Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнөөдөр мэдээлэл хийж, тус улсын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг өмнө нь 8.1 хувь гэж тооцож байснаа буулгаж, 5.5 хувь орчимд байлгахаар зорино гэж мэдэгдлээ. ОХУ, Украины дайны улмаас газрын тосны үнэ өсч, олон улсын эдийн засагт савлагаа үүссэн энэ үед Бээжин нь ийнхүү эдийн засгийн өсөлтөө хамгийн бага хувиар тооцож байна.
Ли Көцяны мэдэгдэлд Орос, Украины дайныг шууд нэрлээгүй боловч газрын тосны үнэ өсч байгаа тухай ярьсан байна. Тэрбээр Бээжин хотноо Хятадын төрийн ордонд 55 минут үргэлжилсэн илтгэл тавьж, "эдийн засгаа өсгөх зорилтод хүрэхийн тулд их хүчин чармайлт шаардагдах болно" гэв.
Харин Хятадын дарга Ши Жиньпин нь Путины Украинд хийж буй дайнаас зайгаа барихыг хичээж, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэхийг уриалж байгаа юм. Мөн тэрбээр Украин руу дайрсанд Путиныг буруутгах, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах зэргээс татгалзсан. Харин зөрчилд АНУ-ыг буруутгасан байр суурийг илэрхийлжээ.
Хятадад цар тахлыг хяналтадаа авах хязгаарлалтын арга хэмжээ болон үл хөдлөх хөрөнгийн өр зээлийн эсрэг явуулсан ажиллагаа зэргээс үүдэн 2021 оны сүүлийн улиралд эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрч буурсан юм. Үүн дээр дайнаас үүдэлтэй эрчим хүчний зардлыг өсөлт нь дарамт болж байгаа аж. Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил 4.3 хувь орчим байна гэж дүгнэсэн.
Ли Көцян эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд будаа нөөцөлж, цахилгааны хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарна гэв. Үүний тулд Хятад нь газрын тос, байгалийн хийн олборлолтыг явуулж, түүхий эдийг нөөцлөх системээ сайжруулах гэнэ.
Өмнө нь цар тахлаас үүдэн Хятад улс 2020 онд эдийн засгийн өсөлтийн зорилт тавиагүй. Харин өнгөрсөн жилийн хувьд эдийн засгийн өсөлтийг 6 хувь гэж тооцож байв. Энэ нь 1990-ээд оноос хойш эдийн засгийн өсөлтийг 6 хувьд буулгаж багаар тооцсон анхны тохиолдол байв.
Харин цэргийн зардлаа 7.1 хувьд хүргэж өсгөхөө зарлажээ. Өнгөрсөн онд Хятад улс 6.8 хувийг цэргийн зардалд зарцуулж байв.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