Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 1531 болж, 2020 оноос 34.5 хувиар өсчээ. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг өглөө.
2021 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн. Эдгээрээс 7240 буюу 76 хувийг нь шалгаж, шийдвэрлэхэд 1531 нь гэмт хэргийн шинжтэй байсан.
Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг цагдаагийн байгууллага хянах боломжгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу цагдаагийн алба хаагч тухайн дуудлага мэдээлэл дээр очоод, хүчирхийлэл мөн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Яагаад гэвэл утасны цаанаас хүмүүс дуудлага өгч байгаа учир заавал газар дээр нь очиж, тухайн хэрэгт аюулгүйн дүгнэлт хийж байж хэргийг гэмт хэрэг, эсвэл зөрчил гэж үздэг.
Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг. Хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан хугацаанд “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажилладаг.
ХӨЛ ХОРИОНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ 34.5 ХУВИАР НЭМЭГДСЭН
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг албадан саатуулж, боловсролын хөтөлбөрт хамруулдаг. Гэсэн ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэр бүлийн хүчирхийлэл огт буураагүй. Сургалтын чанарын хувьд тогтоосон системийн дагуу хамрагддаг. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бүсийн хувьд нягтралаас хамаарч орон нутаг болоод нийслэлд харилцан адилгүй бүртгэгддэг. Тухайлбал, нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутгаас Хөвсгөл, Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг. Энэ нь тухайн бүс нутгийн хүн амтай харьцуулсан үзүүлэлт юм.
Covid-19-өөс шалтгаалж хоёр жилийн хугацаанд хөл хорионы дүрэм журам хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил буурсан ч гэмт хэргийн тоо өссөн. Тодруулбал, 2020-2021 онд гэмт хэрэг 34.5 хувиар өссөн. Хохирогч, хүчирхийлэл үйлдэгч нэг орчинд удаан хугацаанд амьдраад ирэхээр хохирогчид бусдаас тусламж гуйх боломж буурсан. Энэ байдлаас шалтгаалж гэмт хэрэг өссөн.
Хуулийн байгууллагаас гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэх нь дасгах, гэмт хэргийг өөгшүүлэх зэрэг эрсдэлтэй гэж үздэг. Үүнээс болж хүчирхийллийг илрүүлж чадахгүйд хүрч, ирээдүйд учрах хор хохирол бүр ч нэмэгддэг сул талтай. Тиймээс гэмт хэрэг, зөрчил дээр сэтгүүлчид мэдрэмжтэй байж хандалтаас илүү ёс зүйтэй байхыг хүсч байна.
Холбоотой мэдээ