Хөх ордны төлөөх таамаглаагүй өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Хөх ордны төлөөх таамаглаагүй өрсөлдөөн

Хөх ордны төлөөх таамаглаагүй өрсөлдөөн
Ан Чёл Су нэрээ татаж, Юн Сок Ёлыг дэмжихээ зарлав

Өмнөд Солонгосын консерватив үзэл баримтлалтай хоёр гол намын нэр дэвшигчид ирэх долоо хоногт болох сонгуульд нэгдэж оролцох болсноо зарлалаа. Хөх ордны тэргүүнийг сонгох сонгууль гуравдугаар сарын 9-нд болно. Ижил үзэл баримтлалтай хоёр нам нэгдэж, сонгуульд өрсөлдсөнөөр ялах магадлалыг улам нэмэгдүүлнэ гэж үзжээ. Тодруулбал, чансааны урьдчилсан тооцооллоор гуравдугаарт нэрлэгдсэн нэр дэвшигч Ан Чёл Су сонгуулиас нэрээ татаж, эрх баригч намын эсрэг хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Юн Сок Ёлыг дэмжихээ илэрхийлэв. Хэрэв сонгуульд Юн Сок Ёл ялвал дээрх хоёр нам нэгдэж, эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцжээ.

Сүүлийн үед явуулсан судалгаагаар Юн Сок Ёл нь эрх баригч намын нэр дэвшигчтэй хэдхэн хувийн саналын зөрүүтэй байв. Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шатандаа ороход эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мюн, консерватив үзэл баримтлалтай гол сөрөг хүчний Ардын хүч намын Юн Сок Ёл, төвийн үзэл баримтлалтай сөрөг хүчний жижиг нам болох Ардын намын Ан Чёл Су, зүүний үзэл баримтлалтай Шударга ёс намын Шим Сан Жун нар ойролцоо хувийн саналын зөрүүтэйгээр тэргүүлж эхэлжээ. Тодруулбал, “Gallup” судалгааны төвийн өнгөрсөн долоо хоногт явуулсан судалгаагаар Юн Сок Ёл эрх баригч намын нэр дэвшигчээс 0.7 хувийн саналын зөрүүтэй байж.

Программ хангамжийн энтерепрейнер, эмч мэргэжилтэй Ан Чёл Су дээрх санал хураалтаар 9.5 хувийн дэмжлэг авсан аж. Тэрбээр сонгуулиас нэрээ татаж, сөрөг хүчний гол намтай нэгдсэнээр Юн Сок Ёлын ялах магадлалыг өсгөж, сонгуулийн үр дүнг өөрчлөхүйц сонголт хийв.

Ан Чёл Су

Өмнөх парламентын сонгуульд эрх баригч намаас Ан Чёл Сугийн намтай хамтран эвсэл байгуулсан юм. Ан Чёл Сугийн нам 300 гишүүнтэй, Үндэсний ассамблейд гурван суудалтай. Ан Чёл Сугийн үйлдэл Өмнөд Солонгосыг 1987 онд ардчилсан системд шилжсэнээс хойших урьдчилан таамаглаагүй эргэлттэй сонгууль болгож байна.

Өмнөд Солонгосын Консерватив намын сүүлийн ерөнхийлөгч Пак Гын Хэ гутамшигтайгаар 2017 онд суудлаасаа буусны дараа парламент болон мужийн сонгуульд либералчууд ээлж дараалан ялалт байгуулсан юм. Харин энэ удаагийн сонгууль цар тахал, эдийн засгийн хямрал, АНУ-Хятадын эрчимжиж буй сөргөлдөөн, Хойд Солонгосын цөмийн заналхийлэл зэрэг олон асуудал дунд болж буйгаараа нэр дэвшигчдийн хувьд хүндхэн сорилт болж байна. Консерватив үзэлтнүүд Мүн Жэ Иний засгийн газрыг дотоодын хуваагдал, үндэсний аюулгүй байдлын асуудлыг үл тоож, Хойд Солонгос, Хятадтай харилцах харилцаанаас болж АНУ-тай холбоотны харилцааг алдагдуулж байна гэж буруутгадаг. Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр гол хоёр консерватив намын нэр дэвшигчид үндэсний эв нэгдлийг нэмэгдүүлж, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд анхаарч, эдийн засгийн шинэчлэлт явуулахаа амлажээ.

Зүүн гар талаас: Шим Сан Жун, И Жэ Мюн, Юн Сок Ёл, Ан Чёл Су

Хэвлэлийн хурлын хариуд сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч И Жэ Мюн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Мүн Жэ Ин улиран нэр дэвших боломжгүй. Гуравдугаар сарын 9-нд сонгогдсон нэр дэвшигч ирэх тавдугаар сард тангаргаа өргөж, таван жилийн хугацаатайгаар Хөх ордны тэргүүнээр ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж