Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн хоёр удаагийн аварга "Алдар Танан Гарьд" багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Ижилболдтой ярилцлаа. Германд энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн, өнөө цагийн Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг түүний хувьд оюутны лигийн "ОТИС Шилүүсүүд" багийг удирддаг, мөн 2018 онд Жакартагийн Азийн наадамд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.
-Нэгдсэн дээд лигийн энэ улирал төгсөх шатандаа орлоо. Лигийн өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Харин зохион байгуулалт нь танд таалагдсан уу?
-Сүүлийн хэдэн жил сагсан бөмбөгийн тамирчид маань нэгдэж, лигээ зохион байгуулаагүй. Энэ жил нэгдэж 13 баг оролцсон сонирхолтой лиг болж байна. Харамсалтай нь, нэг тойргоор тоглоцгоолоо. Өөрөөр хэлбэл, багууд хоорондоо нэг удаа тоглосон гэсэн үг. Хоёр, эсвэл гурван тойргоор тоглосон бол тамирчид илүү олон тоглолтод оролцож, хөгжиж, дэвшихэд нь тус дэмтэй байсан болов уу даа.
-Сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн "Алдар Танан Гарьд" баг энэ жил плей-оффын эхний шатанд "Эрдэнэтийн Уурхайчид" багтай учраа таарч, ялагдсанаар улирлаа өндөрлүүллээ. Танай багт аз таарсангүй юу, бэлтгэл муу байв уу?
-Бид аваргын төлөөх гурав дахь дайралтаа хийсэн. Плей-оффын эхний шатандаа "Эрдэнэтийн Уурхайчид" багт харамсалтайгаар хожигдлоо. Мэдээж, финал руу явахыг хүссэн. Болсонгүй. Алдаа оноо, хожигдлоосоо хэрэгтэй, сайныг нь олж авч, буцаад бүгдийг тэгээс эхэлнэ дээ.
-Багийнхаа бүрэлдэхүүнийг нэлээд өөрчилсөн байсан. Зарим гол тоглогчдоо сольж, дасгалжуулагчийн албаа ч сэлгэж. Улирлын өмнө яагаад ийм шийдвэр гаргав?
-Өнгөрсөн жилийн багаа тараахгүйгээр яг тэр бүрэлдэхүүнээрээ дайралт хийсэн. П.Болортулга маань "IHC Apes" руу явсан. Түүний орон зай эзэнгүй байсан. Тэр зайн дээр А.Сүхбат ирсэн. Хэт богино хугацаанд бид хоорондоо уусгах, уусах гэх мэт асуудал байсан болохоор тоглолтод түүнийг төдийлөн ашиглаж чадсангүй. Зун бэлтгэлээ хийгээд, ирэх жил багийн гол, үндсэн нэг хэсэг болох байх.
М.Бадрах найз маань хамгийн сүүлд "Танан Гарьд" багт тоглож байгаад зодог тайлсан. Энэ багийг М.Бадрах сайн мэднэ. Тэр ч утгаараа давуу талтай. М.Бадрахын академик боловсрол, олон жилийн туршлага нь манай багийн туслах дасгалжуулагчид яг таарна гэж бодсон. Бид хоёр ч сайн ойлголцдог. Манай хуучин туслах дасгалжуулагч Б.Даваажав маань бурхан болсон. Тэр орон зайг нөхөхөөр ирсэн Бадрахдаа маш их баярласан. Надад их тус дэмжлэг болсон.
Бид багийнхаа нэг гишүүнийг үргэлж, санан дурсана гэдэг утгаараа өмсгөлийнхөө дээр дугаарыг нь шигтгэсэн.
-Хоёр легионер тамирчин сэтгэлд чинь хэр хүрсэн бэ?
-Хоёр легионер тамирчны хувьд туршлагатай, олон жил энд тэндхийн лигүүдээр явчихсан, “Учраа мэднэ” гэж ярьдаг даа, тийм л дажгүй ааш зантай, чанартай тоглогч нар ирсэн. Тэд хийх ёстой зүйлээ хийсэн гэж би бодож байна.
-Танай Б.Мөнхболд улиралд ч, плей-оффд ч тун сайн байж, дүү нартаа үлгэр дуурайлал үзүүллээ?
-Б.Мөнхболд олон жил дээд лигт тоглолоо. Туршлага, мэдрэмж бүх зүйл нь тулчихсан тоглогч. Олон дэмжигчтэй. Тоглолт уначихсан үед багийнхнаа сэргээж өгдөг. Түүний гурван онооны шидэлтүүд багийг, дэмжигчдийг сэргээдэг. Сэтгэл зүй нь үргэлж мотивацтай тоглогч шүү дээ.
