НЭМЭЛТ:
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулж, устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдэе. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Э.Бат-үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Дарга цэргээ сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.
Монголд болохгүй байгаа асуудал нь улс төртэй холбоотой. Тэр дундаа улс төрийн намтай холбоотой асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх шийддэг балмад үйлдлийг хуулиар зогсоох ёстой. УДШ аль нэг талын хамгаалагч болж таарахгүй.
Угтаа бол намын бүртгэл болон бусад асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо шийдэж, намын хооронд маргаан үүсвэл УДШ шийдэх ёстой. Тиймээс эдгээр зүйлүүдийг ярилцаж өөрчлөгдөх шаардлагатай.
Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож энхийн замаар шийдэх хэрэгтэй. Би төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ Монгол Улс төвийг сахих талаар санаачлага гаргаж, аюулгүйн зөвлөл тэр шийдвэрийг дэмжиж УИХ-д мэдээлэл хийж байсан.
Манайхан төвийг сахина гэхээр ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог. Энэ бол маш буруу. Монгол Улсын хувьд хоёр том хөрштэй учраас энхийг эрхэмлэх нь чухал. Төвийг сахина гэдэг өөрийн толгойтой байна гэсэн үг.
Тэр шийдвэрийг бүгд дагаж, хүндэтгэдэг. Нэг үгээр хэлбэл, "Монгол Улс төвийг сахина. Асуудал энхийн журмаар шийдэгдэх ёстой. Тиймээс манай нутаг дэвсгэр дээгүүр цэрэг явахгүй гэвэл энэ манай улсын байр суурь. Монголын хувьд төвийг сахих нь Орос, Хятад, АНУ-д толгойгоо мэдүүлэхгүй, өөрийн толгойтой байна гэсэн үг. Төвийг сахисан оронд аюул тулгарвал улс бүр хамгаална. Монголыг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй, төвийг сахисан улс гэдэг утгаар нь хамгаална. Төвийг сахисан гэдэг үгийн хажууд энхийг эрхэмлэсэн орон гэдэг үг байнга хамт явдаг.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ ээлжит бус хурлыг нээж үг хэллээ. Тэрбээр “Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар АН-ын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдгээ авъя гэтэл тамга аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. АН-ыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. АН гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна.
Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэт дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ.
Энэ бол АН-ын үнэт зүйл. Бид эрх баригчдын замбараагүй, эрээ цээргүй үйдлийг таслан зогсоох цаг болсон. Өнөөдөр улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүнийг надаар хэлүүлтгүй монгол түмэн мэднэ.
Өмч хувьчлалын үр шимийг хэн хүртсэн юм. Эрх баригчдын яриад байгаа шиг АН өмч хувьчлалыг завшаагүй. 1990-ээд онд эрх мэдэл, албан тушаалтай АН-ын гишүүд бараг байгаагүй. Тэр үед нийгмийн бүхий л салбарт эрх мэдэл, албан тушаал МАХН-д байсан. Тухайн үеийн хурган дарга нар дунд, дээд шатанд байсан коммунистууд бүгдээрээ өмч хувьчлалын үр дүнд баян тансаг болсон. Бид өнөөгийн эрх баригчдад зүй ёсны шаардлагыг удаа дараа тавьсан.
Магадгүй бидний тавьсан шаардлага сул, үлбэгэр байсан байж магадгүй. Тэгвэл одоо бид 1990 оных шиг эрч хүчтэй, тэмцлийн хэлбэрт шилжиж ажиллах цаг үе тулгарч байна.
Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа, дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй ёстой. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, АН. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамч байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна" гэдгийг онцоллоо.
Хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй М.Энхсайхан “1990 оны ардчилсан хувьсгалыг эргэн санахад бид тэрхүү айдсаа давж гарсан. Энэ айдас бол монголын нийгэмд гүн шигээстэй байгаа. Олон мундаг хүнээ хэлмэгдүүлсэн ч 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар айдсаа дарж, эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцсэн. Украины асуудаас болж нийгэм айдсаараа нөгөө хэсэг үнэт зүйлсээрээ хуваагдаж байна. Оросоос Украин руу дайрч байгаа нь нэг өдрийнх биш ээ. Их урт хугацаанд могойн үр бойжиж байсан.
Өнөөдөр түрэмгийлэл үйлдэж байгаа Путины дотор Сталин, Гитлер бий. Өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгах бодол түүний дотор бий. Ер нь дарангуйлагч бий болсон цагт амьдрал сайхан байхгүй нь тодорхой. Дарангуйлагч бий болоход түүнийг дахин шүтдэг ард түмэн нөлөөлдөг. Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байна. Гэвч тэдгээр хүмүүсийг 15 жилийн хорих ял оноохоор хууль баталж байна. Үүнээс харахад дарангуйллал тогтсон болохыг тод харуулж байна.
Тиймээс Украинд болжж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс дайныг хатуу эсэргүүцэх ёстой. Барууныхан цэргийн машиныг түргэн зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байна. . Энэ аргаа хэмжээ нь Орос, Монголын аль аль талд нь хүнд тусна. Дайныг хурдан зогсоохын тулд АН үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дуугай суух нь бүр аюултай” гэлээ.
Ардчилсан нам ээлжит бус XIII их хурал өнөөдөр /2022.03.05/ МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Тус их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.
Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэхийг тус намаас мэдэгдлээ.
Холбоотой мэдээ