Түгжрэлийг ялах эхний шийдэл  

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг ялах эхний шийдэл  

Түгжрэлийг ялах эхний шийдэл  

Иргэний санал

Айл бүрийн орлого, ААН бүрийн бүтээмж, улс орны хөгжилд гай, чөдөр болсон түгжрэлийг шийдэхийг хүлээсээр зургаан жил боллоо. Тээр жилийн “Гудамж” төслийн уулзвар шинэчлэл, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээг чөлөөлөх энэ гурав л нам зогсоочихгүй өдийг хүргэлээ. Түүнээс хойш юу хийж хэдэн тэрбум зарцуулсныг хэн ч үл мэднэ. Түгжрэлийн түм буман шалтгаанаас тоймтой хэдийг түүж, шийдэл хайя, хамтдаа.

Асуудал ба шалтгаан

Бид жинхэнээсээ бөглөрсөн, удахгүй нам зогсоно. Буруу хүрдтэй машинаа хориглоё, өндөр татвар авъя, зам нэмж барья, гүүр, гүүрэн зам тавья, төлбөр авч нэвтрүүлье, метро барья, бүр давраад хөдөөнийхнөө хөөе… Улиг болсон, мөнгө үнэртсэн, иргэдээ ялгаварласан санаанууд хөвөрсөөр. Гэвч шийдсэн нь үгүй.

Уучлаарай, иргэн бүр автомашин эзэмших тэгш эрхтэй, хэн ч хорих эрхгүй. Их машинтай, бага замтай нь асуудал нь биш, харин иргэн бүр машинаа зөв зохистой хэрэглэх бодлогын зохицуулалтгүй, төр өөрөө, хот өөрөө энэ хотод машингүйгээр амьдрах аргагүй болгож байгаад л асуудал байна. Ирдэггүй, багтдаггүй автобус хүлээж даарснаас тухтай бас бараг хямд, алхсанаас аюулгүй бөгөөд хордохгүй, таксидаж мөнгө үрэхгүй түгжээндээ утсаа ухах нь дээр учраас яаж ийгээд лизингдээд машинтай болж байгаа нь ард бидний буруу биш.

Ард түмэн тэнэг биш, ямар нэгэн хамгийн дөхөм аргаар, бага зардлаар орчиндоо зохицон амьдардаг гэдгийг мартаж болохгүй. Зөв бодлого, зохицуулалт байвал “усыг нь уувал ёсыг нь дагах”-аа бид бас чадна.

Машинтан бүр хотын төвд ажил ажлынхаа ойролцоо байр сууц, байгууллага, замын зорчих хэсэг, зам талбай, зүлэг мод, явган хүний зам, хайрлахгүй нүх сүв олон чихэлдүүлэн тавиад орой бөглөрөнхөн харьдаг. Яагаад? Ажилдаа явах ёстой, хүүхдээ хүргэх ёстой ч бас машинаа үнэгүй тавьдаг учраас, өглөө л эрт очиж чадвал хэрэг бүтдэг учраас.  Харин төрийн шийдэл нь азгүй нэгнийг нь ачиж даапаалдаг.

Хурдан эхлүүлж болох, зардал багатай, бүгдэд хожоотой шийдэл байхгүй гэж үү?

Шийдэл

Дугаарын хязгаарлалтын бүс доторх улсын төсвөөр барьсан болон нийтийн эзэмшлийн зам талбайд машин зогсож болох бүх газрыг зурагжуулан зогсоол болгон дугаарлах, нийтийн эзэмшилд байгаа зориудын ногоон байгууламжаас бусад (зам, гүүр, далан, дулааны шугамын хажуу гэх мэт) бүх газрыг түр болон бүр зогсоол болгож дугаарлах, байгууллага, ААН бүр өөрийн эзэмшилд байх газрын явган зам, зүлэг мод, онцгой хэрэгцээнээс бусад бүх талбайг зогсоол болгож тохижуулах, дугаарлахыг шаардах, олгогдсон ч ирээдүйд ашиглах зорилготой хашсан хашаагүй газруудыг ашиглаж эхлэх хүртлээ түр зогсоол болгон тохижуулахыг шаардах. Үүний үр дүнд олон мянган албан ёсны зогсоол бий болно. Хоёр сарын л ажил.

