NBA-ийн домогт тамирчин, өдгөө “Inside the NBA” нэвтрүүлгийн хөтлөгч, аналист хийж буй Чарлес Баркли Коби Брайантын талаар нэгэн сонирхолтой түүхийг дэлгэжээ. Тэрбээр Дрэймонд Грийний подкастад оролцох үеэрээ Коби Брайантыг телевизийн багтаа нэгтгэсэн байсан талаар ярьсан аж.
Чарлес Баркли “Би үүнийг ярих ёсгүй байх л даа. Бид үнэхээр “Turner” телевизийн багтаа Коби Брайантыг элсүүлсэн. Гэхдээ тэр бүх ажилд оролцохыг хүсээгүй. Үүнийг хэлснээрээ би асуудалд орох байх л даа. Гэхдээ энэ бол бидний нууж буй бяцхан зүйлсийн нэг юм шүү. Тэр үнэхээр бидэнтэй нэгдсэн” гэж ярьжээ.
Коби Брайантын сагсан бөмбөгийг харах өнцөг, энэ спортын талаарх ойлголт бусдаас тэс ондоо гэдгийг түүнтэй хамтран ажиллаж, хамт тоглож байсан хүмүүс хэлдэг. Хэрэв тэр телевизийн багт орж ажилласан бол бид бүхэн бас нэгэн шилдэг аналистыг харах байсан биз ээ.
Баркли цааш ярихдаа “Би түүнд хандан эхлээд хэд хэдэн радио шоу хийх хэрэгтэй гэж хэлсэн. Даваа гаригт, Мягмар гаригт, Лхагва гаригт, Пүрэв гаригт гээд өдөр бүр нэг зүйлээ хийх болно гэж хэлсэн. Хариуд нь тэр “Би энэ бүгдийг хийхийг хүсэхгүй байна” гэсэн. Тэгэхэд нь би “Чи шоугаа сурталчлах хэрэгтэй шүү дээ, Коби” гэсэн. Энэ яриа болсныг мэдэх арван хүн л дэлхий дээр байгаа байх” гэжээ.
Зодог тайлсныхаа дараа Коби Брайант олон ажил хийхээр төлөвлөж байсан бөгөөд тэрбээр зах зухаас нь хийж эхлээд байв. Дурдвал, ном бичиж, анимейшн бүтээж, салбар бүрт хөрөнгө оруулж байсан билээ.
"TNT” телевизийн алдарт “Inside the NBA” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Эрни Жонсон, Чарлес Баркли, Кенни Смит, Шакил О’Нил зэрэг эрхмүүд ажилладаг.