Сэгс Цагаан Богдыг сэндийчлээ гэх дуулианы мөрөөр сурвалжилсан нь-II

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Сэгс Цагаан Богдыг сэндийчлээ гэх дуулианы мөрөөр сурвалжилсан нь-II

Сэгс Цагаан Богдыг сэндийчлээ гэх дуулианы мөрөөр сурвалжилсан нь-II

“Эрдэнэ Монгол” гэх компани нутгийнхны шүтээн Сэгс цагаан богд хайрханыг сэндийчих байтугай тусгай зөвшөөрөл нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийг тусгай хамгаалалттай 4.6 сая га талбайд хамаардаггүй болохыг “А” хэсгийн захиргааныхан бидэнд ярьж өгснийг өмнөх сурвалжилгаас та бүхэн уншсан биз ээ. Мөн эх түүхийн өлгий, нэн ховордсон амьтдын гол тархац нутаг болсон Алтайн өвөр говийн сүрлэг уул нурууд, ширхэг чулуу бүрийг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар хамгаалахаас гадна 20 гаруй байгаль хамгаалагч өдөр шөнөгүй эргүүлдэн хянаж байдаг учраас ямар ч мөнгөтэй, ямар ч эрх мэдэлтэй хүн энд алт ухах байтугай амьтан агнаж болохгүй гэдгийг ч тэд онцолсон билээ.

НУТГИЙН ИРГЭД, МАЛЧИД “ЭРДЭНЭ МОНГОЛ” КОМПАНИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЖИШИГ БОЛЖ ЧАДНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА ГЭЛЭЭ

“Эрдэнэ Монгол” компани Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумынхны хувьд огт танихгүй, шинэ компани биш бөгөөд 2007 оноос хойш тус хоёр сумын аль алинд хайгуул хийж, хөрөнгө оруулалтын тал дээр хамтран ажиллаж ирсэн ажээ. Тухайлбал, Баян-Өндөр суманд 2011-2021 оны хооронд 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сумын иргэдийг ажлын байраар хангах, малчдын амьжиргааг дэмжих, залуучуудын мэргэшүүлэх, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн гэдгийг иргэд ярьж байлаа.

Түүнчлэн Баян-Өндөр суманд 2008 хойш тус сумын нутагт ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байдгаас зургаан тусгай зөвшөөрөл нь ашиглалтынх гэнэ.  Гэтэл өнгөрсөн оны сүүлчээс тус сумын хэсэг иргэд гэнэт л “Эрдэнэ Монгол” компанийг “онилон” эсэргүүцэж эхэлжээ.

Баянхонгор аймгийн Шинэжинст сум Улаанбаатар хотоос 895 километрт Говийн их дархан цаазат газрын зүүн үзүүрт байрлана. Тус сум засаг захиргааны дөрвөн багтай, 700 орчим өрхийн 2000 гаруй хүн оршин суудаг, алдарт Залаа жинстийн цагаан ямааны өлгий нутаг. Харин “Сэгс цагаан богдыг сэндийчиж байна” хэмээх цуурхалд автаад буй “Эрдэнэ Монгол” компани тус сумын Уртын гол багийн нутагт 2007 оноос хойш хайгуул хийж байгаад зэргэлдээх Шинэжинст сумын нутагт “Баян хөндий” алтны ордыг баталгаажуулан өнгөрсөн онд Ашигт малтмал газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-гээ Шинэжинст сумын II багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж, хэлэлцүүлсэн аж. Иймд бид эхлээд Шинэжинст сумын удирдлагуудтай уулзаж, “Эрдэнэ Монгол” компани үнэхээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг эсэх, сумын иргэд цөм эсэргүүцдэг эсэх болон сумын удирдлагууд тус компанитай ямар харилцаа, хамтын ажиллагаатай байдгийг тодруулсан юм.

