Хөвгүүдэд ч хүндлүүлэх, хайрлуулах, хүний эрх гэж бий!

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Хөвгүүдэд ч хүндлүүлэх, хайрлуулах, хүний эрх гэж бий!

Хөвгүүдэд ч хүндлүүлэх, хайрлуулах, хүний эрх гэж бий!

Хөвгүүдийн талаар монголчууд бидний ойлголт хоцрогдмол. Эрэгтэй хүүхдийг хатуу чанга гараар хүмүүжүүлэх ёстой, эрэгтэй хүүхдийг эрхлүүлж болохгүй, эрэгтэй хүүхэд байж уйллаа, эрэгтэй хүүхэд юм чинь сурахаас илүү ажил хий гэх мэт хандлага гаргадаг. Гэтэл эрэгтэй л болохоос тэр чинь хүн. Охид илүү эрхтэй, хөвгүүд дутуу эрхтэй гэсэн хууль хаана ч байхгүй. Хүний эрх бүгдэд эн тэнцүү, ижил шударга үйлчлэх учиртай юм.  Ингэж сануулахын учир сүүлийн үед сургуулийн орчинд  охидын ам хэл, бие махбодийн хүчирхийлэлд өртөх хөвгүүд цөөнгүй болжээ.  

Сүүлийн үед эцэг эхчүүд хөвгүүддээ охидыг халамжил, хайрла, хүчирхийлж, доромжилж, шоглож болохгүй гэж хэлдэг захидаг болсон. Харамсалтай нь, энэ үгийг ч эцэг, эхчүүд мөн охиддоо хэлэх ёстой. Хүүхэд болгон математикч болохгүй ч тэд хэзээ нэгэн цагт гэр бүл зохиож, эцэг эх болно. Гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц эрэгтэй хүн буруутай биш. Эрэгтэй хүнийг хүчирхийлэл үзүүлэх шалтаг, шалтгааныг ч эмэгтэйчүүд өөрсдөө гаргах явдал ч байдаг. Иймээс л эцэг эхчүүд, охидоо оодруулж, хөвгүүдийн эрхийг хөсөр хаяж болохгүй юм. 

Хөсөр хаягдсан хөвгүүдийн боловсрол, сэтгэл зүй яван явсаар нийгмийн том асуудал болж хувирахад ойрхон болжээ. 

"ИХ ӨВДСӨН Ч ОНИГОО БОЛНО ГЭЭД НУЛИМСАА ТЭВЧСЭН"

Иргэн М “Намайг долдугаар ангид байхад манай дээд ангид учиргүй эршүүд, танхай гэмээр нэг охин байсан юм. Ангийнхаа хөвгүүдийг ч номонд нь оруулдаг, ам хэлээр дарамталдаг байв. Тэр охиноос хол явахыг хүсдэг байлаа. Гэвч тэр охины хамаатан нь манай ангийн хүүхэд байсан. Шинэ жилийн өмнөхөн ангиа чимэглэх үеэр өнөөх бандитай ам зөрөөд муудалцсан юм. Өнөөх нь намайг эгчдээ хэлчихсэн. Эгч нь ангид орж ирээд харааж, хөөж гүйснээ араас теннисний ракет аваад толгой руу шидчихсэн. Их өвдсөн ч онигоо болно гээд нулимсаа тэвчсэн. Гэтэл цусаа хараад өөрийн эрхгүй уйлчихсан. Хамгийн муухай нь манай ангийнхан ч, тэр охин ч намайг шоолж баахан инээлдсэн. Эцэг эх, нийгмийн ажилтан, сургалтын менежер, хүүхдийн байцаагч гээд олон хүмүүс энэ асуудлын талаар  мэдсэн  ч юу ч өөрчлөгдөөгүй. Төгсөн төгстөл тэр охин намайг шоолж, сургуулийн хүүхдүүд ч “Охинд толгойгоо хагалуулдаг” гээд доог тохуу хийдэг байсан” тухайгаа ярив. Хэдийгээр  М-д тохиолдсон энэ явдал 10 жилийн өмнө болсон ч мартагддаггүй хүнд шарх болж үлдсэн гэдгийг тэрбээр нуусангүй. 

