Дорнод аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм.
Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшил холбоодын 150 гаруй хүн оролцож байна. Аймгийн Засаг дарга М.Бадамүрэн зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Дорнод аймагт хэрэгжих Чойбалсан хот-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам, Ульхан боомт, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд, эдгээр төслүүд хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд ирэх боломжуудын талаарх мэдээллийг өглөө.
Мөн салбар бүрт бизнес эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, бизнесээ хөгжүүлэхэд нь төрийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллаж, дараахь дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнд:
1. Төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын талаар тухай бүр мэдээллээр хангах.
2. Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, терминаль, тээвэр логистикийг хөгжүүлэх чиглэлээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын төлөвлөлтийн мэдээллийг өгч байх.
3. Бизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр ус, бохир зайлуулах шугам сүлжээ, авто зам, төмөр зам зэрэг бүтцийн төлөвлөлтийн мэдээллийг хүргэх.
4. Тусгай зөвшөөрлийн тоог 2 дахин бууруулах, тендерт оролцогчдод тавигдах босго шалгуурыг бууруулах, орон нутгийн ААН-д давуу эрх олгох, төрийн хэрэгцээнд бараа, үйлчилгээ нийлүүлэх гэрээг 3 жилийн хугацагаар байгуулах .
5. Мэргэжлийн холбоодыг нарийн бичигтэй болоход нь,мөн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахад нь дэмжлэг үзүүлэх.
6. Аж ахуй эрхлэгчдэд нөлөөлөл үзүүлэх аливаа шийдвэрийг гаргахдаа урьдчилан санал авдаг байхаар хамтран ажиллах.
Дорнод аймаг нь "Шинэ сэргэлтийн бодлого Дорнод аймагт” хөтөлбөрийн төслийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж батлуулахаар ажиллаж байгаа ба хөтөлбөр батлагдсаны дараа аймгийн Хөрөнгө оруулалтын чуулганыг энэ хавар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