дарангуйлалд улс орон яаж сүйрч болдгийг ОХУ харуулж байгааг судлаачид хэлж буй. Тиймээс энэ цаг үед Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх, хүчтэй байж ардчиллын үнэт зүйлийг хамгаалах ёстойг ч хуралд оролцогчид онцолж хэлсэн юм.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ:
-Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулж, устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдье. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж, үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.
Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож, энхийн замаар шийдэх хэрэгтэй. Би төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ Монгол Улс төвийг сахих талаар санаачлага гаргаж, аюулгүйн зөвлөл тэр шийдвэрийг дэмжиж, УИХ-д мэдээлэл хийж байсан. Манайхан төвийг сахина гэхээр ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог. Энэ бол маш буруу.
Монгол Улсын хувьд хоёр том хөрштэй учраас энхийг эрхэмлэх нь чухал. Төвийг сахина гэдэг өөрийн толгойтой байна гэсэн үг. Тэр шийдвэрийг бүгд дагаж, хүндэтгэдэг. Нэг үгээр хэлбэл, "Монгол Улс төвийг сахина. Асуудал энхийн журмаар шийдэгдэх ёстой. Тиймээс манай нутаг дэвсгэр дээгүүр цэрэг явахгүй гэвэл энэ манай улсын байр суурь. Монголын хувьд төвийг сахих нь Орос, Хятад, АНУ-д толгойгоо мэдүүлэхгүй, өөрийн толгойтой байна гэсэн үг. Төвийг сахисан оронд аюул тулгарвал улс бүр хамгаална. Монголыг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй, төвийг сахисан улс гэдэг утгаар нь хамгаална. Төвийг сахисан гэдэг үгийн хажууд энхийг эрхэмлэсэн орон гэдэг үг байнга хамт явдаг.
Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:
-Бидэнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэд дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж, шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь, хүний эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ. Энэ бол АН-ын үнэт зүйл.
Бид эрх баригчдын замбараагүй, эрээ цээргүй үйлдлийг таслан зогсоох цаг болсон. Өнөөдөр улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүнийг надаар хэлүүлэлтгүй монгол түмэн мэднэ. Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй байх ёстой. Эрх баригчидтай тэмцэж, хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, АН. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсч байна.
Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:
-1990 оны ардчилсан хувьсгалыг эргэн санахад бид тэрхүү айдсаа давж гарсан. Энэ айдас бол Монголын нийгэмд гүн шигээстэй байгаа. Олон мундаг хүнээ хэлмэгдүүлсэн ч 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар айдсаа дарж, эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцсэн. Украины асуудлаас болж нийгэм айдсаараа, нөгөө хэсэг үнэт зүйлсээрээ хуваагдаж байна. Оросоос Украин руу дайрч байгаа нь нэг өдрийнх биш ээ. Их урт хугацаанд могойн үр бойжиж байсан. Өнөөдөр түрэмгийлэл үйлдэж байгаа Путины дотор Сталин, Гитлер бий. Өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгах бодол түүний дотор бий.
Ер нь дарангуйлагч бий болсон цагт амьдрал сайхан байхгүй нь тодорхой. Дарангуйлагч бий болоход түүнийг тахин шүтдэг ард түмэн нөлөөлдөг. Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байна. Гэвч тэдгээр хүмүүст 15 жилийн хорих ял оноохоор хууль баталж байна. Үүнээс харахад дарангуйлал тогтсон болохыг тод харуулж байна. Тиймээс Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс дайныг хатуу эсэргүүцэх ёстой. Барууныхан цэргийн машиныг түргэн зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байна. Энэ аргаа хэмжээ Орос, Монголын аль аль талд хүнд тусна. Дайныг хурдан зогсоохын тулд АН үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дуугай суух нь бүр аюултай.
