Пүүз үйлдвэрлэгч “Nike” болон гэр ахуйн тавилгын “Ikea” брэндүүд өчигдөр /2022.03.03/ Орос дахь дэлгүүрүүдээ хаав.
“Ikea” компани "Зөвхөн Оросоор тогтохгүй холбоотон Беларусь дахь салбаруудаа ч мөн адил хааснаар 15 мянган ажилчин хохирч байна. Дайн хүн төрөлхтөнд асар их нөлөө үзүүлж, нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны нөхцлийг тасалдуулж байна. Иймээс манай компани Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоохоор шийдсэн” гэж мэдэгджээ. Тус компани Оросод 17 салбар дэлгүүртэй. Мөн мөргөлдөөний улмаас дүрвэсэн украин хүмүүст хүмүүнлэгийн тусламж болгож 22 сая ам.доллар хандивлахаар болсон байна.
“H&M” нь Орос улсад 168 салбар дэлгүүртэй. Тус компани “H&M групп ажилчиддаа санаа тавихын зэрэгцээ дэлхий даяар энх тайвныг уриалж байна” гэж мэдэгдээд, хувцас болон бусад хэрэгцээт зүйлсийг хандивлахаа илэрхийлжээ.
“Nike” компани ч мөн адил “Хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдал дунд бизнесээ явуулахад хүндрэлтэй болж буйг харгалзан, Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байна” гэж мэдэгдэв. Тус брэнд 2004 оноос хойш Оросын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ОХУ-д ойролцоогоор 116 салбар дэлгүүр байдаг ажээ.
Эх сурвалж: REUTERS, CNN
Холбоотой мэдээ