Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр /2022.03.04/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал тусгагдаагүй.
Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагджээ.
Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засч, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан. Ингэхдээ Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.