ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхантай цар тахлын тархалтын талаар ярилцлаа.
-Цагаан сарын баярын дараа хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд хоногт халдварын тохиолдлын тоо 50-60 мянгад хүрнэ гэж ЭМЯ анхааруулж байсан. Гэвч эсрэгээрээ халдварын тоо буурч эхэллээ. Шалтгаан нь юу байв. Эсвэл эрдэмтэд алдаж тооцов уу?
-ХӨСҮТ-өөс гаргаж буй долоо хоногийн тойм статистик мэдээлэл бий. Үүнд долоо хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо, PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь, хүндрэлийн зэрэг, нас баралтын индекс гэх мэт хэд хэдэн шалгуураар тархалт, эх уурхай, хүндрэл гэдэг үзүүлэлтийг гаргадаг. Одоо энэ бүх үзүүлэлт тогтвортой буурч байгаа учраас омикроны давалгаа дуусч байна гэж ойлгож болно.
Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлсэн. Бид таван тохиолдлоос дээш кластерыг бүртгэдэг. Энэ кластерт цэцэрлэг, сургуулийн халдвар бүртгэгдсэн. Гэхдээ их биш.
Бид тандалт, хариу арга хэмжээ авахдаа тухайн ангид хүүхэд өвдвөл гэрт нь тусгаарлаж, цахимаар хичээллэх боломж олгож байна. Нийт дүнгээрээ харахад бид дархлаажуулалтын хувь өндөр байгаа учраас тархалт буурч байна.
-Иргэд цар тахлыг тоохоо больсон байна. Халдварын тохиолдол ч буурлаа. Одоо амны хаалтаа тайлчихвал яасан юм бэ?
-Иргэдийн хувьд тайвшрах цаг болоогүй. Зарим өдөр 500-гаас доош тохиолдол бүртгэгдэж байгаа нь омикроны халдвар бидний дунд байна гэсэн үг. Мэргэжлийн байгууллагууд бүх эрсдэлээ тооцоолж, цар тахлын шинэ хувилбарын эсрэг хариу арга хэмжээ авах нөөцтэй гэдэг үндэслэлээр хязгаарлалтыг цуцалсан. Тэглээ гээд хувь хүн амны хаалтаа тогтмол зүүж, аль болох олон нийтийн газраар шаардлагагүй бол очихгүй байх шаардлагатай.
Одоо сүргийн дархлаа тогтсон гэж ойлгож болно. Яагаад гэвэл бусад улс орнуудад омикроны давалгаа дельтагийн давалгаанаас 4-5 дахин өндөр байсан. Тэгвэл Монголд омикроны давалгаа дельтагийнхаас өндөргүй байна. Энэ нь вакцинжуулалтын үр нөлөө. Мөн Номхон далайн баруун эргийн бүс нутгийн орнууд дундаа харьцуулахад Монгол Улсын хувьд нас баралтын индексээр 4-5 дахин бага байна. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад 6-7 дахин бага. Энэ үзүүлэлтээс харахад эмнэлгийн тусламж, үйлчилгээ оновчтой байж, сүргийн дархлаа вакцинжуулалтын хувь өндөр, нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ оновчтой байна гэсэн үг.
-ХӨСҮТ-д цар тахлын гурван том судалгаа хийж байгаа талаар өмнө нь хэлсэн. Судалгааны үр дүн гарсан уу?
-Монголд цар тахалтай холбоотой 90 гаруй судалгаа хэрэгжиж байна. Оны өмнө Эрүүл мэндийн яамнаас 90 судалгааны явцын тайланг хэвлэж, товхимол болгон гаргасан. Мөн УИХ, Нийгмийн бодлогын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс зэрэг холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлсэн. Салбар яамнаас судалгаа хийсэн байгууллагын вэб сайтуудаар дамжуулан судалгааны үр дүнг хүргэж, иргэдэд постор хэлбэрээр хүргэдэг.
-Эрдэмтэд цар тахлын дараагийн давалгаа ирэх намраас эхэлнэ гэж байна. Энэ хэр бодитой судалгаа вэ?
-Цар тахлын вирус олон удаа хувирч, мутацлагдаж байна. Монголд Уханиас гаралтай цар тахлын анхны вирусийн хувилбар, альпа, дельта, омикрон хувилбар тодорхойлогдохоос гадна гамма гэдэг хувилбар цөөн тоогоор тандалтаар илэрсэн. Омикроны дараа дэд хэв шинжүүд буюу ВА1 ВА2 гэдэг хувилбар болон Мю гэдэг хувилбар яригдаж байна. Вирусийн хувилбар болгоноос хамаарч, халдварлах хугацаа, хүндрэлийн зэргүүд нь өөр өөр байдаг. Тэгэхээр энэ хувилбаруудыг бид тодорхойлсноор тухайн вирусээр үүсгэж буй тохиолдлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээ нь өөр өөр байна.