-Бас О.Ууганбаярыг дурдахгүй өнгөрч болохгүй. Плей-оффын үеэр гэмтэлтэй байсан гэж дуулсан. Хэзээ багтаа эргэж ирэх вэ?
-О.Ууганбаярын гуяны арын булчингийн уут задарсан. Их эрчимтэй эмчилгээ, тариа хийлгээд, янз янзын аргаар үзсэн ч болсонгүй. Зун сайн бэлтгэл хийж, хоолны нарийн дэглэмд орж, эргэн ирэх төлөвлөгөөтэй байна.
-"Алдар Танан Гарьд"-ын цөм болсон А.Тэмүүжин, О.Эрдэнэцогт, М.Тэлмэн, Б.Болдбаатар, Г.Билгүүн нарын тоглолт хангалттай хэмжээнд байж чадсан уу. Тэд бүгдээ шавхаж чадсан уу?
-Энэ жил манай баг холбон тоглогч авчраагүй. Шалтгаан нь энэ тамирчдаа бүгдийг нь нэг түвшин ахиулъя гэж бодсон. Хоёр төвийн тоглогч авчирсан. Ялангуяа Б.Болдбаатар, А.Тэмүүжин, О.Эрдэнэцогт нар өөрсдөө бөмбөг залах, бөмбөгтэй үедээ зөв шийдвэр гаргах тал дээр түвшин ахих ёстой гэж боддог байсан л даа. Бөмбөг аваад дайрах, оноо авах тал дээр ямар ч асуудалгүй. Харин тоглолтыг найруулах, оновчтой дамжуулах, зөв шийдвэр гаргах тал дээр манай тамирчид хэдийгээр хожигдсон ч гэсэн түвшин ахисан болов уу гэж бодож байна. Үүний үр дүн дараа жил харагдах байх.
-Энэ жилийн аварга болон тэргүүн тоглогчоор аль багийн хэн тодрох бол. Та хэнийг болно гэж таамаглаж байна?
-Авьяастай, чадвартай тамирчид баг бүрт байна. Мэдээж багийн амжилт нөлөөлөх байх. Миний хувьд О.Эрдэнэцогтыг сайн тоглосон гэж бодож байна. Сүүлийн хэдэн жил ч энэ түвшинд тоглов. Мөн "Хасын Хүлэгүүд"-ийн Б.Билгүүн байна. Дурдаад байвал цөөнгүй тамирчин бий.
-Тамирчны шагнал дээр маргаан, үл ойлголцол үүсдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол?
-Манайхан, зохион байгуулагчид шагналынхаа асуудлыг зөв тодорхойлмоор байна. Улирлын үнэ цэнтэй тоглогч, плей-офф, финалын үнэ цэнтэй тоглогч гэж байдаг шүү дээ. Энийгээ зааглаагүйн улмаас будилаан, үл ойлголцол гарсан. Шагналаа зөв тодорхойлоод өгвөл зүгээр байна. Аваргын багийн тухайд миний хувьд "Эрдэнэтийн Уурхайчид", "Хасын Хүлэгүүд" багуудыг финалд үлдэнэ гэж бодож байна. Одоо энэ хоёрын эсрэг тоглож байгаа "Архангай Алтан Дорнодын Дайчид", "Тэнүүн Өлзий Металл" багууд сайн багууд. Гэхдээ илүү олон жил тоглосон гэдэг утгаар энэ хоёр баг фаворит.
-Та дээд лигт хэд дэх улирлаа өнгөрүүлж байна вэ? Анх "Эрдэнэдрийлинг Ригс" багийн видео аналист, скаутаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан санагдана?
-Миний долоо дахь улирал байлаа. Нэг мэдсэн чинь л долоон жил өнгөрчээ. Маш хурдан юм байна. Анх ирж байснаа бодвол тодорхой хэмжээнд Монголын лиг, сагсан бөмбөгийг мэддэг боллоо. Танан дээр дөрвөн улирал, бусад багууд дээр гурван улирал ажиллалаа.
-"Алдар Танан Гарьд" багтай анх яаж холбогдож байв?
-2017 онд "Танан Гарьд" баг маань "Этүгэн"-ий эсрэг долоон тоглолтод хожигдож, багаа шинэчилсэн. Тухайн үед Ц.Азбаяр, П.Болортулга, О.Эрдэнэцогт бид дөрөв "Харцага"-д байж байгаад, "Танан" руу орж ирсэн. Нэмээд М.Тэлмэн, Б.Болдбаатар нар орж ирсний дараа Б.Мөнхболд, О.Ууганбаяр, О.Нямбаяр гээд "Танан"-ийн хуучин хэд маань элссэн. Яг л тэр бүрэлдэхүүн одоо дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ.
