Төмөр замын коллежийг ашиглалтын техникч мэргэжлээр 1998 онд төгсөөд ангийнхаа О.Нарангарав, Х.Аварга, З.Ундармаа, Шижирбаатар, С.Болорцэцэг, Б.Түмэндэлгэр, Төмөрсүх, Т.Батжаргал, Нарангэрэл нарын хамт Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид хуваарилагдсан. Гэхдээ би сургуулиа төгсөөд ангийнхантайгаа шууд явж чадсангүй. Аав минь өөд болж, ажил явдлыг нь өнгөрөөгөөд араас нь очихоор болсон юм. Тэгтэл ангийн найз О.Нарангарав маань Замын-Үүдээс намайг авахаар хүрээд ирлээ. Ингээд ханиндаа замд гарлаа.
Наймдугаар сарын 4-ний өглөө Замын-Үүдэд анх хөл тавьснаа ер мартдаггүй. Говийн угалз гэгч хажуудах хүн харагдахгүй шахам харанхуйлсан элсэн шуурга угтах нь тэр. Хотоос холдож үзээгүй миний ой тойнд буух юм биш. Надад шууд л “Бушуухан буцах минь” гэж бодогдов. Тэгээд найздаа “Би вагондоо байж байгаад хот руу буцлаа гэлээ. О.Нарангарав маань надаас түрүүлж ирээд ажилдаа орчихсон, ая эвээ олчихсон учир намайг авч үлдэх гэж ятгаж байна. Би ч зөрүүдэлсэн хэвээр…
Эцэст нь, найз маань “Наад галт тэрэг чинь одоо хот явахгүй ээ. Үйлчлэгч нь чамайг удахгүй хөөгөөд буулгачихна. Ядаж чи даргатай уулзаад учраа ол” гэсээр намайг буулгасан юм даг.
Тэгж буусан хүн юун буцах, нэг л мэдсэн 24 дэх жилтэйгээ золгож дээ. Оюутны ширээнээс үй зайгүй найзалсан сайхан найз минь харин одоо бидний дунд алга. Замын-Үүд гэдэг ээлтэй сайхан нутагт идээшин дасаж, ажил амьдралтай залгахад минь сайхан найзын минь өмөг түшиг их байсан даа” хэмээн дурсах энэ бүсгүй УБТЗ-ын 2021 оны “Мэргэжлийн аварга” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн тооцооны оператор Бямбаагийн Онон билээ.
Тэрбээр, Улаанбаатарын унаган охин. Түүний аав замын цагдаа, ээж нь Мод боловсруулах комбинатад нормчин хийдэг байв. Айлын гурван хүүхдийн дундах охин нийслэлийн 53 дугаар дунд сургуулийг 1994 онд дүүргэхэд өвөө нь түүнийг төмөр замчин болох зам руу залжээ. Түүний өвөө Л.Лувсан-Осор Замын ангид мотовозын машинчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байж. Үр ач нараасаа нэгийг нь удам залгасан төмөр замчин болгох гэсэн өвөөгийнхөө хүсэлтийг ч ач охин Б.Онон дуртайяа хүлээн авсан хэрэг. Оюутан ахуй он жилүүд харвасан сум шиг өнгөрч, ар гэрийн гачигдлаар дунд нь нэг жилийн чөлөө авснаар 1998 онд сургуулиа төгсөж, ажил амьдралын гараагаа урд хилийн боомтоос эхэлсэн нь ийм учиртай.
Галт тэрэгнээс буухгүй гэж зөрүүдэлсэн түүнийг шинэ тутам байгуулагдсан Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга Ц.Зул шууд л дагалдан ачаа вагон хүлээлцэгчийн ажилд томилчихож.
“Тэнгэрийн муухай арилдаг” тул тэнгэр гийхэд, хаяа хярхаггүй элсэн тал дахь хилийн боомтын жижигхэн сууринд үеийн нөхөдтэйгөө хамт ажиллаж амьдарч болмоор итгэл төрсөн хэрэг. Тэр нь, зөв байсныг түүний Замын-Үүдэд өнгөрүүлсэн он жилүүдийн дурсамж гэрчилнэ.
Б.Онон ангийнхантайгаа Вагон цэвэрлэгээний төвийн хоёр давхар шар байшингийн дээд давхарт байрлаж байлаа.
Төдөлгүй тэднийг айл айлын хажуу өрөөнүүдэд нэг нэгээр нь хуваарилж, Б.Онон ч мөн хоёр өрөө байртай айлын хажуу өрөөнд суух болжээ.
“Ажилд ороод жил орчим болж байхад намайг өвөө минь эргэж ирж билээ. Нас сүүдэр ная гарчихсан байсан ч өвөө минь галт тэргээр ганцаараа хүрээд ирсэн. Өвөөдөө ажлын газраа танилцуулахад “Миний охин их сайхан газар ажиллаж байгаа юм байна. Хичээж ажиллаарай” хэмээн их л сэтгэл хангалуун байсан сан. Би ажил ихтэй өглөө гараад л шөнийн бор хоногтоо орж ирнэ. Өвөөтэйгөө тухтай хамт байх ч зав гараагүй. Өвөө минь буцахдаа “Хүн ажил голж болдоггүй юм шүү. Миний охин хичээж ажиллаарай. Сурсан мэдснээ бусадтайгаа хуваалцаж, олонтой яваарай” гэж захьсан. “Өвөө минь үр ач нараасаа надад л итгэл хүлээлгэж, удам залгасан төмөр замчин болгосон шүү” гэж бодож захиас сургаалиар нь явж ирсэн дээ.
Өвөөг ирэхэд би айлын хажуу өрөөнд ороод удаагүй, дээр нь ганц бие болохоор олигтой ч тохижиж чадаагүй байсан. Сүүлд сонсохнээ, өвөө хариад эмээд “Охин минь сайн байна. Гэхдээ ганц цайны аягатай, олон гуталтай л хүн юм даа” гэсэн гэдэг /инээв/.
Тэрбээр, Замын-Үүдэд ирээд ханьтайгаа учирчээ. Түүний ханийг Мандахын Баярбат гэдэг.
Энэ тухайгаа “Хань маань манайд ачигчаар ажилладаг байсан. Танилцаад жил гаруйн дараа нэг гэртээ орцгоосон. 2000 онд ууган хүүгээ өлгийдөж авсан. Тэр жил бас байгууллагаас бидэнд нэг өрөө байр өгч, манайх гэдэг айл жинхэнэ утгаараа гал голомтоо асааж байлаа. Тэр бол бидний хувьд хамгийн гоё дурсгалтай он жилүүд байв. Айлын хажуу өрөөнөөс гарч, өөрийн гэсэн байртай болно гэдэг залуу хосын хувьд хамгийн том баяр. Гэрээ тохижуулах гээд л бид хоёр байн байн Эрээн рүү гарна. Айл болоход хэрэгтэй зүйлсээ нэг нэгээр нь нэмсээр, өдрөөс өдөрт өөдөлж дэвжиж, өөрсдийнхөө амьдралыг бүтээнэ гэдэг бол бахархалтай. Тэгж босгосон амьдрал юунаас ч илүү үнэ цэнэтэй, эрхэм байдаг. Манайх одоо ч тэр байрандаа амьдарч байгаа. Хань маань 1997-2008 он хүртэл Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид ачигч, карын жолооч, калмарын жолоочоор ажиллаж байсан. Манай хүн 2008 онд ажлаасаа гарч, хувиараа тээвэр хийх болсон юм. Бид хоёул цаг наргүй ажилтай болохоор хүүхдүүд, ар гэрийн асуудал орхигдоод болдоггүй. Тэгээд хоёулаа зөвлөж байгаад ядаж нэг нь ар гэр, хүүхдүүддээ цаг зав гаргадаг ажил хийхгүй бол болохгүй нь гээд нөхөр маань ажлаа сольсон.
Харин би 2002 онд товарын кассир болсон. Замын-Үүдийн шуурганаас болоод нүдний мэс ажилбар хүртэл хийлгээд байсан юм. Эмч нар ажлын нөхцөлөө соль гэж зөвлөснөөр товарын кассир боллоо. Тэр үед манай тооцооны цехийн дарга Б.Бадамдарь гэж хүн байлаа. Намайг маш сайхан хүлээж авсан. Тухайн үед бүх л тээврийн бичиг баримтыг гараар бичнэ. Хортой цаас тавиад л бичнэ. Баллаж сохолж болохгүй. Нэг л үг, үсэг буруу бичвэл шинээр бичихээс аргагүй. Тийм болохоор маш хянуур, нягт нямбай байхад энэ ажил мэргэжил минь сургасан даа. Үнэхээр ажлын ачаалал ч ихтэй. Манай хамт олон нэг нэгэндээ харамгүй зааж зөвлөж, тусалдаг маш халуун дотно уур амьсгалтай. Цаг хугацаа хурдан юмаа, саяхан л шинэхэн кассир мэдэхгүй чадахгүйгээ нэгнээсээ асуугаад, заалгаад явж байсан. Гэтэл одоо цехийнхээ хамгийн ахмад нь болчихсон байх юм” гэв.