-Омикроны давалгаа дууссаны дараа ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох лаборатори нээлтээ хийсэн. Үүнээс өмнө ийм лабораторитай болж болоогүй юм уу?
-Тухайн үүсгэгч генийг нэг бүрчлэн тодорхойлж, ийм хувилбараар үүсгэгдсэн гэдгийг тодорхойлдог лаборатори юм. Бид NGS технологи гэж ярьдаг. Энэ технологийг Монголд нутагшуулсан лаборатори саяхан ХӨСҮТ-д нээлтээ хийлээ. Гэхдээ энэ нээлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд буюу 11 сард ашиглалтад орж, сүүлийн зургаан сар туршилт судалгаа шинжилгээ тандалт хийж байсан. Хүн амын дунд дельта, омикроны хувилбарыг илрүүлж, хүн амын хэдэн хувьд тархсаныг судалсан.
Уг лабораторийг ДЭМБ, Австралийн засгийн газрын дэмжлэгтэйгээр 400 гаруй мянган ам.долларын өртгөөр нутагшуулж буй.
Нэг шинжилгээ хийх өртөг өндөр бөгөөд PCR шинжилгээгээр халдвар авсан эсэхийг шинжилдэг. Харин генийн дараалал тогтоох лабораторид цар тахлын халдварын ямар төрлийн вирусээр өвчилсөн бэ гэдгийг тогтоодог. Энгийн шинжилгээнээс нарийн, өндөр өртөгтэй бөгөөд 13 төрлийн туршилтын үр дүнд гардаг. Лабораторийн датаг боловсруулдаг нүсэр ажиллагаатай.
-ХӨСҮТ-д омикрон хувилбарыг 10-14 хоногт шинжилж байгаа бол зарим хувийн лабораторид нэг цагийн дотор хариу гаргаж байна. Ийм байх боломжтой юм уу?
-Үүсгэгчийг илрүүлэх маш олон төрлийн арга бий. Тухайлбал, иргэд түргэвчилсэн оношлуураар 15-30 минутад, PCR шинжилгээгээр 24 цагийн дотор хариугаа авч байгаа бол генийн дараалал тогтоох лабораторид 10-14 хоногийн дараа хариу гарна.
Тэгэхээр хэрэглэж байгаа арга технологиосоо хамаараад хугацаа, зардал, хүний нөөц нь харилцан адилгүй. Энэ шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-д хийж байна.
-Гадаад явах шаардлагатай иргэд халдвар авч, эдгэрсний дараа PCR шинжилгээ өгөхөөр хариу нь эерэг гардаг. Үүнээс болж визний асуудал үүсч байгааг иргэд хэлж байна. ХӨСҮТ дээр гадаадаас ирж буй болон явах гэж байгаа иргэд шинжилгээ өгч байгаа шүү дээ?
-Гадаад руу явж байгаа, гадаадаас ирж буй иргэдэд хэлэхэд олон улсад барьж байгаа дүрэм журам бий. Өөрөөр хэлбэл, хүлээн авч байгаа улс орнууд ямар дүрэм барьж байна тэрийг бид дагахаас өөр сонголт алга. Монголын иргэд БНСУ, Япон, Хятад, Тайвань зэрэг улс орнууд хилийн тандалтад өндөр шалгуур тавьж байгаа бол Европоос Герман, АНУ өндөр шалгуур харилцан адилгүй байна.
Очиж байгаа иргэдээс шинжилгээгээр баталгаажсан хариу шаардаж байгаа бол Монгол Улс эсрэгээрээ хоёрдугаар сарын 14-нөөс хилийн тандалтад ямар нэгэн шинжилгээ авахгүй болж, хилээ бүрэн нээсэн.
ХӨСҮТ гадаад руу явж байгаа иргэдийн шинжилгээг авч, 24 цагийн дотор хариуг нь гаргаж байна. Аль ч хувилбарын дараа шинжилгээ сөргөлөх хугацааг ДЭМБ 90 хүртэлх хугацаа гэж томъёолсон байдаг. Энэ тохиолдолд очих гэж байгаа улс орны дүрэм журамтай нийцүүлэхээс өөр аргагүй.