Хорь гаруйхан хоногийн өмнө тогтвортой байсан нүүрсний зах зээл Орос, Украины дайны байдал хурцадсаны улмаас дахин эрчимжлээ. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн Даваа гариг (2022.02.28)-ийн байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 300.30 ам.долларт хүрч, өнгөрсөн 19 долоо хоногийн дээд үзүүлэлт болсон. Өнөөдөр (2022.03.03) нүүрсний үнэ тонн тутамдаа 435 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Украины хямрал нь түүхий газрын тос, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн урсгалыг тасалдуулах эрсдэл дагуулж буй юм.
Эрчим хүчний нүүрсний томоохон зах зээл болох Азид энэ төрлийн нүүрсний жишиг үнэ 46 хувиар өсч, дээд түвшинд хүрлээ. “Ice Futures Europe”-ийн мэдээлснээр, Австралийн Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ өнгөрсөн Лхагва гаригт тонн нь 140.55 ам.доллараар өсч, 446 ам.доллар болжээ.
Монгол Улс нүүрсний үнийн өсөлтийг алдалгүй ашиглах шаардлагатайг эдийн засагчид, шинжээчид онцолж буй юм.
Эдийн засагч Ж.Золжаргалын мэдээлснээр, геополитикийн үл ойлголцлоос үүдэн хоёр хөрш илүү ойртож байгаа утгаараа Орос талдаа нүүрсний нийлүүлэлт эерэгээр нөлөөлөхөөр байгаа аж. Энэ оны эхний сарын байдлаар Оросын төмөр замын нүүрсний тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал багагүй хувиар өсчээ. Өнгөрсөн намар, өвөл Оросын нийлүүлэлт нэлээн өссөн бөгөөд энэ өсөлт харьцангуй тогтвортой байх нь.
Монголын нүүрсийг Хятадын төвийн болон баруун хойд хэсгийн мужуудын гангийн үйлдвэрүүд голдуу авч хэрэглэж буй. Тэр уламжлалт зах зээлдээ байр сууриа илүү бататгах нь чухал болохыг тэрбээр онцолсон. Тиймээс энэ боломжоо алдахгүйн тулд нэгд, дэд бүтэц, төмөр зам, нүүрсний чанар гэсэн гурван зүйлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг ч хэлж буй юм. Үүний зэрэгцээ нүүрсний хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь техникээс илүү хоёр улсын харилцааны асуудал гэдгийг цөөнгүй удаа хэлж байсныг нь сануулахад илүүдэх юун.
Хэдийгээр хил гаалийн асуудал хүндрэлтэй байгаа ч нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар давж буй энэ үед талаар нэг овоолоостой байгаа “хар алт”-аа эдийн засгийн эргэлтэд оруулах нь юу юунаас чухал билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын дарга Си Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзах үеэрээ манай талаас 50-60 сая тонн нүүрс экспортлох боломжтойг илэрхийлсэн. Хятад улсын талаас манай улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах хэрэгцээ, сонирхолтой байгаа тухай харилцан санал солилцсон. Одоо л энэ “боломж”-ийг ашиглахын тулд яриа хэлцлээ лавшруулж, яаралтай тодорхой алхам хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй юм.
Зарим хүн Монголын говьд дэлгээстэй байгаа нүүрсээ энэ үеийг ашиглан борлуулж, ядарсан эдийн засгаа тэтгэхийг сануулж байна. Нүүрсний үнэ хурдацтай өсч, нэг вагон нүүрс 20.000 доллар гээд төсөөлөхийг ч зарим нэгэн сануулж.
Цагаан хад дээр өнөөдрийн байдлаар 6 сая тонн нүүрсний овоолго байгаа аж. Монголын нүүрсний 95 хувь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлт буурсны улмаас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн уурхайн олборлолт зогссон. Гэвч Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орон зай багагүй бий гэж тооцоолж байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Г.Ёндон “Цаашид нүүрсний дэд бүтцийн хувьд 2022 оноос эхлэн томоохон ахиц гарах хүлээлт байна. Тухайлбал, 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Холболтын цэгийг сая тохирсон бол одоо терминал байгуулах ажил шийдэгдэнэ. 80 гаруй хувьтай Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүрсний экспортыг 50 сая тонн болон түүнээс дээш хэмжээнд хүргэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан” гэж мэдээлсэн.
Ярьж болно, ажил хэрэг болгох нь өөр хэрэг. Хамгийн гол нь Монгол Улс нүүрсний экспортоос орлого олох боломжоо алдалгүй, бататгах хэрэгтэй. Үүний тулд хил гаалийн ажиллагааг шуурхай болгох, дэд бүтцээ хөгжүүлэх, нүүрсээ баяжуулж, чанарыг сайжруулах нь чухлыг давтъя. Бидний хувьд Хятадын зах зээлд ойр байдаг нь давуу тал. Гэхдээ биднээс гадна Орос, Австрали, Индонези, АНУ, Канад, Өмнөд Африк гэх мэт олон нийлүүлэгч буйг ч мартаж болохгүй.
Нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт, мянган тонноор, 2020-2022
Нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт, мянган тонн, сараар, 2021-2022
Холбоотой мэдээ