-Танай багийн уур амьсгал их дотно, баг гэхээсээ илүүтэйгээр гэр бүл гэж тодорхойлмоор харагддаг. Үүний нууц юу вэ?
-Манай багийн харилцаа, уур амьсгал онцгой л доо. Фэнүүдтэйгээ ч ойр. Манай багийн эзэн Б.Буяннэмэх ах маань өвөрмөц хүн. Бусад багийн эзэд шиг биш. Бусад багийн эзэд багийнхнаасаа зайтай байдаг бол Буяа ах бидэнтэй ойр байдаг. Мөн би өөрөө эерэг дасгалжуулагчийн арга барилаар ажилладаг. Эерэг гэдэг нь илүү эерэг зүйлүүд дээр төвлөрч, тамирчидтайгаа зөв харьцах, тэднийг хүндлэх, тэдэнд урам зориг өгөх, өөрсдөөр нь шийдвэр гаргуулах, саналыг нь сонсоно гэсэн үг л дээ. Диктатур гэхээрээ бүх юм эсрэгээрээ. Нэг хүн шийдвэр гаргана, зохицуулна. Бусад нь хийнэ, хэрэгжүүлнэ.
-Танай багийн сүүлийн хоёр улирал дараалан түрүүлэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Би энэ жил маш сайн ойлгосон. Тамирчдын сэтгэл зүй, дасгалжуулагчийн сэтгэл зүй, багийн сэтгэл зүй гээд бүх хүний сэтгэл зүй суурь үндэс нь юм байна лээ. Ялангуяа талбай дээр тоглож байгаа тамирчдын сэтгэл зүй ханахгүй байх, үргэлж “hungry” буюу өлсгөлөн байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө басахгүй, төвлөрөх, өрсөлдөгч багаасаа илүүг хүсэх, хожих хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй байх нь гол үндэс. Тэр дэвсгэр дээр сагсан бөмбөгийн деталь хэсгүүдээ нэмээд, нэмээд босгоно. Үндэс ганхаад л, тамирчид маань ханаад, өрсөлдөгчөө басаад, зөвхөн “Би, би” амбиц нь ихэсвэл учир дутагдалтай. Сагсан бөмбөгөөс өөр хэвлэл мэдээлэл, сошиал руу анхаараад ирвэл хэцүү шүү дээ. Ямар ч сайн юм заагаад, дасгал хийгээд, мянга гүйгээд амжилтад хүрнэ гэдэг хэцүү.
-Багийн ахлах дасгалжуулагчийн хувиар "Алдар Танан Гарьд"-тай хамт дөрвөн улиралд хоёр түрүүлсэн амжилттай явна. Та ахлах дасгалжуулагчийн анхны гараагаа "Их Өргөө Аравтууд" багаас эхлүүлж байсан шүү дээ. Анхны саналаа хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Залуу ч байж, зоригтой ч байж. Ямар ч хариуцлагаас айгаагүй.
-Таныг "Сан Антони Спөрс" багийн ахлах дасгалжуулагч Грег Поповичоос үлгэр дуурайлал авч, суралцдаг гэж сонссон. Мөн өөрөө ч Европт энэ чиглэлээр суралцсан. Тэгэхээр та Европ болон Америкийн арга барилыг хослуулахыг эрмэлздэг гэсэн үг үү?
-Би "Спөрс"-ийн дэмжигч. Европ, Америкийн сагсан бөмбөг өөр шүү дээ. Бие биеэсээ суралцаад явж байна. NBA, Европын сагсан бөмбөг улам л ойртож байгаа. FIBA, Евролиг дүрмийнхээ өөрчлөлтөөр NBA рүү дөхөж байна. NBA ч Европын сагсан бөмбөгөөс хэрэгтэй зүйлүүдээ авч байна. Агуулгын хувьд ойртож байгаа гэсэн үг. Хэсэг хугацааны дараа маш ойрхон болох байх.
-Сүүлийн үед ямар дасгалжуулагчийн арга барилыг харж, суралцаж байна вэ?
-Виллановагийн их сургуулийн дасгалжуулагч Жэй Райтын тоглолтын арга барилуудыг их үзэж, судалдаг. Гэхдээ яг тэр, энэ гэхгүй дээ. Болж байгаа бүхий л шинэлэг подкаст, дасгалжуулагчийн сургалт, семинарыг үзэж сонсдог. Авах, гээхийн ухаанаар гэдэг дээ. Таалагдсанаа л хэрэгжүүлэхийг хүсдэг.