Г.БАЯНЖАРГАЛ: НАСААРАА БУСДААС ЗУГТААЖ, НИНЖА ХИЙЖ ЯВАА НАДАД СУМАНДАА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИД АЖИЛД ОРОХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Шинэжинст сумын III багийн иргэн Г.Баянжаргал “Манай сум 3000 орчим хүн амтай. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, захиргаанд хэн чадалтай, чадвартай нь ажиллаж, төрийн албан хаагч болдог юм. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг хэдэн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах боломж бий. Бусдаар суманд ажлын байр байхгүй, залуучууд ажиллаж, амьдрахад хэцүү. Энэ хэрээр архидалт, ажилгүйдэл нэмэгдэж, гэр бүл салах нь нэмэгдсэн. Арга ядахдаа нөхөр нь том машины жолооч, эхнэр нь аймаг руу ээлжийн ажилд ордог юм. Амьдралаа босгож ядаж байгаа хүмүүс хэдэн сараар хол байх, олсон цалин нь хаана ч хүрэхгүй, ирж, очих замын зардалдаа үрэгдэж дуусахаар хэдий хүртэл тэсэх вэ дээ. Харин манай суманд “Эрдэнэ Монгол” ХХК үйл ажиллагаа явуулж, залуусыг ажилтай болгож байгаад баяртай байна. Бид тэртээ тэргүй л газар нутгаа гаднын ч бай, сумын ч бай иргэдээрээ сүйтгүүлж байгаа шүү дээ. Нинжа нар хараа хяналтгүйгээр дайрч, сүйтгэхэд бид яаж ч чадахгүй. Харин үүний оронд буух эзэн, буцах хаягтай компанид хариуцуулж, нөхөн сэргээлт хийлгэж, газар нутагтайгаа бүрэн бүтэн үлдсэн нь дээр. Хэрэв нөхөн сэргээлт хийхгүй бол бид “Эрдэнэ Монгол” ХХК-аас хариуцлага нэхээд, дөрвөн мөчөө хөдөлгөөд тэмцэх эрхтэй. Нинжа нараас бол нөхөн сэргээлт, бүтээн байгуулалт горьдох, бодох, хүсэх ч эрхгүй шүү дээ. Би ч гэсэн нинжа хийж үзсэн. Насаараа бусдаас зугтааж, амьдрахын тулд хууль бус зүйл хийж яваа надад сумандаа хариуцлагатай уул уурхайн компанид ажилд орох боломж бүрдэж байгаад баяртай байгаа. Ядаж миний хэдэн хүү ажилгүй, орлогогүй гэж цоллуулахгүй ажилд орох боломж бүрдлээ шүү дээ. Би тус компанийн зөв үйл ажиллагааг дэмжиж байгаа. Харин гагцхүү “Эрдэнэ Монгол” ХХК-ийг хариуцлагатай ажиллахыг, сумын иргэдийг минь дэмжиж, хамтарч аж төрөхийг чин сэтгэлээсээ хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэлээ.

Д.МААМУУ: ХӨГШИН БИ ЗАЛУУЧУУДЫГ СУМАНДАА АЖИЛ, ОРЛОГОТОЙ САЙХАН АМЬДРААСАЙ ГЭЖ ХҮССЭНДЭЭ ДЭМЖИЖ БАЙГАА

Шинэжинст сумын II багийн малчин Д.Маамуу “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг би анхнаас нь дэмжиж байсан. Тус компани манай нутагт үйл ажиллагаа явуулсан цагаасаа л иргэдийн амьдралд бодитой нэмэр оруулж байгаа. Малчдад өвс, тэжээл тусламжаар олгох, сурагчдын боловсролд анхаарч, тэтгэлэг,  хөтөлбөрт хамруулах, сумын залуусыг уурхайд туршлага судлуулж, суралцуулах, эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг үзүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарсаар ирсэн. Хэрэв сумын зарим иргэн энэ уул уурхайн компанийг дэмжихгүй байсан бол анхнаас хөөж явуулах хэрэгтэй, эрхтэй байсан шүү дээ. Гэтэл 10 гаруй жил болсон хойно нь гэнэт ухаарсан мэт одоо хөөгөөд эхэллээ. Тэгээд бүр зогсохгүй “Сэгс цагаан богд уулыг минь ухаж байна. Ухах гэж байна” гээд мэдээлэлгүй байгаа иргэдээ турхираад байх юм. Угтаа Сэгс цагаан богд уул маань байрандаа, аюулгүй байгаа шүү дээ. Тийм ч амархан ухчихдаг, сүйтгэчихдэг хайрхан биш. Дархан цаазат уулаа ухахыг зөвшөөрдөг төр, дэмждэг иргэн гэж хаана ч байхгүй. Хөгшин би залуучуудыг сумандаа ажил, орлоготой сайхан амьдраасай гэж хүссэндээ дэмжээд байгаа юм.  Энэ компанийн талаар хэлэх муу үг надад байхгүй. Миний болон сумын сайн сурлагатай, амьдралын боломж тааруу, эцэг, эхээсээ салж хоцорсон өнчин үрсэд минь тусалж, дотоодын их сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг олгож, ирээдүйд нь их хөрөнгө оруулалт хийж байна. Ийм ч учраас сумын иргэд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжээд эхэллээ. Тэд тус компанийн үйл ажиллагааны чиглэл, бодлого, төлөвлөлт, зорилго, зорилтыг нь зөвөөр ойлгож, дэмжиж, алсын хараатай болж байгаад талархаж сууна” гэлээ.

Шинэжинст сумын Засаг даргын хэлсэнчлэн 2021 оны наймдугаар сарын 27-нд тус сумын II багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж,  хуулийн дагуу “Эрдэнэ Монгол” компанийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г хэлэлцжээ. Тус хуралд II багийн 289 өрхөөс 100 өрхийн 189 иргэн оролцож, 54.2 хувь нь “Эрдэнэ Монгол” компанийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжсэн аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ Монгол” компанитай ойр нутагладаг иргэд эсэргүүцэлгүй дэмжсэн гэнэ. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээс сумын төвийн болон аймгийн төвд амьдардаг хэсэг иргэд нэгдэн “Сэгс цагаан богд-Нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөн”, “Алтан нутгаа аваръя” ТББ-ыг зэргийг байгуулан тэмцэл эхлүүлснээр Шинэжинст сумын удирдлагууд хавчигдмал байдалд ороод байгаагаа хэлж байлаа. Уг нь Шинэжинст сумынхан өнгөрсөн хугацаанд “Эрдэнэ Монгол” компанитай хамтран сумандаа нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, нутгийн брэнд Залаа жинстын цагаан ямааны үүлдэр угсааг сайжруулах тэргүүтэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ажээ.

Шинэжинст сумын хувьд алт болон нүүрсний арвин нөөцтэй. Тиймдээ ч тус суманд хууль бусаар алт олборлож, амьжиргаагаа залгуулдаг иргэд буюу нинжа нар олон байдаг гэнэ. Харин хариуцлагатай уул уурхай ороод ирвэл нуугдан барих алт ухах шаардлагагүй болж, ажлын байраар хангагдаж, залуус нь ажилтай, орлоготой болохын хэрээр сумын эдийн засаг сайжирна гэж үзэх хүн энэ мэтээр олон байсныг дурдах нь зүйтэй байх.

Эндээсээ бид Шинэжинст сумын Уртын гол буюу II багийн нутагт “Баян хөндий” төслийг хэрэгжүүлэхээр тусгай зөвшөөрлөө аваад буй “Эрдэнэ Монгол” компанийн кемпийг зорилоо.

Тус компани сумын төвөөс 70 гаруй километрийн зайд кемпээ байгуулсан байх бөгөөд цахим орчинд шүүмжлээд байгаа шиг ухаж сэндийчсэн талбай алга байлаа. Өөрөөр хэлбэл, “Сэгс цагаан богдыг сэндийчиж байна”, “Говийн их дархан цаазат газрыг там болгож байна” хэмээн хэвлэлийн хурлаар шүүмжлүүлсэн энэ компани одоогоор алга дарам газарт ч олборлолт хийгээгүй байгаа ажээ. Харин тэмцэгч гэх тодотголтой иргэд хардаж, сэрдэхгүйгээр зөв ойлголттой болж, хамтарч ажиллавал хариуцлагатай уул уурхайг нутагшуулахад бэлэн байгаагаа хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй аргачлалаар олборлолт явуулж, сумаас 300 гаруй залуусыг ажлын байраар хангаж, сумын эдийн засагт хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын дагуу нөхөн сэргээлт хийх бүх төлөвлөгөөгөө гаргасан гэнэ.

ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ “ЭРДЭНЭ МОНГОЛ” КОМПАНИ ЮУ ХИЙХ ВЭ

“Эрдэнэ Монгол” компани нь “Эрдэнэ ресурс девелопмент корпораци”-ийн охин компани бөгөөд Монголын ба Торонтогийн хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй (2018) анхны компани юм. Өдгөө 7700 гаруй монгол хувьцаа эзэмшигчид, Монгол Улсад 20 жилийн турш геологи судалгааны үйл ажиллагаа эрхэлж буй аж. 2015 онд Баян Хөндий алтны үндсэн ордыг нээн илрүүлснээс хойш төслийг бүтээн байгуулалтын үе шатанд хүртэл хѳгжүүлсэн. Ашиглалтын гурав, хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэмээн танилцуулгадаа дурджээ. “Эрдэнэ Монгол” ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас олборлох алтаа Баян хөндий төсөл хэмээн нэрлэсэн байх бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд улсын төсөвт 218.1 тэрбум, байгаль орчны нөхөн сэргээлтэд есөн тэрбум зарцуулж, жилд дунджаар хоёр тонн алт үйлдвэрлэн Монголбанканд тушаахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Түүнчлэн малчид, нутгийн иргэдийн хамгийн их санаа зовж буй нэг зүйл нь уурхайн үйл ажиллагаа явуулахаар ундны усыг ховх сорно, ширгээнэ гэх айдас юм. Тэгвэл тус компани Байгаль орчны үнэлгээндээ “Ундны усыг үйлдвэрлэлдээ ашиглахгүй бөгөөд 90-100 метрийн гүнээс шаардлагатай үйлдвэрлэлийн усаа татаж, түүнийхээ 86.4 хувийг дахин ашиглах төлөвлөгөө гарган 2015 оны долдугаар сарын 30-ны өдрийн БОАЖ-ын сайдын тушаалаар батлуулжээ. Үүнээс гадна тус компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SO2/агаар буюу INCO хоргүйжүүлэх аргыг үйлдвэрлэлдээ ашиглахаар мөн БОАЖ-ын сайдаар батлуулжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж