Европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс татгалзаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс татгалзаж чадах уу?

Европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс татгалзаж чадах уу?

Өнгөрсөн Пүрэв гаригт Орос болон Украины төлөөлөгчид дайны үеэр хүмүүнлэгийн коридор гарган хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг аюулгүй орчинд байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь Беларусийн газар нутагт болсон хэлэлцээрийн үр дүн байлаа. Мөн тус Пүрэв гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзах хүсэлт гаргаж, санал зөрөлдсөн асуудлуудаа нэг тийш цэгцлэхийг уриалав. Гэвч Москвагийн тал "Киев барууны тусламжтай санаатайгаар хэлэлцээрийг зогсоох гэж оролдож байна" гэж үзсэн. Учир нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Зеленскийн хүсэлтэд Путин нэн даруй хариу өгч, төлөөлөгчдөө явуулсан ч хурлыг хойшлуулсаар байсан нь барууны явуулга гэжээ.

Мөн ОХУ-ын Гадаад тагнуулын алба (SVR)-ны захирал Сергей Нарышкин "Вашингтон биднийг Украинтай сөргөлдүүлж, харин өөрсдөө Ойрхи Дорнод, Еврази, Ази Номхон далайн бүс нутгийг аажмаар эзлэхийг оролдож байна" гэж санал бодлоо хэвлэлд мэдээлсэн байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн стратегийн үнэлгээний бүлгийн дарга Сергей Уткин ч яриа хэлэлцээг зориудаар сунгаж болохыг үгүйсгээгүй бөгөөд одоогоор эдгээр уулзалтаас ноцтой ахиц дэвшил гарна гэж найдаж болохгүйг онцлов. Гэхдээ дан ганц дайны золиос нь хоёр улсын иргэд биш юм. Түрэмгийллийн сургаар Европын холбоо болон АНУ хамтран ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Үүний нэг илрэл нь эрчим хүчний эх үүсвэр болон жижиглэнгийн худалдаа ажээ.

Европ Оростой хийсэн байгалийн хийн гэрээгээ сунгахгүй. Гэхдээ…

Орос улс Европт хий нийлүүлсээр байсан. Тэр дундаа Украинаар дамжуулан хий нийлүүлсээр байв. Гэвч геополитикийн хурцадмал байдал, Европын байгалийн хийн агуулахын нөөц бага, мөн Хойд тэнгисийн салхигүй нөхцөл зэрэг нь нэг шоо метр хийн үнэ 2 ам.доллараас давахад хүргэлээ. Үнийн өсөлт нь Оросын хийг дахин ашиглахаа зогсоож, өөр эх сурвалж олох гэсэн бодит бус төлөвлөгөө гэж ажиглагчид үзэж байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) өнгөрсөн Пүрэв гаригт Европын холбоонд “Газпром”-той шинэ гэрээ байгуулахгүй байхыг санал болгов. Үүгээр байгалийн хийн шинэ эх сурвалж хаанаас олох нь тодорхойгүй, мөн гэрээгээ шинэчлэх нь мөдгүй болжээ. Харин хурцадмал байдал намжвал гэрээгээ шинэчлэх боломж бий гэж ажиглагчид үзэж байна.Үндэсний эрчим хүчний ахлах шинжээч Станислав Митрахович хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Европын холбоо Оросын эсрэг бүрэн хориг арга хэмжээ аваагүй учир  хуучин байгуулсан гэрээт ажлууд үргэлжлэх боломжтойг илтгэж байгаа боловч шинэчлэлт хийгдэхгүй" гэж ярьснаар асуудал ил тод болжээ.

Оросын хийг Европ руу нийлүүлэх нь 2022, 2023 онд Европын эрчим хүчний хямралыг шийдвэрлэх цорын ганц шийдэл хэвээр байна гэж “Esperio” компанийн ахлах шинжээч Антон Быков үзэж, Европын агуулахын хийн нийлүүлэлт түүхэндээ байгаагүй доод төвшинд байгааг нэмж дурдав. Гэсэн хэдий ч “Финам” санхүүгийн компанийн Сергей Кауфманы хэлснээр, Европын аль ч улс “Газпром”-той урт хугацааны гэрээгээ сунгах хүсэлгүй байх магадлал бага юм.

"Одоогийн байдлаар Европын эрчим хүчний гол зорилтуудын нэг бол Оросын байгалийн хийн хараат байдлыг бууруулах явдал юм. Мэдээжийн хэрэг, үүнийг нэг дор хийх боломжгүй, гэхдээ ОУЭА экологи, эдийн засгийн өсөлтийг золиослох замаар Оросоос импортыг бууруулах боломжтой гэж үзсэн. Ойролцоогоор гуравны нэгээр, гэхдээ энэ нь нэлээд радикал хувилбар мэт санагдаж байна "гэж шинжээч хэлжээ.

Европын хэрэглэгчдэд Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс өөр арга байхгүй. Тиймээс Оросын нүүрс устөрөгчийг нийлүүлэхэд хориг арга хэмжээ авах эрсдэл нь Европын эрчим хүчний хувьд “амиа хорлолт” мэт болох болов уу. Мөн шинжээчдийн үзэж байгаачлан Украин болон ОХУ хамтдаа гуравдугаар сарын дотор тодорхой хэлэлцээрт хүрч, түрэмгийллийг зогсоовол Европын холбооноос Оросын хийн нийлүүлэлтийн хувиа өсгөх хүсэлт гарган, худалдаж авах болно.

Гадаадын томоохон худалдаачид Орос дахь үйл ажиллагаагаа зогсоов

"IKEA", "Mango", "H&M" групп зэрэг дэлхийн томоохон жижиглэн худалдааны хэд хэдэн компани Орос дахь үйл ажиллагаагаа нэгэн зэрэг түр зогсоов. Энэ нь жижиглэн худалдааны сүлжээг ихээхэн алдагдалд оруулж, Оросын худалдааны төвүүдийн 40-50 хувийг хаагдахад хүргэж болзошгүй юм. Үүнээс болж томоохон дэлгүүрийн эзэд орос, турк, хятад жижиглэнгийн худалдаачдыг шинэ түрээслэгчээр татахыг хүсэх боловч нэн даруй үр дүнгээ өгч, алдагдлаа нөхөж чадахгүй.

“Infoline-Analytics” компанийн ерөнхий захирал Михаил Бурмистров олон улсын сүлжээнүүд Оросыг орхих нь зөв санаа гэж бодсонд эргэлзэж байна. Бурмистров нь олон улсын томоохон сүлжээнүүд өөрсдийн хүслээр бус, олон нийтийн дарамтаас шалтгаалж бизнесийнхээ томоохон ашиг орлого болсон улсыг орхих болсон гэж үзэв.

Гэхдээ нөгөөтэйгүүр "Ванчугов ба Партнерс" компанийн менежер Алексей Ванчугов хэлэхдээ, томоохон жижиглэнгийн худалдаачид бүрмөсөн дэлгүүрээ орхиж буй нь түрээсийн торгууль, ажилтнуудын төлбөрөөс үүдэлтэй санхүүгийн ноцтой алдагдалтай холбоотой гэжээ.

Мөн сүлжээ дэлгүүрүүд, групп жижиглэн салбарууд хаагдахтай нэгэн адил Оросын кино үзвэрийн салбар дахин нөхөж боломгүй алдагдалд орох юм. Аль ч улс АНУ-ын хийсэн ямар ч төрлийн кинонд дуртай байдаг. Үүгээрээ Оросын кино театрууд үзэгчгүй болж, санхүүгийн хямралд унах магадлалтай.

Оросын хэрэглэгчид гадаадын цахилгаан бараа, машин авах эрхээ алдахгүй

Өмнөд Солонгос автомашин, цахилгаан бараа, цахилгаан хэрэгслийг Орост үргэлжлүүлэн нийлүүлэх болно гэж Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдэгдэв. Гэсэн хэдий ч “SAP”, “Oracle” зэрэг томоохон программ хангамж үйлдвэрлэгчид Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлав. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол аливаа импортыг орлох хамгийн тохиромжтой үе юм.

"Орос дахь "SAP" болон "Oracle"-ийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд төрийн салбар, банкууд, бизнес эрхлэгчид байдаг. Оросын зах зээлийг орхиж болзошгүй компаниуд нь хэрэглэгчдийн шинэ программ хангамжийн бүтээгдэхүүн олж авах боломжийг хааж, суулгасан программуудыг шинэчлэх, худалдан авахад асуудал үүсгэж болзошгүй юм.

Нэмж дурдахад, өгөгдөл хамгаалах, чухал дэд бүтцийн салбарт эрсдэл өсөх магадлалтай" гэж “Otechestvenny Soft” компанийн гүйцэтгэх захирал Ренат Лашин тайлбарлав. “Otechestvenny Soft” бол Оросын хуулбарлах программ хангамжийн дотоодын үйлдвэрлэгчдийн хамгийн нөлөө бүхий холбоо юм.

Тус холбоо эдийн засгийн хоригийн үеэр дотоод үйлдвэрлэлээ өсгөх томоохон зорилт тавьжээ. Мөн Оростой хамтрах хүсэлтэй гаднын орнуудаас туслалцаа авч, дижитал нийгэмлэг, электрон хэрэглэлийн нөөц бий болгох аж. Тус холбоо нь 2014 оноос хойш нөхцөл байдалд тулгуурлан Оросын хэрэгцээг хангах арвин их туршлага хуримтлуулсан гэж гүйцэтгэх захирал Лашин хэвлэлд ярьсан байна.

Эх сурвалж: KOMMERSANT,  NEZAVISIMAYA GAZETA, ROSSIYSKAYA GAZETA, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж