Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баяраар /2022.03.22/ Баян-Өлгий аймагт ажиллахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр УИХ-д өргөн барьж, батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого"-оо орон нутгийн иргэдэд танилцуулах талаар "Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь" нэгдсэн зөвлөгөөний үеэр хэлсэн юм. Энэ хүрээнд тус ажлыг Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.
Дээрх зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн" гээд, “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран, туйлын хариуцлагатай ажиллахыг захисан билээ.
Холбоотой мэдээ