Хувь, хувьсгалын дугаарлагдсан зогсоол бүрийг хамруулах боломжтой, хэрэглэгч зогсоолд зогссон, хөдөлсөн цагаа бүртгүүлэх, төлбөрөө хийх, хянах, гомдол гаргах боломжтой, төлөгдсөн төлбөрөөс зогсоолын эзэнд, торгуулиас хянагч нарт саадгүй хуваарилагдан очих гар утасны aппликэйшн зохиолгох. Хоёр сарын л ажил. Нэр нь ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР.

Иргэд зогсоолд тавихдаа өөрийн машинаар бүртгүүлсэн аппликэйшндээ зогсоолын дугаараа бүртгүүлнэ, явахдаа ЯВЛАА, БАЯРЛАЛАА товчоо дарлаа. 2-3 товч, 20-30 секунд. Амархан.

Иргэд ухамсаргүй шүү дээ гэж үү? Тийм байж болно. Хянадаг хүн бас бий. Ажил хийх хүсэлтэй иргэд сургалтад хамрагдаад, эрхээ аваад хянагч хийнэ. Өөрийн гэрийн ойролцоо, эсвэл хүссэн байрлалын 20-100 зогсоолыг хариуцан машинаа тавиад бүртгүүлээгүй, хүний дугаар оруулсан, яваагүй байж ЯВЛАА дарсан, дугаарлаагүй байрлалд тавьсан иргэнийг апп-аараа илрүүлэн зургаар баталгаажуулж, 8 цагийн төлбөрөөр торгоно. 1 цагийн төлбөр хэмнэх гэж 8 цагийн төлбөр төлөх “ухамсаргүй” хүн цөөрөх биз. Торгуулийн ихэнх мөнгө хянагчид очно. Өөр бусад зөрчлүүд байж болно. Тус бүрд тохирсон торгууль бодоод олчиход ядах юмгүй.

Хүн бүр апп ашиглаж чадахгүй шүү дээ гэж үү? Хүүхэд рүүгээ утасдаад, зогсоолын дугаараа л хэлнэ биз. Яваандаа сурчихна аа. Туркээс бараа захиалаад л байдаг биз дээ.

Төлбөрөө төлөхгүй шүү дээ гэж үү? Нийт төлбөр 50 мянгаас хэтэрсэн, эсвэл эхний сарын дотор төлөөгүй бол зогсоолд зогсох эрхгүй бөгөөд хэрвээ зогссон бол хянагч апп-аараа шууд ачигч дуудчихна. “Амжаад” аваад явчихаа тэд мэднэ. Маргаан гарахгүй.

Төлбөр хэд вэ гэж үү? Бүгдээрээ бодъё. Зорилго бол өндөр төлбөр авахдаа биш ээ. Албан ёсны зогсоолд хэрэгцээгээрээ төлбөрөө төлөөд, ажил амьдралаа цэгцэлье. Сэлгүүцдэг нь ажилтайдаа саад болохоо больё, баян ядуу, эрт босдог босдоггүй, соёлтой соёлгүйгээсээ хамаарахгүй, шударгаар машинаа зөв зохистой хэрэглэе, зогсоол биш зүлэг мод, орц гарцаа, явган замаа сүйтгэж, хотоо новш болгож, төсвийн мөнгөөр тохижуулсан болж мөнгө иддэгийг нь болиулъя гэж байгаа биз дээ, бүгдээрээ.

Мэдээж байрлалаас хамаараад ялгаатай. Хотын төвөөрөө дунджаар 10 минут тутамд 200 төгрөг, үргэлжилсэн 4 цагаас дээш бол 20 хувь хямд. 22:00-08:00 цагт бүх зогсоол 500 төгрөг. Хувийн зогсоол өөрсдөө үнээ тогтоог. Жаахан захдуухан өдөржин тавиад 3000 төлдөг байвал түгжирч бухимдаж, ажлаа алдаж, бензинээ шатааж бухимдаж байхаас дээр биш үү? Хэрэгжүүлээд үзье. Ихдээд, багадаад байвал өөрчлөх амархан. Хувийнхны үнэ ч зах зээлийнхээ жамаар тогтоно биз. Хувьсгалынхыг ч, шаваад байгааг нь үнэтэй, хоосроод байгааг нь хямд болгож өөрчилж бас чадна. Юу ч гэсэн хувь, хувьсгал нийлээд хэдэн зогсоол шинээр бий болж, нийт хэд болох нь вэ, зуръя, тоолъё. Одоо байгаа зогсоол нь хэд бол, мухар тоо эрх биш эрхтэн дархтануудад байдаг биз.