ХӨВГҮҮДИЙН ТОЛГОЙ РУУ НЬ ЦОХИЖ, ХЭЛ АМААР ДОРОМЖЛОХ НЬ ЭНҮҮХЭНД

Өөр нэг жишээ. Тавдугаар ангийн сурагч  О-ийн ангид 19 хөвгүүн, 24 охин суралцдаг. Тухайн ангийн атаман охин эр, эмгүй бүгдийг нь зааж захирна. Хөвгүүдийн толгой руу нь цохиж, хэл амаар доромжлох нь энүүхэнд. Энэ мэт сургуулийн  орчинд хөвгүүдээс илүү охидууд нь хараалын үг хэлж,  бусдыгаа дарамталж, зоддог болохыг үе тэнгийнхэн нь хэлж байна.  Охидод шоглуулсан, зодуулсан, дээрэлхүүлсэн талаараа хөвгүүд найз нөхөд, аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчдээ хэлж чадахгүй, сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнээс болохоод амиа хорлох тухай ч боддог болохыг сэтгэлзүйчид хэлдэг. Судалгаагаар амиа хорлосон тохиолдлын 84 хувийг эрчүүд эзэлж байна. Хүүхдийг багаас нь дуугүй, томоотой хүн болгон хүмүүжүүлэх гэж оролддог арга барил нь буруу юм. Ялангуяа эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлж байгаагийн хортой үр дагавар нь насанд хүрсэн хойноо өөрт нь асуудал тулгарахад нээлттэй байж, шийдэх гарцыг олж чадахгүйд хүргэдэг талаар хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн судалгаанд дурдагджээ. 

Амиа хорлолтоор Монгол Улс дэлхийд гуравдугаар байранд жагсч байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан амиа хорложээ. ДЭМБ-ын мэдээлснээр, 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд амиа хорлолт орж байна. Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан.

Тиймээс “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “эрэгтэй хүн хатуу чанга байх" ёстой гэсэн хатуу чанга ойлголт хөвгүүдийг өөртөө итгэлгүй, сул дорой болгоход хүрч буйг анхаарах ёстой. 

ХҮҮ, ОХИНДОО ИЖИЛ ТҮВШНИЙ ШААРДЛАГУУДЫГ ТАВИХ НЬ ЧУХАЛ

Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд "Хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хоёр загвар бий. Нэг нь хяналтын, нөгөөх нь бие даасан байдлыг дэмжих. Мөн дахин хоёр загвар байдаг нь аюултай хэв шинж бөгөөд энэ нь үл хайхарсан болон хүлцэнгүй загвар. Хүчирхийлэлтэй, архины хамааралтай мөн ядуу буурай гэр бүлд үл хайхарсан загвар давамгайлдаг. Хүүхдэдээ шаардлага ч тавьдаггүй, хайр халамж ч өгдөггүй буюу хүүхдээ зөнд нь орхидог. Харин хяналтын загвараар хүүхдээ хүмүүжүүлдэг гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүүхдээ ялгаатай харж байна уу гэдэг хандлага чухал.

Хэрэв тухайн гэр бүл эмэгтэй хүүхэд багаасаа гэрийн ажлаа хийж, эрэгтэй хүүхэд мод түлээгээ бэлдэх ёстой гэсэн байр сууринаас ханддаг бол энэ хэвээрээ хүүхдээ өсгөх магадлалтай.

Мөн соёлын байдал, эцэг, эхийн хандлагаас хамааран эрэгтэй хүүхдийг илүү хянадаг, эмэгтэй хүүхдийг дэмжих үзэгдэл түгээмэл байна. Харин хүлцэнгүй загвар нь ихэнх тохиолдолд үл хайхарсан загвараас урган гарч байдаг. Эцэг, эхчүүд нь дутуугийн мэдрэмж өндөртэй учраас хүүхдэдээ бүхнээ зориулна гэж үздэг. Тэд хөлс хүчээ зориулж олсон мөнгөө бүгдийг өгч, үүнээс өөр юу өгөх юм бэ гэж боддог боловч үнэн хэрэгтээ хүүхдэд дан ганц мөнгө, тоглоомоос илүү ээж, аавтайгаа ярилцах, хүндлэгдэх гэх зэрэг олон мэдрэмж шаардлагатай байдаг.

Түүнчлэн хөвгүүдийг охидоос илүү хянадаг. Хянахад цаана нь хүлээлт байдаг. Хүлээлтэд хүрэхгүй бол тэр чигт нь хаях үзэгдэл бас бий. Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хөвгүүдийнхээ хувьд тэвчээргүй ханддаг.

Хүү нь хүссэн хэмжээнд нь хүртэл онц сайн сурч чадахгүй байвал тэр чигт орхидог. Угаасаа онц сурч чадахгүй байна гэж боддог ч юм уу. Гэтэл ингэж зөнд нь орхисноор байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй тул тэвчээртэй байж, тодорхой хяналтыг тавьж байх хэрэгтэй. Тэгэхээр хүү, охиндоо ижил түвшний шаардлагуудыг тавих  нь чухал" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж