Асар том бие, ер бусын сэвсгэр үснийхээ ачаар дэлхийн хэмжээний од болоод буй муурыг Ричи гэдэг. Маш их үстэй учраас эзэн Адриана нь байнга үсийг нь засуулдаг гэнэ.
Энэхүү муур нь “Maine coon” үүлдрийнх юм. Энэ нь гэрийн тэжээвэр муурны хамгийн том үүлдэр бөгөөд АНУ-ын Мэн мужаас гаралтай ажээ. Францын хатан хаан Мари Антуанеттад зориулсан Сибирийн муурыг зөөвөрлөсөн хөлөг онгоц АНУ-д ирсний дараа уг үүлдэр үүссэн гэх яриа ч байдаг байна.
“Maine coon” үүлдрийн муурнууд нь дор хаяж есөн кг жинтэй, насанд хүрэхээрээ нэг метр хүртэл өндөртэй болдог.
Францын иргэн Адриана Covid-19 цар тахлын эхэн үед Ричиг худалдаж авсан бөгөөд зургийг нь олон нийтийн сүлжээнд хуваалцсанаар маш их хандалт авчээ. Өдгөө Ричи муур инстаграм дээр 125 мянга гаруй дагагчтай. Хамгийн анх инстаграмд бичлэгийг нь оруултал нэг сая гаруй хүн үзсэн байна.
“Дэлхийн хэмжээний амжилт тогтоосон ч гэсэн миний гол зорилго бол муураа сайн асарч халамжлах юм. Энэ үүлдрийн мууранд маш их цаг хугацаа, анхаарал шаардагддаг. Тэр үнэхээр найрсаг зантай, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Гэхдээ заримдаа түүний том биенээс хүмүүс айх нь бий” гэж эзэн Адриана нь хэлжээ.
Ричи тоглох маш дуртай бөгөөд өөрийн гэсэн тоглоомын өрөөтэй гэнэ. Мөн маш их унтаж, амрахыг хүссэн үедээ өрөөндөө өөрийгөө тусгаарладаг ажээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