Ингээд болоо гэж үү? Арай болоогүй. Албан ёсоор зогсоол болгож болох хувь, хувьсгалын бүх байрлал зогсоол болсон тул одоо бусад бүх байрлалд зогсож болохгүй. Хайр найргүй ачна.

Магадгүй, зогсоол цөөдөх байх. Иргэд, ААН-үүд газраа зогсоол болгох бизнес санал тавин дэмжье. Өөрийн газраа тэгшлээд, нягтруулаад, хайрга асгаад, тоос шороог нь дараад, зүлэг мод тойруулж тарих иргэн, ААН-д нэмсэн зогсоолын тоогоор мөнгөн урамшуулал, тухайлбал сая төгрөг өгье. 3 жил өөрчлөхгүй нөхцөлөөр, өөрчлөх бол үлдсэн хугацаагаараа авсан мөнгөнөөсөө буцааж төлөг. 10 тэрбумаар 10000 зогсоол бий болог. Дутвал 30 тэрбумаар 30000 зогсоол амилуулъя.

0.07 га хашааны газартай иргэн 20 машины зогсоолтой болоод, 20 саяын дэмжлэг аваад, өдөрт дор хаяж 100 мянга, сардаа 3 саяын орлоготой болог л дээ. Хотын төвийг тойрсон түр болон бүр зогсоолын бизнес цэцэглэг л дээ. Бүгд ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР апп-аараа төлбөрөө авчихна. Апп дээрээ зогсоол эзэмшигч үнээ өөрөө зохиох боломж нээлттэй тул байрлал сайтай нь үнэтэй, тааруухан нь хямд, хүмүүс ажлынхаа ойр орчимд аль хямдад нь тавиад алхана биз. Улаанбаатар өөрөө тийм ч том биш тул хүн бүрт 10-15 минут алхаад ажилдаа очих зогсоол олдох л болно. Зогсоолоо дагаад угаадаг, арчдаг, халаадаг, хүргэдэг бизнес бий болог.

Хамгийн хэцүү хэсэг 

Дугаарын хязгаарлалтын бүсэд буй орон сууцны оршин суугчид машинаа хаана тавьж хонох вэ?

  • Шөнө бүх зогсоол хямд болно гэснийг санаарай. Мөн зөвхөн шөнийн цагаар зогсоол болгох боломжтой замуудад зогсоол зурна.
  • Оршин суугчид ойр орчмынхоо зогсоолыг бүтэн жилээр нь шөнийн цагаар тавих эрхээ авч болно. Тийм зогсоолд бусад цагт машин тавихад 22 цагаас эхлэн хувийн зогсоол болно шүү гэдэг анхааруулга апп-аар мэдэгдэнэ, цаг болмогц машинаа аваарай гэж дохио ирнэ. Хэнэггүйтвэл ачигдана. Эзэн өөрөө өглөө авахгүй бол өдрийн тарифаар төлбөр бодогдоно. Зөвхөн шөнийн зогсоолд тавиад авахгүй бол ачигдана.
  • Хотхонууд, байрууд одоо байгаа боломжит зогсоолоо дугааржуулж зураад, төлбөртэйгээр хүмүүстээ хуваарилна. Эзэмшигч эзгүй үед чинь өөр хүн төлбөртэйгээр болон төлбөргүйгээр тавьж болох эсэхийг апп-даа зааж өгнө.
  • Машин багталцахгүй хотхон байрныхан СӨХ хороо, хотын захиргаанд хүсэлт гаргаж, ойр орчимдоо буй зогсоол болгож болох нийтийн эзэмшлийн газрыг ашиглах зөвшөөрөл авч зогсоол болгоод, хүмүүстээ төлбөртэйгөөр хуваарилаад, сул үед нь төлбөртэйгөөр бусад хүн ашиглаж болохоор зохицуулна.

Хаана ингээд шийдсэн юм бэ гэж үү? Уншигч та гадаад, дотоодод явсан л байх. Аль улсын, аль хотын төв рүү машинтайгаа ороод, байр сууцны булан тохой олоод, бордюр давуулаад, зүлэг дайраад тавьсан машин харсан бэ? Манай хотод бол 500 саяын жийп зүлэг голлоод хаа сайгүй, хээвнэг зогсоно. Тэдний гудамжаар нэг эгнэх машин үнэгүй тавиатай гэж бодож байна уу? Үгүй. Манайд бол улаан зам дээр цагдаатайгаа, ачигчтайгаа, уурласан жолоочтойгоо зам бөглөөд л, хэрэлдээд л зогсож байна, өдөр бүр. Барилга байшингийн дунд байх жижгэвтэр төлбөрт зогсоол улсынх бөгөөд дандаа тиймээрээ байна гэж бодож байна уу? Үгүй. Түр зогсоол. Барилгаа баригдаж эхлэхийг хүлээж байгаа газар.

Монгол хэдий газар нутаг томтой ч, газраа иргэдээсээ харамламааргүй ч, та бид ганц хотын төвдөө машинаа заавал үнэгүй тавина гэж зүтгэхийм үү. Үүнээсээ үүдсэн түмэн бэрхшээлдээ живсээр, бухимдсаар хаа хүрэх вэ?

Бид л зогсоолтой болгоод өгөөч, төлбөрөө төлөөд, ажил амьдралаа бодъё гэхгүй бол энэ улстөрчид чинь, эрх мэдэлтнүүд чинь наанаа иргэдээ 1000 төгрөгөөр мөлжөөд яах вэ, бослого тэмцэл гарна гэх мөртлөө цаанаа тэр ч дүүжин зам, энэ ч гүүрэн зам, машин болгонд чип суулгана ч гэнэ үү, зуу зуун тэрбумаар нь үрэх гээд явааг сонсоо биз дээ?

Хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Шийдвэр гаргаж, бодлогоор дэмжин, хөрөнгө гаргаж, үр дүнд хүргэх хотын захиргааны үүрэг оролцоо, хийх ажил:

  • Зогсоол болгох боломжит бүх нийтийн зам, талбайг зурагжуулах. Төсвийн дэмжлэгтэйгээр заасан хугацаанд нийтийн эзэмшлийн зогсоолын зам дээрх зогсоолын зураг, шинэ зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх, засвар арчилгаа, хянагч ажиллуулах менежмент хийж, орлогын 20 хувь авч, 10 жил ашигтай ажиллах онцгой эрхтэй компанийг шалгаруулах төлбөртэй тендер зарлах.
  • ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР гар утсанд ажиллах аппликэйшн зохиох, ажиллуулах, төлбөр тооцоо, бусад бүхий л ажиллагааг хариуцах, орлогын 10 хувь авч, 10 жил ашигтай ажиллах онцгой эрх эзэмших мэргэжлийн компани шалгаруулах төлбөртэй тендер зарлах.
  • Нэмж зогсоол байгуулж болох нийтийн эзэмшлийн, хог шарилж овоорсон, хашаа сараалжаар хаасан газруудаа ялгаж зураглал хийх, газар олголтын завсар гээгдсэн мухар, нарийн ашиглалтгүй хэсгээ ойр орчны иргэд ААН, байгуулагууддаа зогсоолоо тэлэх, явган зам гаргах, зүлэг мод тарих зориулалтаар эзэмшүүлэх, шаардаж хийлгэх.
  • ААН, иргэдэд олгогдсон ч ашиглалтгүй байгаа хашаатай, хашаагүй газруудын зураглал хийж, зогсоол болгохыг шаардах, заасан хугацаанд хийлгэх, дэмжлэг үзүүлэх.
  • ААН, иргэдэд зогсоол байгуулах санхүүгийн дэмжлэг олгох журам гаргаж хэрэгжүүлэх.

