
Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор 3000 хятад иргэн ирсэн тухай түгшин ярьцгааж байна. Энэ бол аюул мөн. Гэвч асуудлыг ухаалгаар шийдэх гарц бас бий. Тэд зам тавих гэж ирэв үү, Монголыг эрлийзжүүлэх гэж ирсэн үү гэдэгт ч учир буй. “Өнөөдөр Хятад улсад 25 сая гоонь эр байна. Монгол бүсгүйтэй гэрлэсэн хятад залууд тус улсын Ардын банкнаас урт хугацаатай зээл олгодог” гэх мэдээлэл тэр зүгээс ирдэг билээ. Гэрлээгүй эрчүүдээ гэмт хэргээс ангид байлгах, ДОХ болон бэлгийн гаж байдлаас ангижруулахын тулд төрөөс нь ийм бодлого явуулсан байхыг үгүйсгэхгүй. Харин Оюутолгойд ирсэн хятадуудын хувьд тэд ажиллах гэж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хамгийн хямд ажиллах хүч гэж үнэлэгддэг тэдний хувьд хэрвээ ажлын байр нь чухал бол сахилга батыг сахиулахад тэгтлээ цааргалахгүй биз ээ.
Бид тэднийг эрлийз гэж адлахад, цаад улсынхан ч бас манай хольцтой иргэнийг эрлийз гээд нүд үзүүрлэж л буй. Холимог үндэстний асуудлыг хатуу чанд хил хязгаартай үед шийдэж чадаагүй. Даяаршлын энэ цаг үед эцэслэн шийднэ гэвэл бүр ч үлгэр. Тиймээс толгой дараалан устгахгүйгээс хойш эвлэрч л амьдрах хэрэгтэй болох нь.
Манай улс эрх чөлөөний индексээр өнгөрсөн жил 89-д жагсч дэлхийн ногоон бүс буюу эрх чөлөөт орны ангилалд багтсан. Тэгсэн хэрнээ аз жаргалын индексээр 103-т жагсчихаад байгаа. Тэгэхээр аз жаргалгүй эрх чөлөөтэй гэж ойлгож болох уу.
Саяхан ” банжиг” гэдэг сайтад нэгэн охин эрлийз гэдгээ зарлаад өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа, ирээдүйд надад хань олдох болов уу хэмээн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хариуд нь монгол залуусын ихэнх нь “Монголоо гэсэн сэтгэлтэй хэнийг ч цаашаа гэхгүй” хэмээсэн байх юм. Мөн “Эрлийзээрээ гайхуулаад байхдаа яадаг юм бэ, зайл” ч гэх хүн цөөнгүй байв.
Улаанбаатар хотод зөвхөн хятад аав, ээжтэй хүн л гэхэд 3000 бий гэсэн тоо байдаг. Бусад улсын иргэдтэй гэр бүл бологсдын үр хүүхдийг тооцвол хэчнээн тооны эрлийз буйг бүү мэд. Унгарт холимог гэр бүлийн тоо 300-д хүрээд буйг тэнд суугаа манай Элчин сайд мэдээлсэн. Дэлхий даяар хэчнээн болж үржсэнийг хэн ч тоолж чадахгүй байна. Гэвч эрлийзүүдийг адлах аргагүй. Тэгэх тусам хүчээ авч, бүлэглэл үүсгэж нууц ноёрхлоо үүсгэхийг хичээх болно. Харин Монголоо гэсэн сэтгэлийг нь дэмжиж давуу талыг нь ашиглах хэрэгтэй. Европ адлагддаг еврейчүүдийн хосгүй чадвар энэ тивийн олон орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй тус нэмрээ өгсөн байдаг. Хаанахын ч эрлийз байлаа гэсэн тэд Монголоор ярьж, Монголд бизнес эрхэлж байгаа. Ихэнх нь хотын төвд хэд хэдэн байртай, хамгийн сайхан машин унадаг баячуудын ангилалд багтдаг. Харин Монголоос өөр газар амьдарч яасан ч чадахгүй гэдэг юм билээ.
Социализмын мөхлийн өмнөх үе буюу 1980-аад оны үед нийслэлийнхэн “Дөчин мянгатад нэг харын эрлийз хүү байдаг, харсан уу” гэлцэж байв. Тэр хүүд хотын гудамжаар явахад хэчнээн хэцүү байсан бол. Харин өнөөдөр бараг л өнгө өнгийн үс, зүстнүүд явах болсон ч хэнд ч сонин биш болжээ. Цаг үе ингэж өөрчлөгдөж байхад яагаад үзэл бодол хэвээрээ байх ёстой гэж.
Өнөөдөр бид эрлийз иргэдийг цэвэр монгол үндэстнээс нь ялгаж салгах байтугай Монгол Улсын иргэний тоог үнэн зөв гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Харин эрлийз гэдэг үгээр улс төр хийсэн гашуун тохиолдол нэг бус гараад байгаа нь харамсалтай. Ганцхан жишээ дурдахад Намбарын Энхбаяртай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бүхэн эрлийз цол зүүдэг. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, хамгийн сүүлд Ц.Элбэгдорж. Харин өөрөө цорын ганц монгол хүн мэт. Хүн төрөлхтний хамгийн том эрх чөлөөг зөрчин эмзэг сэдэвт нь халдсан тэрбээр өөрийгөө улс төрийн өндөр соёлтойд тооцдог нь хачин.
Яагаад жил тутам 3000-5000 монгол эмэгтэй Хятадын томоохон хотуудад ажиллахыг чухалчилж байна вэ. Төр зөв бодлого явуулж, хэдэн охиноо аятайхан ажлын байр өгөөд, олигтойхон тэжээгээд явж чадсан юм уу. Харамсалтай нь үүнийг би биш Эрээн хотын амьдралтай танилцаж явсан Америкийн сурвалжлагч тэмдэглэлдээ бичиж асуудал дэвшүүлээд орхижээ. Энэ асуултын хариу болгон төрийн бодлого явуулах боломжийг олгосон монгол үндэстэн улстөрчдөд олонтаа олгосон. Тэд юу хийснийг одоо болтол олж харахгүй л байна. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэн нэгдсэнээр монголчууд олуулаа бөгөөд хүчирхэг болно. Ирэх сонгуулиудад “эрлийз”-ээр л бүү улс төр хийгээсэй.
У.Оргилмаа.
Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин