Хятадад “Two sessions 2022” буюу “Ардын төлөөлөгчдийн их хурал” болон “Улс төрийн зөвлөлдөх зөвлөл” гэсэн хоёр том байгууллагын ээлжит хурал өнөөдөр /2022.03.04/ эхэлж байна. Энэхүү хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд гэр бүл төлөвлөлтийн хязгаарлалтыг цуцлах тухай багтжээ.
Жил бүр тогтмол болдог уг хуралд оролцохоор Хятадын олон мянган улстөрч, элитүүд Бээжинд цугларч буй. Хуралд оролцож буй хэд хэдэн төлөөлөгчид хүн ам зүйн хямралыг шийдвэрлэх саналаа засгийн газартаа танилцуулах аж. Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч Хуан Шихуан Хятад улсыг хүүхдийн тоо заасан хязгаарлалтаа аль болох хурдан цуцлахыг уриалсан байна. Эндээс харахад Хятадын хүн амын өсөлт мэдэгдэхүйц удааширч байгаа нь бодлого боловсруулагчдын толгойны өвчин болсон бололтой.
Өнгөрсөн онд Хятадад 10.62 сая хүүхэд төрсөн нь түүхэн доод үзүүлэлт юм. Энэ нь улсын нийт хүн амын тоог дөнгөж 480 мянгаар л нэмэгдүүлжээ. Энэ янзаараа үргэлжилбэл ойрын ирээдүйд хүн амын асуудал улам хурцаар тавигдана гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнгөрсөн жил Хятад улс гэр бүл төлөвлөлтийн маргаантай хязгаарлалтаа зөөлрүүлж, гурав хүртэл хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Бодлогын хүрээнд гурав хүртэл хүүхдийг зөвшөөрнө гэж заасан ч бодит байдал дээр гурваас дээш хүүхэдтэй бол торгууль ногдуулахгүй гэж хүн ам зүйн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тавилгүйгээр төрөлтийг дэмжих нь Хятадын өнөөгийн нөхцөл байдалтай илүү нийцнэ гэжээ.
Төрөлтийн оргил үе буюу 20-39 насны эмэгтэйчүүдийн тоо ч буурч буй учраас тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос цаг үеийн асуудлаар судалгаа хийж, хязгаарлалтыг нэн даруй цуцлахыг санал болгож байгаа аж.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