Гарах үр дүн

Тэдэн тэрбумыг зараад, түгжрэл тэдэн хувиар буурна гэж дэмийрмээргүй байна. Зөндөө сонслоо. Та биднээс л хамаарна. Харин ард бид богино хугацаанд зогсох зогсоолтой, давхих замтай болмоор байна. Ургаж болдог зүлэгтэй, дайруулаагүй хайстай, мөргүүлээгүй шонтой, эмтэрч унаагүй бордюртай, шороо хийсдэггүй гудамжтай, хулгайлж биш “ухамсаргүйтсэн”-ийг ачдаг ачилтын үйлчилгээтэй болъё. Явж болдог явган замтай болсон бид ажилтай бол машинтайгаа, албагүй бол алхдаг болмоор байна. Их биш хөрөнгөөр богино хугацаанд иргэд ААН-үүдийнхээ оролцоотойгоор далайцтайгаар хийж болох ажил биш гэж үү? Харин хот та саадгүй урсах замуудтай, жирийтэл зогсоолдоо зогсох машинтай, алаглах цэцэг, ногоорох зүлэгтэй, инээмсэглэн алхах иргэдтэй болмоор байгаа биш гэж үү?

Цаашаа яах вэ гэж үү? Энэ зогсоолын шийдэлд гаргасан хөрөнгө нэг их удахгүй зогсоолын төлбөрөөс эргэн нөхөгдөнө. Түүгээрээ дугаарын хязгаарлалтын бүсээсээ тэлж, энэ зарчмаараа явуулъя. Яаруу барьсан зогсоолуудаа янзал, ойр орчныг нь тохижуул, тэмдэг тэмдэглэгээгээ шинэчил, гоё ганган болго гээд хэрэгжүүлэгч компанидаа өгье. Мөнгө нь байгаа бол илүү ч хурдтай хиймээр байна.

Нэгэнт төлбөрийн аппликэйшн байгаа тул аймгийн төвүүд хамрагдаад, өөр өөрийн төвөөсөө эхлээд зогсдог болон зогсдоггүй газраа ялгаад хөгжье. Аль ч хот суурин газар төвөөсөө эхлэн гял цал болоод, тэлээд явдаг. Одоо л эхлэхгүй бол урд хийснээ давж дайрч зогсоол болгоод, өвөл нь утаа үнэртэж, зун нь шороо амталж хэдий болтол амьдрах юм бэ?

Нийслэлд хуваарилсан 420 тэрбумаасаа багахан хэсгийг нь энэхүү ЗОГСООЛ санаачлагад зарцуулж өгөөч. Зайлшгүй тавих автозамаа тавина л биз. Зэрэгцүүлээд энэ жил хотын төвийн барилга байшин, албан газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэггүй хашаа хороонуудаа буулгаад, задлаад явган зам, дугуйн зам тавиад, зүлэг мод тариад өгөөч. Бид машинаа тавиад алхъя. Байгаа зам, уулзвар, замын голд байгаа траншейны нүхээ, энхэл донхол, нүх сүвээ тэгшлээд өгөөч. Шинэ замаас олон дахин хямдхан биз дээ.

Явган гарц, цагаан шугамаа тодруулаад өгөөч. Бид хурдан хурдан яваад өнгөрмөөр байна. Өглөө болгоны түгжрэлийн үзүүр болохгүй зогсоолд орох гэсэн машины ард, орой болгоны түгжрэлийн үзүүр Таван шар, III, IY хороолол, Долоон буудал, Дамбадаржаа, Офицеруудын ордон, Дүнжингаравын уулзварын цаана байх хагарсан зам тойрч гарах гэж мөлхөж байгаа машины ард байдгийг замын цагдаа нь ойлгоод, хотдоо хэлдэг байлгүй дээ. Өдөрт нь нөхөөд өгөөч.

Ирээдүйн хотын төв маань машинтай чихдэг биш, хурдан дөхөөд, төлбөртэй зогсоолдоо тавиад алхдаг хот баймаар байна.

Та ойлгож дэмжиж байвал саналаа хэлнэ үү.

Дараачийн санал НИЙТИЙН ТЭЭВЭР. Тун удахгүй…

МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж