"МАНАЙ ТӨЛБӨР ТООЦОО ЗОГСЧ БОЛЗОШГҮЙ"

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар Даваа гаригт /2022.02.28/ мэдээлэл хийсэн.


Энэ үеэр ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр "Монгол Улс  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон.

Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлтэй. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефттэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэсэн мэдэгдэл явж байгаа учраас манай улсын хувьд гарц гаргалгаа байх боломжтой гэж харж байна. Өнөөдөр үдээс хойш болох Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлуудыг нарийн ярьж дараагийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй байна. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж харж байна" гэв.

"ГХЯ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ОЮУТНУУДЫГ ТООХГҮЙ БАЙНА"

Украины Харьков хотод байгаа 18 монгол оюутан байгаа газраасаа гарах боломжгүй хүнд нөхцөлд байна. Тэдэнд ГХЯ огт туслалцаа үзүүлэхгүй байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөлөл Даваа гаригт /2022.02.28/ эсэргүүцлээ илэрхийлэв.


Эцэг, эхчүүдийн төлөөллийн хэлж байгаагаар нэг хотод хоёр тусдаа газарт оюутнууд байгаа. Гадаад харилцааны яам бодитоор тусалсан зүйл юу ч байхгүй. Гэсэн атал элчин сайдын яамнаас тусалж байгаа гэж ташаа мэдэгдэл хийлээ. Хүнд нөхцөлд хүүхдүүд тав хонож байхад бусад улс орон шуурхай ажиллаж байна. Бодит туслалцаа үзүүлж чадахгүй бол ташаа мэдээлэл өгөх хэрэггүй. Хоол унд, хэрэглээний зардал, биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад Монгол Улс энд мэдэгдэл хийгээд ямар ч нэмэргүй гэдгийг анхааруулав.

Бодит нөхцөл байдлын хувьд бид тогтмол мэдээлэл авч байгаа. Өнөөдрийн байдлаар Киев хотод 13 оюутан байна. Тухайн хотод байгаа монголчууд нэгдэж, хотоос гарахыг хичээсэн. Гэвч бүх хүүхэд, эмэгтэйчүүд, оюутнуудыг хотоос гаргаж чадаагүй. Засгийн газраас төсөв мөнгө төлөвлөж байгаа гэсэн. Ямартай ч бид нөхцөл байдал хүндийг анхаарч хандив цуглуулаад байна. Одоогоор хоёр орчим сая төгрөг цугларсан.

Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ аюултай, эрсдэл их орчинд байгааг харгалзаж яаралтай тусламж үзүүлэхийг шаардана. Гадаад харилцааны сайд бодит мэдээллийг авч байгаа бол тэнд байгаа хүмүүс хэцүү байгааг хэнээр ч хэлүүлэхгүй байх. Бид гарын үсэг цуглуулж, шаардах хуудас хүргүүлнэ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг ядаж эхний ээлжид татахыг хүсч байна.

"ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЗАМААР ШИЙДЭХ НЬ ЧУХАЛ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт танилцууллаа. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Украин улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар товч мэдээлэл өгье. Хоёрдугаар сарын 25-аас иргэдээ татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг 100 хувь татаж авлаа. Харьков хотод байсан 15 оюутнууд энэ  цаг мөчид Польш улсын  хилээр орж ирж байна. Нийтдээ 58 иргэнийг Польшийн хилээр татан авсан. Энэ ажиллагаанд тус  улсад оршин суугаа монгол иргэд идэвхтэй оролцсон. Польшийн хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 иргэн Монгол руу ниссэн бол гурав нь хэдийнэ эх орондоо ирсэн. Харин 15 нь Истамбулд байна. Тэд маргааш эх орондоо ирнэ. Киевээс ахиад гурван иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Үүн дунд  монгол иргэнтэй гэр болсон киргиз хүн байна.  Тэднийг удахгүй татаж авна.

Дайнаас үүдэх эдийн засгийн эрсдэлүүдээ тооцон хэлэлцэж байна. Одоогоор 20 гаруй иргэн Польшид үлдсэн. Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуур зарчмыг баримталдаг. Иймд Монгол Улс хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, галыг зогсоож намжаах нь чухал гэдэг байр суурьтай байна.

Байгалийн хийн хоолойн төслийн асуудал шинэ асуудал биш. Төлөвлөгөөт ажлынхаа дагуу судалгааны ажил эхлүүлэхээр хоёр тал гарын үсэг зурсан. Тодруулбал,  2022-2024 онд ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурсан. Энэ төслийн ТЭЗҮ нь хийгдээд ОХУ өнгөрсөн нэгдүгээр сард Монголын талд гардуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-руу айлчлах үеэр шийдвэр нь баталгаажсан. Өөрөөр хэлбэл  цаг үе нь зэрэгцэж таарсан болохоос  хийн хоолой татах  төсөл урьдчилан  төлөвлөгдсөн байсан гэв.

"ХӨХ СУВД" МӨСНИЙ БАЯРТ 20 МЯНГАН ХҮН ОРОЛЦЖЭЭ

Ньюс.мн сайтын сэтгүүлч Ц.Хонгор Хөвсгөл аймгаас мэдээлэв. 

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд нийт 2800 орчим автомашин иржээ.

Covid-19-ийн улмаас хоёр жил өнжсөн энэхүү уламжлалт баяр өргөн дэлгэр зохион байгуулж байгаад нутгийн иргэд болон зочид сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Мөсний баярын үеэр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургадугаар баг, Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан. Баяр болж буй хэсгийн ойролцоо осол гарсан. Анхааруулга, тэмдэглэгээтэй хэсгээр зорчсон байж болзошгүй. Ямартай ч зорчигч, жолооч гэмтээгүй талаар мэдээлсэн.

"АН БОЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА"

Ардчилсан нам ээлжит бус XIII их хурал Бямба гаригт /2022.03.05/  МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр болов. Тус их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.

Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулж, устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдэе. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Э.Бат-үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж  захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Дарга цэргээ сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж  бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.