Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчрах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/ үндсэндээ 60 жил яригдсан. Улмаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын Power -Power China Chengdu түншлэлтэй байгуулсан. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа бөгөөд барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Барилгын ажил тогтсон хугацаандаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдэгдсэн.
2022 ОНД 91 ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
2021 онд батлагдсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд дурдсанаар “2022 онд 91 өрх, 2023 онд 73 өрх, 2024 онд 106 өрхийг нүүлгэн шилжүүлнэ” гэжээ. Урьдчилсан байдлаар усан сан байгуулагдах талбайд амьдарч буй Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг гурван аймгийн 270 айл өрхийн 1083 иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарчээ. Судалгааны баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзан зураг дарж баталгаажуулжээ. Улмаар газрыг солих асуудлаар ярилцан бүгд дэмжсэн байна.
Гэтэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн зарим иргэд эсрэг санал өгчээ. Учир нь, тэдэнд нөхөн олговрын хэмжээ таалагдаагүй гэнэ. Аль эсвэл өөр шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд нь Ховд голын зүүн, баруун эрэгт амьдардаг.
Үүнийгээ дагаад тэдний амьдрах хэвшил нь ч ялгаатай. Увс аймгийн иргэд нэг газраа удаан суурьшиж амьдардаггүй бол Баян-Өлгий аймгийн иргэд суурьшиж амьдардаг учраас хөрөнгийн үнэлгээ хийхэд зөрүүтэй дүн гарчээ. Тухайлбал, Увс аймгийн нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймгийн өрхөд 30-100 орчим сая төгрөг өгөх урьдчилсан тооцоо гарсан ч үүнийг зарим иргэд чамлаж байгаа бололтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс орон нутагт нүүлгэн шилжүүлэлт болон нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр дэд ажлын хэсэг байгуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь, “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.
Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэдгийг онцолж байв.
Холбоотой мэдээ