"Хөгжлийн банк бол маш том луйврын систем"

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банк бол маш том луйврын систем"

"Хөгжлийн банк бол маш том луйврын систем"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр өнөөдөр /2022.03.04/ олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдахдаа Монгол Улсыг хөгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Солонгос улсын менежментийн баг тус банкны үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-аар хэлэлцэн зээлийг батлах тухай заалтыг өөрчилж, тухайн банкны ТУЗ шийдвэрлэдэг байхаар хуульчилсан. 

Хөгжлийн банк 2017 оноос өмнө нийт 2000 гаруй компанид зээл олгож, тухайн үед зээлийн эргэн төлөлт 95.5 хувь байсан. Харин 2017 оноос хойш буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш ердөө 50 байгууллагад 3 их наяд төгрөгийн зээл олгосон. 

Өнөөдөр энэ зээлийн 55 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл. Ард түмэн ядуу, эдийн засаг нэн хүнд байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж мэдэгдсэн нь 1.8 их наяд төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага хэсэг нь юм. 2019 онд Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар "Эрхзүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй байна. Хөгжлийн банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үр дүнг үнэлэх шалгалт, шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм хангалтгүй" гэх дүгнэлт гарсан. 

Хөгжлийн банк 2012-2017 онд нийт 2 их наяд 254.7 тэрбум төгрөгийн 4.0-4.79  хувийн хүүтэйгээр, 30 тэрбум иенийг 1.52 хувийн хүүтэйгээр, 1 тэрбум 502.2 сая ам.долларыг 2.5-9.5 хувийн хүүтэйгээр, 33 сая еврог  1.9-6.39  хувийн хүүтэйгээр тус тус татан төвлөрүүлсэн байна. 

Сүүлийн зургаан жил тасралтгүй эрх барьж буй МАН яагаад Хөгжлийн банкны луйврыг зогсоохыг оролдсонгүй вэ гэх асуулт гарч ирнэ. Үүнийг ч ард түмэн асуух эрхтэй. 

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ хэмээн дүгнэж байна. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн, өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой. Мөн Хөгжлийн банкны дуулианыг ашиглан зээлтэй аж ахуйн нэгж, компаниуд руу дайрч, нийтэд нь харлуулж, нэр хүндэд нь халдахаас илүүтэй улстөрчдийн оролцоог таслан зогсоох түр хороо байгуулах шаардлагатай. 

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Гэвч ажлын хэсэг Хөгжлийн банкны бичиг баримтыг шалгах эрхгүй, байгууллагуудын нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагуудтай уулзах эрхгүй. Тиймээс хяналт шалгалт явуулах хууль эрхзүйн боломжгүй байна. Мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр дуудаж байцаах, шинжээч томилуулах эрхтэй болсноор энэ ажил цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсэг ингэж ажиллах боломжгүйгээ өөрсдөө мэдэгдсэн.

Энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж үзээд, миний бие санаачилга гарган ажиллаж байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар Түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх, нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй байдлыг ханган явуулах замаар иргэний мэдэх эрхийг хангана гэж заасан. Тиймээс Түр хороог яаралтай байгуулах хэрэгтэй. УИХ-ын 19 ишүүн бүрдэж байж Түр хороо байгуулах боломжтой. 

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж:

-2010 онд УИХ-аас шинэ бүтээн байгуулалт хийхээр дунд хугацааны төсөл, хөтөлбөр баталсан. Тодруулбал, энэ нь хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат нь 2010-2012 он, хоёрдугаар үе шат нь 2012-2016 он хүртэл гэж заасан. Тухайн үед УИХ 18 их наяд төгрөг буюу 13 тэрбум ам.долларын мөнгө босгоно гэх баримт бичиг гаргаж байсан. Тиймдээ ч ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь маш тодорхой байсан. Тухайлбал, орон сууц, барилгын материалын үйлдвэр, эрчим хүч дулааны цахилгаан станц, тэр битгий хэл 5000 гаруй км зам тавьж, аймгууд руу холбох бичиг гарч байсан. Улмаар 2012 онд АН төрийн эрхийг бариад, дээрх дунд хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлсэн.

Гэтэл 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Хөгжлийн банкны асуудлыг нийгэмд маш буруугаар тайлбарладаг улс төр эхэлсэн. Тухайн үед маш их хэмжээний зээл авч, улс орныг өрөнд оруулсан талаар их ярьж байсан. Хэдэн их наяд төгрөг идэж уусан талаар хоёр сонгууль дамнан ярьсан. Тэр үед АН энэ асуудал дээр тодорхой хариулт хэлж чадаагүй. Энэ бүх асуудал Хөгжлийн банкин дээр байсан, хяналт шалгалт хийгдээгүй учраас бид тайлбарлаж чадаагүй. Өнөөдөр миний танилцуулах судалгааг 2019 онд Засгийн газар, аудиттай хамтран хийсэн судалгаа, 2020 онд Монголбанк, Засгийн газрын хамтарсан судалгаа, 2021 онд  Монголбанкны хийсэн судалгаан дээр суурилсан. Дээрх гурван шалгалтаас бүх зүйл тодорхой болсон.

Хөгжлийн банк 2012-2017 онд 2 их наяд төгрөгийн зээл олгосон. 1.5 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 4-5 их наяд төгрөгийн асуудал гарч ирсэн. Энэ нь улстөржөөд байх асуудал биш. АН төрийн эрхийг бариад, энд тэндээс зээл аваад, улс орноо өрөнд баригдуулсан асуудал огт биш. 2011 онд олонх байсан МАН-ын баталсан дунд хугацааны хөтөлбөр гарсан учраас хөтөлбөрийг үргэлжлүүлсэн. 2011 онд Хөгжлийн банкны тухай хууль батлагдахад “Улс орны хөгжилд хэрэгтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд УИХ-ын хяналт дор Засгийн газрын тогтоол гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийнэ. Түүнээс биш төсвийн цоорхойг бөглөх, эсхүл өөр бусад зориулалтаар ашиглахгүй гэж хуульд заасан учраас 2012-2017 он хүртэл зээлүүд хуулийн дагуу явагдсан.

МАН буюу Сү.Батболдын Засгийн газар 2012 оны гуравдугаар сард 600 сая ам.долларын Евро бонд босгосон.

2013 онд эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байсан. Монголын эдийн засаг уул уурхайгаас хараат учраас зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах үед байдал туйлын хүндэрсэн. Уул уурхайгаа дагаад маш олон салбар хямралд орсон учраас 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон. Чингис бондоор авто зам, шинэ төмөр зам, гудамж төсөл, эрчим хүч гэх мэтчилэн Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Дараа нь 30 тэрбум иен буюу 300 сая ам.долларын Самурай бонд. Үүгээр зургаан хувийн орон сууцны зээл болон ТОСК-ийг санхүүжүүлсэн. Харин "Кредит Свисс" банкны 300 сая ам.долларын зээлээр авто замын төслүүд, арьс, шир хөтөлбөр, газар тариалан хөтөлбөр, ЖДҮ-70 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Каргилл санхүүгийн байгууллагын 75 сая ам.долларын зээлээр шинэ төмөр зам төслийг санхүүжүүлсэн. БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлээр Амгалан дулааны цахилгаан станц, Дулааны цахилгаан станц 3, 4-ийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн.

Тухайн үед Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүдийн 30-40 хувь нь арилжааны банкуудаар дамждаг байсан. Энэ бол хамгийн зөв арга байсан. Арилжааны банкинд зээл олгохоор экспортыг дэмждэг байгууллагууд нь өрсөлдөж, зээлээ аваад, эргэн төлөлт 100 хувь байсан. Арилжааны банкин дээр хэн нэгэн улстөрч очоод “Манай энэ хүнд зээл өг” гэж хэлэх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж