Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2022 эхэллээ. Энэхүү зөвлөгөөний “Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” салбар хуралдаанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож, “Стратегийн худалдан авалтыг бий болгож буй үйл явц, гэрээлэлт, хяналт” сэдвээр илтгэл, танилцуулга хийлээ.
2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс даатгалын сан руу нэгтгэж нэг эх үүсвэрээс эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг санхүүжүүлж ЭМДЕГ стратегийн худалдан авагч болсон.
Мөн ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01,02 дугаар тогтоолыг батлуулж, хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэхүү тогтоолууд нь хэрэгжиж эхэлснээр иргэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжтой болох юм. Тухайлбал, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд бүхий л мэс заслууд, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, харвалт шигдээс, хорт хавдрын тусламж, үйлчилгээ, төрөх эмэгтэйчүүд, түлэгдэлт гэх мэт тусламж, үйлчилгээ хамрагдах бөгөөд эдгээр тусламж, үйлчилгээ авахдаа иргэд халааснаасаа төлбөр төлөхгүй болсон.
Өвчтний ар гэрээс авахуулдаг байсан эм тарианы зардлыг ч санхүүжүүлэх үнэ тарифдаа оруулж тооцсон учраас ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудаар иргэд үйлчлүүлэхэд тогтоолд заасан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсон нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 10,395,388 даатгуулагч-иргэдийн авсан тусламж үйлчилгээнд 1 их наяд 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцож гэрээ бүхий 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагад олгоод байна.
Холбоотой мэдээ