“Та Замын мэргэжлийн аварга болсноо хэрхэн мэдсэн бэ?” гэхэд “Би өмнө нь миний нэрийг дэвшүүлсэн гэдгийг сонссон. Гэхдээ маш олон байгууллага шилдэг ажилтнаа “сойдог” том шагналд би яаж хүрэх вэ дээ” гэж бодож байсан. Харин Замын мэргэжлийн аваргаар шалгарснаа дуулаад эхэндээ итгээгүй. Гэтэл цехийн хамт олон маань баяр хүргээд л миний өмнөөс бөөн хөл хөөрцөг болохыг хараад итгэсэн шүү. Үнэхээр догдолж, олон жилийн хөдөлмөрийг минь үнэлсэнд, бас хамт олондоо талархан зогсож байлаа. Маш их догдолдог юм билээ. Миний мэдэж байгаагаар манай цехээс Замын мэргэжлийн аваргаар шалгарсан хоёр дахь хүн нь би.
Манай цех албаны хоёр ч удаагийн аварга болж байсан, мундаг хамт олон шүү дээ” гэв.
Б.Онон хоёр хүү, хоёр охинтой “Алдарт эх”-ийн одонтой ээж. Төмөр замчны цаг наргүй албаны ард хүний сайн хань, хүүхдүүддээ сайн ээж байх нь түүний үүрэг. Тиймээс чөлөөт цагаа ар гэртээ зориулахыг хичээдэг аж. “Ханиасаа авч байсан хамгийн том гэнэтийн бэлэг юу вэ?” гэхэд:
-Манай хүн хүүхдүүдээ төрөхөд дандаа эзгүй байж таардаг. Намайг төрөх бүрд эмнэлгээс гурван хадам эгч маань гаргаж авдаг байв. Одонгийн хүүгээ төрүүлэхэд ч нөхөр маань бас л хөдөө явлаа гэсэн юм. Би ч дандаа эзгүй байдагт нь бүр дөжирчихсөн. Эмнэлгээс гарахад хадам эгч нар л намайг угтаж авна даа гэж бодохгүй юу. Гараад ирсэн чинь нөгөө угтаж авдаг олон хүн байдаггүй. Харин манай хүн сарнайн том баглаа барьчихсан ганцаараа зогсож байна. Би бүр нүдэндээ итгэдэггүй. “Юу билээ, энэ хүн чинь хөдөө явж байх ёстой шүү дээ” гэж бодмогцоо “Энд юу хийж байгаа юм бэ? Чи чинь мөн үү?” гэж уулга алдаж билээ. Манай хүн албаар надад хөдөө явсан гэж хэлээд гэнэтийн бэлэг барьсан нь тэр. Тэгэхэд ханьдаа маш их баярлаж билээ. Аливаа бэлэг үнэ цэнэндээ биш сэтгэл шингэсэн байх нь хамгийн гоё. Одоо хэр нь ханийн минь сарнайн баглаа тэврээд угтаж авсан нь нүдэнд харагддаг. Хамгийн дурсгалтай сайхан мөч тэр байсан даа. Миний хувьд хань минь өөрөө хамгийн том бэлэг байсан шүү.
“Алдарт эхийн II одон”-г сумын Засаг даргаасаа гардаж авсан тэр үе үнэхээр сайхан санагдсан. Хэрвээ хотод байсан бол Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө гардаж авахгүй юу гэсэн шиг юм бодоод зогсож байсан даа. Том хүү минь Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан. Багачууд нь дунд сургуульд сурдаг. Хоёр хүү, хоёр охин ховор заяадаг юм гэнэлээ. Үр хүүхдүүд минь бидний амьдралын аз жаргал гэрэл гэгээ юм даа. Замын-Үүд бол заяа тэгшилсэн сайхан нутаг даа” хэмээснээр бидний яриа өндөрлөлөө.
Б.Гүнжинлхам
Холбоотой мэдээ