-Монголын шигшээ баг удахгүй Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөнө. Хэрэв танд шигшээ багийг удирдах, дасгалжуулах санал тавибал та хүлээж авах уу?
-Би дуртайяа хүлээн авна. 2018 оны Жакартагийн Азийн наадамд хамт явж байлаа. Тэнд явж байх үед их гоё байсан. Улсынхаа нэрийг гаргаад явах таатай санагддаг. Энэ жилийн шигшээ багийн хуваарийг харахад Тайланд, Малайз гээд тун дажгүй багуудтай нэг хэсэгт орсон байсан. Өнгөрсөн Азийн наадмаар бид Тайландтай тоглож байсан. Би яг өөрөө Тайландыг скаут хийгээд, судалж байсан. Тун боломжийн хэсэг байсан. Гайгүй багаа босгоод, сайн бэлдээд явбал амжилт гаргамаар харагдсан.
-2018 оны Азийн наадмыг эргээд харахаар яг юун дээр алдаа гаргасан гэж дүгнэдэг вэ?
–Олон хүчин зүйл бий л дээ. Бид дөрвөн жилд ганцхан удаа оролцож байсан. Холбооны асуудлаас болоод хэдэн жил ч өнгөрөв дөө. Тэр хугацаанд бусад багууд хөгжиж, дэвжээд, хоорондоо байнга тоглоод, тамирчдынх ч нүд чих нээгдсэн байх. Гэтэл бид явахгүй байж байгаад дөрвөн жилдээ ганц удаа Азийн наадмаар очиход хүмүүс нь, тамирчид нь, дасгалжуулагч нар нь солигдчихсон байсан. Асуудлууд их гарсан. Тэр хэмжээнд галыг унтраахаар нутгийн эзэн багтай тоглоно гэдэг бахархууштай.
-"ОТИС Шилүүсүүд" баг оюутны лигтээ амжилттай яваа. Өнгөрсөн жил финалд шалгарч, мөнгөн медаль хүртсэн. Энэ улиралд амжилтаа давтах, ахиулах зорилготой байгаа байх?
-Манай эмэгтэй баг нэг ч хожигдоогүй явж байна. Эрэгтэй баг маань ч дажгүй амжилттай яваа. Энэ улирал хоёрдугаар багтай болсон. Тэгэхээр нийт гурван багтай болсон. Ерөнхийдөө бид Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн программыг өндөр түвшинд байлгая гэсэн үүднээс ахлах дасгалжуулагчаас гадна ур чадварын дасгалжуулагч, фитнес багш, сэтгэлзүйч, хоёрдугаар багийн дасгалжуулагч гээд өргөн бүрэлдэхүүнтэй нэг чиглэлийн бус хүч, ур чадвар, багийн бэлтгэл гээд олон талаас нь хөгжүүлэх гээд үзэж байна. Мэдээж өмнөх зорилгоо давтах, давуулах зорилго, зорилт бий.
Дээд лигийн багийн маань улирал дууссан учир ийшээгээ ханцуй шамлан дайралтаа хийнэ гээд бодож байна даа.
-Дээд лигийн туршлагатай, учраа олчихсон тамирчдыг дасгалжуулах, энэ оюутны лигийн туршлагагүй тамирчдыг дасгалжуулах хэр ялгаатай вэ?
-Ялгаа бий шүү. Дөнгөж сагс тоглож, сурч байгаа хүүхдүүд болохоор мэргэжлийн тамирчдад байдаг элдэв зүйлс байхгүй. Цалин мөнгө, статистик, сошиал медиа, “Би” гэх мэт зүйлс байхгүй. Бүх юм цагаанаараа, зүгээр л “Сагс тоглоё, багш аа” гэсэн хүүхдүүд байна. Энэ хүүхдүүдийг зангидаад тоглох хамаагүй амар байдаг.
Тэр энэхүү ярилцлагаа өгсний дараа буюу өчигдөр /2022.03.03/ "Алдар Танан Гарьд" багаас явж буйгаа зарласан юм. Тэрбээр "Танан Гарьд" багтайгаа хийсэн аяллаа энд хүрээд дуусгаж байна. Мундаг тоглогчид, галзуу фанатуудтай сайхан аялал байлаа. Бас амаргүй жилүүд байлаа. Дэмжиж ирсэн хүн бүрд баярлалаа" гэжээ.
Холбоотой мэдээ