“Тархины саатай хүүхэд залуусыг дэмжих сан”-гийн ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтулга. Мөн тэрбээр “MXN” буюу “Монголчуудын хязгааргүй нэгдэл” төрийн бус байгууллагад админаар ажилладаг. Түүний хувьд хөгжлийн бэрхшээл гэдэг үг, хандлагаас аль болох зайлсхийдэг ч нийгэмд энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлэхийг хичээдэг нэгэн. Шийдэж болохоор, зөв болгомоор асуудлууд харагдсан ч түүнийг хэн ч засахгүй, харин ч хөгжөөн дэлгэрүүлээд байхыг харж сууж чадахгүй учраас дахин хөгжлийн бэрхшээл гэх ухагдахуунтайгаа зууралдах болжээ. Энэ удаа хөгжлийн бэрхшээл гэх ерөнхий нийтлэг утгыг хөндөхгүйгээр гагц тархины саа гэдэг эмгэгийн талаар дуугарч, зөв ойлголт өгье гэсэн бодолтой байгаа аж.
Тархины саатай хүүхдэд, хүнд тулгарч буй бүх асуудлын үндэс нь энэ эмгэгийн тухай нийгэм төдийгүй тархины саатай хүмүүс өөрсдөө мэдэхгүй байгаад оршиж буй. Тиймээс тэрбээр өөрөө тархины саа гэх зүйлтэй тэмцэлдсээр яваа хүнийхээ хувьд шинжлэх ухааны онолыг, судалгааг өөрийн туршлагатай харьцуулан холбож тайлбарлах бодолтой “Эхлээд хүн утгаар” гэдэг ном бичиж эхэлжээ.
Ц.Мөнхтулга анагаах ухаантай ямар ч хамааралгүй номын санч мэргэжилтэй, шүлэг бичдэг. Энэ номондоо өөрийн мэдрэмж болоод даван тууллын тухай өгүүлж буй. “Тархины…” гэхээр л хүмүүс оюун, сэтгэцийн өвчинтэй гэж ойлгох гээд байдаг. Тархи гэдэг нь дан оюун ухааныг хариуцдаг зүйл биш. Хүмүүний бүх үйлдлийг удирдаж зохицуулдаг эрхтэн гэж хэлж болно. Тархины саажилт үүсэх шалтгаан олон янз. Хамгийн энгийнээр ойлгоход тархин дахь хөдөлгөөн зохицуулах хэсэг гэмтсэний улмаас үүссэн хөдөлгөөний өөрчлөлт гэж хэлж болно. Тархины саажилт нь даамжирч мууддаггүйгээрээ онцлогтой. Яг тархины саа дангаараа оюун сэтгэцэд нөлөөлдөггүй. Харин хавсарга эмгэгийн улмаас оюуны бэрхшээл үүсч болно. Иймээс яг тархины саатай хүүхдүүд, залуусыг бусдаас өөр хэмээж, ямар нэг байдлаар онцлон хандах нь өөрөө хөгжлийн бэрхшээл болдог.
Гэхдээ энэ залуугийн хувьд одоо бэрхшээл ярихаа болиод боломж ярья гэж нийтэд уриалж байгаа нь гэгээлэг.
Тархины саатай хүмүүсийн хувьд наад зах нь боловсрол эзэмших тал дээр их хэцүү. Тусгай боловсрол гэж нэг юм бий. Жишээ нь: Тархины саатай хүүхэд эрүүл оюунтай атал оюуны хомсдолтой хүүхэдтэй нэг ангид нэгэн зэрэг, хөнгөвчилсөн хичээлийн хөтөлбөрөөр сурч байхыг олон харсан. Одоо ч тусгай сургуулиудад, хөдөө орон нутгийн сургуулиудад энэ байдал үргэлжилсээр байгаа. Тэнд саруул оюунтай хүмүүн хохирч байна. Тийм орчноос гараад их дээд сургуульд элсэх боломжгүй байдаг. Хайран цаг хугацаа. Тэнд нийгэмшүүлнэ, засал хийнэ, ахуйн дадал олгоно гэсэн зорилгууд байдаг л байх. Үүнийг түүний хувьд үгүйсгээгүй. Хүн сургуульд мэдлэг олж авах гэж очдог, тэр мэдлэг дээрээ тулгуурлаад дараа дараагийн алхмаа хийдэг. Ингэж ярихаар хүмүүс түүнийг оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгалаа гэдэг аж.
Тэд ч гэсэн хөгжих ёстой нь үнэн. Гэхдээ Ц.Мөнхтулгын хувьд тархины саатай, саруул оюунтай дүү нарынхаа ирээдүйг л тэр тусгай сургуулиас авармаар байгаагаа онцолсон юм.
ТАРХИНЫ СААТАЙ ХҮНД ГУТЛАА ҮДЭХЭЭС ИЛҮҮ МЭДЛЭГ ОЛОХ НЬ ЧУХАЛ
Түүнтэй үргэлжлүүлэн боловсролын системийн талаар ярилцлаа. Тархины саатай хүн гутлаа үдэж сурах нь чухал байх. Гэхдээ түүнээс илүү боловсрол буюу мэдлэг олох нь чухал. Учир нь тархины саатай хүн эрүүл хүнтэй дүйцэж үнэлэгдэх боломж нь оюун ухаанд нь оршдог. Мэдлэг чухал гээд ерөнхий боловсролын сургуульд очихоор зарим багш нь янз бүрээр л хандана. Үнэхээр сургах гээд зүтгээд хичээгээд байдаг багш байхад бараг тархины саатай хүүхэд энд байх ёсгүй гэх гээд байдаг багш ч байна. Тархины сааны улмаас тухайн хүүхэд бусад хүүхдийн жишгээр гүйцэтгэл гаргах нь боломж багатай. Тэнд заавал гоё бичүүлэх гээд, заавал нэг тоог цаасан дээр бодуулах гээд байх шаардлагагүй. Зүгээр л таблет, тооны машин, компьютер зэргийг ашиглахыг зөвшөөрчихмөөр байгаа юм. Бас нэг тусгай боловсролын багш сургууль бүрт байгаад тархины саатай хүүхдийн хоцорсон хичээлийн хоцрогдлыг нөхөх зарчим руу шилжчихээсэй гэж мөрөөднө. Энд өнөө л багш нарын мэдлэг хомсоос хамааралтай. Учир нь яагаад эрүүл оюунтай хүүхдийг бүрэн мэдлэг эзэмших боломжгүй гэж үзээд, эсвэл сургах барилаа олохгүй хичээлээс хоцрогдуулаад байна вэ гэхээр ердөө л тархины саа, түүний мөн чанарыг мэдэхгүй байгаа хэрэг. Энэ бол наад захын жишээ. Цаашлаад гэр бүлийн харилцаа, бэлгийн амьдрал гээд анхаарч хөндөх сэдэв маш олон байгаа гэсэн юм.
Тэрбээр зорилтот бүлэг гэдэг үгэнд дургүй. Учир нь Монгол Улсын иргэн бүрийн хэрэгцээ шаардлага хангагдах ёстой. Хүн бүр л зорилтот бодьгал мөн. Тэр зүгт харахгүйгээр ганц ганцаар нь бүлэг болгоод хараад байвал нийгэм нь хөгжихгүй гэдгийг ч онцлов.
Нээрээ л зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээл гэдэг үг зарим хүний хандлагад их нөлөөлдөг. Харин энэ залуугийн хувьд массын нийтлэг ойлголтоос ангид байж хэнийг ч хүн гэдэг утгаар нь харахыг зорьдог байна. Түүний хэлснээр ядаж нярайн шарлалтаас үүдэлтэй тархины саажилтаас сэргийлэх боломжтой. Энэ бол нийтийн, монгол түмний хэрэгцээ шаардлага. Дахиад сургууль дээр жишээ авахад тэр сургуульд хэн ч сурахаар ирж болно. Тэр бүхнийг сургах итгэл төгс боломжийг бүрдүүлэх нь өөрөө хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн шийдэл. Одоо болохоор нэг нэгээр нь барьж аваад байгаа учир маш олон асуудал орхигдоод, зорилтот бүлэг нь үүсчхээд байгаа аж.
Тархины саа эдгэрсэн тохиолдол байхгүй. Харин сайжирна, чадвар ахина. Үүнийг хүмүүс нэг тариа хийгээд л, нэг сар эм уугаад л болчих юм шиг ойлгодог. Сүүлийн үед олон төрлийн мэс засал гарч ирсэн.
ТАРХИНЫ САА НЬ МАШ ИХ ТЭСВЭР, ЗОРИГ, САХИЛГА БАТ ШААРДАЖ БАЙЖ ЗАСАЛ ОЛДОГ
Хүн гэдэг бол төгөлдөр оршихуй. Төгс гэсэн ч болно. Учир нь хүн өөрийгөө засдаг, эмчилдэг, сайжруулдаг. Тархины саа эмгэгийн хувьд хамгийн сайн эмчилгээ бол өөрийн оролдлого, ухамсартайгаар хийсэн дасгал болно. Яагаад ингэж хэлж байгааг нь дэлгэрэнгүй ойлгохыг хүсвэл түүний цахим хаяг руу орж “Тархины сааг энгийнээр ойлгоё” гэсэн дөрвөн цуврал бичвэр байгааг уншаад үзэх ч боломжтой.
Тархины саа нь маш их тэсвэр, зориг, сахилга бат шаардаж байж засал олдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй аж.
Тархины саа нь эхийн жирэмсэн үед, төрөх явцад, төрсний дараа гэсэн нөхцөлүүдэд олон шалтгаанаар үүсч болдог байна. Хамгийн гол нь зөв оношлуулах нь чухал. Заримдаа өөр өвчнийг тархины саа гээд оношилчихсон, тухайн хүн насанд хүрсэн хойноо өөрийн зөв оношоо олж байх жишээ байдгийг Ц.Мөнхтулга хэлсэн юм. Эдгэхгүй, харин сайжирна гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээ тогтмол хийх нь чухал.
Үүнээс гадна тухайн хүний өөрийн зориг, оролдлого чухал. Жишээ нь унахаас айгаад байвал тэгээд айгаад сууж л байна. Харин унаад үзчих хэрэгтэй. Унаж үзсэн хүн л унахгүй байх аргаа сэтгэнэ шүү дээ. Түүний ийн ярих нь удахгүй гарах номыг нь унших хүсэл төрүүлнэ.
Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрч харьцахыг өөрийн хэмжээнд түгээж буй залууг онцоллоо. Тэрбээр, тархины саажилт эмгэгийн талаар өөрийн туршлага дээр тулгуурлаж, зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа төдийгүй ном бичиж буй амьдралд хайртай нэгэн.