УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “УИХ ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “ Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт тэнцэл” сэдвийн хүрээнд сургалт хийсэн юм. Тэрбээр сэтгүүл зүйн салбар мэргэжлийн, ёс зүйтэй, баримт нотолгоонд суурилсан байж улмаар итгэл үнэмшил бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал болж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл зэрэгцэн оршиж байх ёстой. Энэхүү засаглалын үндсэн зарчмыг хангахад хэвлэл мэдээллийнхэн дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж хамтран ажиллахын чухлыг онцолсон юм.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хяналт шалгалтын хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль 7 бүлэг 58 зүйлтэй. Энэхүү хуулиар хяналт шалгалтын арга хэрэгсэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой зааж өгсөн бөгөөд төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах Түр хороо байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгажээ.
“УИХ ба сэтгүүл зүй” ээлжит сургалт тодорхой сэдвийн дагуу болж буй учраас хамтран зохион байгуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хэрхэн хамтран ажиллах боломж, хуулийн хүрээнд мэдээлэл түгээх гарц болон үйл ажиллагаагаа танилцуулсан мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