Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас цар тахлын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Цар тахлын халдварын тоо харьцангуй буурч байна. Цаашид халдварын тархалт эрс багасах уу?
-Ерөнхийдөө Монголд цар тахлын омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжилж дууслаа. Монголын хувьд нэг сая орчим хүн омикроны давлагааны өмнө бүүстэр тунд хамрагдсан учраас хүндрэл багатай давж чадсан. Бидний хийсэн судалгаагаар, нийт хүн амын 80-аас дээш хувьд Covid-19-ийн эсрэг биет илэрч байна. Энэ бол сайн үзүүлэлт. Манайд нийт Covid-19-ийн 911.857 тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ энэ бол давхардсан тоо. Тухайн хүн хоёр, гурван ч удаа халдвар авсан байж болно.
-Хүн амын дунд сүргийн дархлаа тогтсон гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Сүргийн дархлаа гэдэг нь тухайн улс оронд тохиолдлын тоо, нас баралт эрчимтэй буурч тогтворжсон үеийг хэлдэг. Тэрнээс биш хүн амын хэдэн хувь нь вакцинд хамрагдсанаар сүргийн дархлаа тогтоно гэж байхгүй. Тиймээс иргэд гадна, дотор орчинд ч амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөе. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол ихтэй шүү дээ. Нийгэмд хязгаарлалтуудыг сулруулсан ч иргэдийн хариуцлага өндөр болж байгааг анхаарах хэрэгтэй.
-Цар тахлын шинэ давлөгаа үүсэх эрсдэл бий юу?
-Монгол Улсын хувьд 2022 оноос дасан зохицох бодлого явуулж, хязгаарлалтуудыг цуцалсан. Гол асуудал нь ирэх намар үүснэ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улсад ирэх намар цар тахлын омикрон хувилбартай адилхан байх магадлал 50, дельта хувилбартай адил хүндрэх 50 хувьтай шинэ хувилбарын давлагаа эхэлнэ. Тиймээс дэлхийн улс орнууд бэлтгэлээ базааж, эрсдэлт бүлгээ вакцинжуулах ажил хийж байна. Монголд дөрөв дэх тундаа хамрагдсан 100 мянга, гурав дахь тунд хамрагдсан нэг сая хүн бий. Тэгэхээр гурав дахь тунд хамрагдсан нь дөрөв дэх тунгаа хийлгэх хэрэгтэй. Дөрөв дэх тунд эрсдэлт бүлэг буюу 60-аас дээш насны хүмүүсийг хамруулна. Цаашдаа улс орнууд жилдээ 1-2 удаа бүүстэр тун хийх байх. Омикроны үед тогтсон дархлаа дараа дараагийн шинэ хувилбараас хамгаалахгүй учир вакцин хийлгэж, дархлаа тогтоох шаардлагатай.
-Омикрон хувилбарын давлагаа дууссан хойно ХӨСҮТ-д лабораторийн нээлт хийсэн. Генийн дараалал тогтоох лабораторийн тоог нэмэх үү?
-ХӨСҮТ-ийн лаборатори 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Тэр лабораторийнхоо нээлтийг л өчигдөр хийсэн юм. Монголд генийн дараалал тогтоох ганцхан лаборатори ХӨСҮТ-д бий. Цаашид Японы ЖАЙКА хөтөлбөрийн тусламжаар хоёр лаборатори байгуулна. Генийн дараалал тогтоох лабораторид бүх сорьцыг шинжилдэггүй. Хүн амын өвчлөлөөс түүвэрлэн авч, тандалт хийдэг. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 300 гаруй мянган омикрон хувилбар илрүүлэх шинжилгээ бүртгэгдсэн. Бид бүх хүний сорьцыг шинжлэх шаардлагагүй. Өндөр өртөгтэй учраас 100, 1000 хүнээс нэг сорьцыг түүвэрлэж шинжилдэг.
-Эрдэмтдийн зөвлөл өнгөрсөн хугацаанд ямар судалгаа хийв?
-Бид омикроны давлагаа эхэлмэгц Монголд аль болох оруулж ирэхгүй, цаг хугацааг нь хойшлуулж, хүний нөөцөө зохицуулах, хил дээр онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэхээс гадна эм тариагаа нөөцлөх гэх мэт ажлууд хийсэн. Тэгээд нэгдүгээр сард омикроны давлагаа богино хугацаанд шуураад л өнгөрлөө. Бид энэ үед тодорхой тактик баримталж, дэлхийн улс орнуудад тандалтаа хийсэн.
Холбоотой мэдээ