АН-ын дарга асан Д.ГАНБОЛД:
-Дайны тухай ярихад их хэцүү. 1990 онд биднийг ардчилал хийгээд явж байхад Кувейт рүү Ирак дайрсныг санаж байгаа байх. Одоо ч гэсэн маш олон газар том, жижиг дайнууд явсаар байна. Гэтэл өнөөдрийн хувьд монголчуудын нэлээд хэсэг нь амьдарч, нөхөрлөж байсан хүмүүсийн нутаг дээр дайн болоод ирэхээр зарим хүмүүс уйлж байна. Гэхдээ ихэнх монголчууд бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй учраас Украинд болж байгаа дайныг их хол гэж бодоод байх шиг.
Хэдийгээр 10 дахь өдрөө энэ дайн явж байгаа ч хэдхэн хоногийн өмнө Путин цөмийн зэвсгээ бүрэн бэлэн байдалд оруулах тушаал өгсөн, хоёр өдрийн өмнө Украины атомын цахилгаан станц руу гал нээж, түймэр гарсан. Сум туссан, гал гарсан, хэн нэгний хорлон сүйтгэх санаатай үйлдлээс үүдэж цөмийн зэвсэг дэлбэрвэл ямар том аюул ирэх бол. ОХУ-тай холбоотой ямар ч асуудлыг ярихад монголчуудад төвөгтэй байдаг. XXI зуун, хүмүүсийн соёл, үнэт зүйл, ойлголтууд нэг болсон, үндэс угсаа хүртэл тийм эмзэг асуудал биш болсон ийм цаг үед ОХУ энэ дайныг эхлүүлж байгаад сэтгэл зовниж байна.
Дайн л битгий болоосой гэж байсан бидний хувьд ойр дотно харилцаатай байсан улс орнууд хоорондоо байлдаад эхэлж байгаад санаа зовниж байна. Дайн эхлээд 10 хонож, үхэж байгаа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчилсан үзэлтэй улс орнууд л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дэмжсэнийг бид харсан. Бүх дэлхий энэ удаад нэг талд гарлаа. Үүнийг л зөв ойлгох хэрэгтэй. Би Монгол Улсынхаа төлөө санаа зовниж байна. Бүх дэлхийгээр тулгаж байгаа хориг арга хэмжээнүүд ОХУ-ыг маш хүнд байдалд оруулна. Энэ хүнд байдал монголчуудыг тойрч гарахгүй. Нэг хөршийг дагаад давхар уналтад орох ийм үе ирж байна.
Ардчиллын төлөө үүссэн, ардчиллын төлөө явж ирсэн, манай нам санаа зовж байгаагаа илэрхийлэх ёстой. Бид хоёр хөршдөө өөрийнхөө бодлыг тулгадаггүй, үзэл бодлын хувьд зөрүү байсан ч бид ардчиллын зарчмаар ярилцаж, ойлголцсоор ирсэн. Том, жижиг ямар ч улс аливаа нэг асуудлаар маргаан үүсгэсэн ч энхийн замаар, дайнд хүргэхгүйгээр шийдэх ёстой. Энэ бол XXI зууны соёл. Ардчилал гэдгийг зүгээр хоосон үг гэж бодмооргүй байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, бодол саналаа илэрхийлэх эрх чөлөө, өөр үзэлтэй нэгнээ дайсан гэж үздэггүй байх ёстой.
Санал нийлэхгүй, маргалдаж, хатуу үг хэлж болно, амыг нь таглаж, алж устгаж, буудаж, шоронд хийж болохгүй. Туйлын харамсалтай нь8 сүүлийн жилүүдэд энэ байдал хойд хөршид алдагдаж байна. Сайн, муу бүх зүйл хөрш орнуудаас орж ирэх нь тодорхой. Тиймээс Монгол Улс дотроо, иргэд, ялангуяа Ардчилсан намын гишүүд үнэт зүйлстээ үнэнч байх ёстой. Тиймээс хүнд хэцүү, эдийн засгийн ийм хүнд сорилттой энэ үед үзэл санаандаа үнэнч байж чадвал намынхаа дотор үүссэн хагарал, задрал, маргаантай асуудлыг зөв шийдэж чадна.