Хөдөлмөрийн зах зээлийн ойрын төлөв байдал, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар "NRCC" Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцаа.
-Хөдөлмөрийн зах зээлд үүсээд байгаа сүүлийн үеийн хамгийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол. Иргэд яагаад ажил хийх сонирхолгүй болчихов. Үүнд яг юу нөлөөлж байна вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон зүйл давхацсан. Хөдөлмөрийн зах зээл хумигдахад цар тахал ч нөлөөлсөн. Энэ нь халдварын нөхцөл байдал, Засгийн газрын хөл хорих арга хэмжээ, бодлого шийдвэр, хүмүүсийн өвчлөл, бас болгоомжлох үүднээс ажлаас түр завсардах, зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоох зэрэг хүчин зүйлстэй холботой. Үүнтэй холбоотой судалгаануудыг харахад аж ахуйн нэгж, ажиллах хүчинд цар тахал сөрөг нөлөө үзүүлсэн. Нөгөөтэйгүүр, халдварын нөхцөл байдлаас шалтгаалахгүй ажиллах хүчний оролцоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна.
2012 онд ажил эрхлэх сонирхолтой хүний тоо 64 хувьтай байсан бол 2018 онд 60 хувь, 2020-2022 онд 57 орчим хувь болж эрс буурсан.
Ерөнхийдөө хүмүүсийн эдийн засгийн идэвх өвчлөлөөс үл хамаарч буурах хандлагатай байна.
-Хөдөлмөрийн зах зээл жилээс жилд хумигдаж байгаагийн эсрэг ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ажлын байр байгаа ч ажиллах хүн цөөхөн бол цалинг нэмэгдүүлэх байдлаар зах зээл нь өөрөө зохицуулна. Төр оролцохгүй байвал зах зээлийнхээ зарчмаар л явчих хялбар асуудал. Харин халамж болон өөр эх үүсвэрээс шалтгаалж хүмүүс ажил эрхлэх сонирхолгүй байгаа бол зах зээл нь шийдэх боломжгүй. Төр өөрөө халамжийн бодлогоо зохицуулж байж л шийдэгдэнэ Мөн иргэдийн шүүмжилдэг шиг ажлын цаг урт, цалин бага зэрэг асуудал уг нь гарах ёсгүй. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг ч төр хэрэгжилтэд нь хяналт тавьж, ажлаа сайн хийх ёстой.
ХАЛАМЖИЙН БОДЛОГО ЗАЛУУСЫГ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОЖ БАЙНА
-Уг нь ажлын байрыг нэмэгдүүлж ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаагаа зарласан. Гэхдээ ажил хэрэг болгож чадахгүй байх шиг?
-Засгийн газрын тооцоо судалгаагүй бодлого шийдвэрүүд ажиллах хүчний оролцоо буурахад хамгийн гол нөлөө үзүүлж байна. Маш олон бодлого, шийдвэр гаргадаг ч үр дүнтэй нь маш цөөхөн. Тэр тусмаа, халамжтай холбоотой бодлого шийдвэрүүд хавтгайрсан. Зорилтот бүлэгт бус нийтийг чиглэсэн маш олон халамжийн бодлого хэрэгжүүлж байгааг судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Би ч шүүмжилсээр ирсэн.
Тооцоо судалгаагүй бодлого шийдвэрийн нөлөөгөөр нийтийг хамарсан халамжийн бодлого хэрэгжихэд зорилтот бүлэгтээ хүрдэггүй. Мөн залуу үеийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, ажиллах хүчний оролцоог бууруулахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвартай, ийм насны хүмүүсийн ажиллах сонирхлыг бууруулж байгаа юм.
-Халамжийн бодлого ямар байх ёстой юм бэ. Мэдээж, зорилтот бүлгийнхнээ төр халамжлахаас өөр аргагүй шүү дээ?
Уг нь халамжийг маш цөөн хүрээнд олгох ёстой. Хүн амын дунд зайлшгүй халамж хэрэгтэй зорилтот бүлэг маш бага хувийг эзлэх болов уу. Гэвч өнөөдөр бидний 60 гаруй хувь нь халамж авч байна гэсэн статистик байна. Энэ нь төрийн бодлого байгаа онохгүй, судалгаа шийдвэргүй байгааг харуулж байна. Магадгүй нийтийг хамарсан бодлого гаргахад хялбар байдаг байх. Бүх хүнд 20 мянган төгрөг олголоо гэхэд нарийвчлан тооцох шаардлагагүй. Жишээ нь, хүүхдийн мөнгө. Уг нь аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа нарийвчилсан судалгаа, тооцоололд үндэслэж гаргах ёстой. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын тухайд утга санаа, уриа нь зөв болов ч үр дүнгүй байна. Хэрэв ажиллах хүний тоо нэмэгдэж байвал бодлого үр дүнтэй байгаа нь харагдах ёстой. Атал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нь энэ бодлогыг эргэж харах шаардлагатай.
Нөгөөтэйгүүр, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого нь халамжийг эрс хумих вий гэхээс болгоомжилж байна. Мөн л тооцоо судалгаагүйгээр халамжийг хумиж болохгүй. Уг нь татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулахад маш нарийн тооцож судлах ёстой.
Гэхдээ төрийн бодлого шийдвэрүүдийг харахад судалгаанд үндэслэж хөрөнгө төсөвлөж байх шиг. Харин судалгаа нь нээлттэй биш. Тиймээс тайлан судалгааг нээлттэй болгох хэрэгтэй. Мэдээж төрийн бодлого шийдвэр бүр хүний амьдралд хамааралтай. Тиймээс эдийн засаг маш их сөрөг нөлөөтэй гэж харж байна. Жишээ нь, Тамхины хуультай холбоотой муухан судалгаанд үндэслэж бүх хүнийг тамхи татахыг хориглох шийдвэр гаргая гэхэд улсын төсөвт дарамт болно.
ОХУ, УКРАИНЫ ДАЙН МУУГААР ЭРГЭХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ
-Зарим ажил олгогчид цар тахлын үед их сургуулиа төгссөн төгсөгчдийг ажилд авахгүй гэсэн зар тавих болж. Энэ нь хүний эрхэнд зөрчиж буй үйлдэл мөн үү?
-Үүнийг би хүний эрхийг зөрчиж байна гэж харахгүй. Харин хүсээгүй байхад хэн нэгнийг хүчээр ажиллуулах нь хүний эрхнэд халдсан үйлдэл болно. Харин ажил олгогч тухайн ажилтны ур чадварыг үнэлж ажлын байранд тэнцэх эсэхийг үнэлж шийдвэр гаргасан бол хүний эрхэнд халдсан үйлдэл болохгүй. Мэдээж, тухайн ажил горилогч сургалт дамжаагаар ур чадвараа дээшлүүлэх, өөрийн онцлогт тохирсон ажил хийх боломжтой. Ажилд орох нь дэлгүүр хэсэхтэй л адил шүү дээ.
-Монгол Улсын хувьд боловсон хүчний нөөц хангалттай байдаг уу. Эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь хэр өгөөжтэй байдаг бол?
-Хүн ам цөөн учраас хөдөлмөрийн нөөц хангалттай биш. Иймд хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгаа нь санаа зовоох асуудал болж байгаа. Сайн тал нь, боловсролоор хэмжвэл хөдөлмөрийн нөөц чанартай. Ажиллах хүчний өндөр хувь нь бакалавр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн. Энэ нь чанартай гэсэн үзүүлэлт болох болов уу. Хүмүүсийн дунд “дээд боловсролтой худалдагч” гэсэн ойлголт нийтлэг. Дээд боловсролтой ч үр өгөөжгүй, чанаргүй байна гэж шүүмжлдэг ч дунджаар дээд боловсролтой хүмүүс илүү өндөр цалинтай ажилладаг. Нэг жил илүү боловсрол эзэмшихийн үр өгөөжийг 7-8 хувь гэж үнэлэгддэг.
Ажиллах хүчний дата судалгааг олон жилийн дунджаар харахад дээд боловсролтой ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээлд өгөөжтэй байгаа нь харагдаж байгаа. Илүү цалинг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Боловсролтой хүмүүс илүүг бүтээж байгаа учраас цалин өсч байгаа шүү дээ. Ажил олгогчид зүгээр л диплом харж цалин өгөхгүй, ажлын бүтээмжтэй хүнд илүү цалин олгодог.
-Энэ онд эдийн засаг таван хувиар сэргэх төлөвтэй байгааг Монголбанк, Банкны холбооноос мэдээлж буй. Энэ нь бодит төсөөлөлдөө хүрч чадах уу?
-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар эдийн засаг энэ онд таван хувиар өснө. 2021 оны дөрөвдүгээр улирлын хэрэглэгчийн индексийн судалгаагаар ирэх зургаан сард эдийн засгийн талаарх хүмүүсийн хүлээлт сайжирсан байсан. Энэ оны гурав, дөрөвдүгээр улирал эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй ч дараагийн улирлаас сэргэх болов уу. Гэхдээ ОХУ, Украины дайны нөхцөл байдал хэрэв муугаар эргэвэл Монголд ч бас муу л зүйлүүд тохиолдож болзошгүй.
-Жишээ нь?
-Наад зах нь нефтийн бүтээгдэхүүн тасалдвал сөрөг нөлөөлөл нь их. Хэрэв ОХУ, Украины дайн Монголд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй бол эдийн засаг сэргэх хүлээлттэй байгаа.
НИЙГМИЙН ДААТГАЛ, ТАТВАРЫН УЯН ХАТАН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
-Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь нь үйлчилгээний салбар эзэлж байна. Уг нь өндөр хөгжсөн орнуудад хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэгч болж хөгжсөн байдаг. Ер нь Монгол Улс үйлдвэрлэгч улс болж хөгжих боломжтой байна уу?
-Бид үйлдвэрлэгч улс болох бүрэн боломжтой. Хамгийн гол нь удирдах арга барилд том алдаа гарчихаад байна. Төр иргэддээ итгэ, хувь хүнд итгэ. Бизнес эрхлэгчдэд чөлөөтэй бизнес явуулах орон зайг нь олгох хэрэгтэй. Ингэж чадвал зах зээл нь аяндаа зохицуулна, үйлдвэрлэгч улс болох боломжтой. Жишээ нь, Хятад хилээ хаахад бид хүнд байдалд орлоо. Энэ асуудлыг хувь хүмүүс л шийдэх гэж байна шүү дээ. Урд хөршийн хил хаалттай бол ОХУ, Турк улсаас бараа татаж байна. Хүмүүс өөрсдөө боломжийг эрэлхийлж зах зээлийг бүрдүүлдэг.
Төр хэзээ биднийг хоёр хөршөөс хамааралгүй болгосон юм. Өнөөдөр төрийн бодлого хоёр хөршөөс илүү хамааралтай болгож байна. Орос, Хятадгүй бол амьдрахгүй юм шиг байдалд оруулж байна.
Жишээ нь, шатахуун импорлох лиценцийг илүү чөлөөлж, чанарт нь хяналт тавих нь төрийн ажил. Тиймээс лиценз олголтыг хянах нь төрийн үүрэг биш. Хэрэв лицензүүдийг чөлөөлсөн бол бид ОХУ-аас хамааралтай, дайн боллоо, шатахуун тасрахвий гэж айж чичирч суухгүй. Шатахуун импорлогчид заавал монополь байх албагүй. Өнөөдөр төр зохицуулалт хийж байгаа газар л асуудал үүсч байна. Эрчим хүч, шатахууны зах зээл, банк тойрсон бөөн асуудал яригдаж байна. Эдгээр салбар нь өрсөлдөөн багатай, төрийн оролцоо өндөр тул асуудал үүсч байгаа юм.
Төр аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэж ярьдаг атал боомилж байна. Монгол Улс хөгжихийн тулд гурван сая гаруй иргэндээ ажиллах, бизнес эрхлэх орон зайг нь л олгох хэрэгтэй. Нөгөө талд, нийгмийн даатгал, татварын уян хатан бодлого үгүйлэгдэж байна.
Төр хувь хүний бий болгож буй орлогын 40 орчим хувийг төр авдаг. Үүнийг хүмүүс олж харахгүй тухайн ажил олгогч бага цалин өглөө гэж боддог.
–Уул уурхай, аялал жуулчлалаас гадна хөдөө аж ахуйг хөгжүүлж чадвал эдийн засагт үзүүлэх өгөөж нь нүүрстэй адил болохыг эдийн засагчид хэлдэг. Даанч урагшлах бус харин ч 1990-ээд оны өмнөхөөс удааширсан гэх шүүмжлэл ч бий?
-Нэг үеэ бодвол хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа гэж харж байна. Малын тоогоор нь хэмжвэл хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа. Мянгат малчид нь туслах малчин зэргээр хөдөлмөрийн харилцаанд орж байна. Малчдын зүгээс ч бас зах зээлд эрх тэгш оролцох сонирхолтой болсон байна. Өмнө нь халамжлуулах л сонирхолтой байсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн хөгжих потинциаль нь бий. Гол нь төр оролцох ёстой зүйлдээ анхаарч, оролцох шаардлагагүй зүйлийг орхиж сурах хэрэгтэй.
Төр оролцох ёстой зүйлдээ маш муу. Жишээ нь, стандарт. Гадаадад бүтээгдэхүүнээ экспортолъё гэхэд тулгамддаг том асуудал нь стандарт. Үүнд төр оролцох ёстой. Мөн хэрэгжилтэд анхаарах ёстой. Цаасан дээр бичээд хэрэгждэггүй хуулиудаар яах юм. Хууль баталсан бол хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг байх ёстой
-Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрлэгчид борооны дараах мөөг шиг л олширсон. Гэвч цойлж гарах нь цөөхөн байх шиг. Уг нь Монгол Улс зээл олгох, бизнес эрхлэгчдийг дэмжихдээ дэлхийн улс орнуудаас 25 дугаарт жагсдаг атал яагаад хөдөлмөрийн зах зээл тэлэхгүй байна вэ?
-Бизнес эрхлэгчид хөгжиж урагшлахад хууль эрхз үйн орчин тогтворгүй байгаа нь маш том чөдөр болж байна. Төрийн хууль дүрэм маш тодорхой, урт хугацааных байх ёстой. Үйлдвэрлэл хөгжих хамгийн гол суурь нөхцөл хуулийн орчин тогтвортой, тодорхой байдал юм. Гэвч байнга тодотгол, шинэчлэл хийж байгаа нь бизнес эрхлэгчид жижиг дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгохгүй байна.
Нөгөөтэйгүүр, дээр дурдсанаар татварын дарамтыг багасгах ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг тооцохгүйгээр албан бус салбарт 240 мянга гаруй хүн ажиллаж байна. Хамгийн гол шалтгаан нь нийгмийн даатгалын шимтгэл, татварын дарамт. Гэтэл албан бус салбарт 10 гаруй жил ажилласан тогтвортой аж ахуйн нэгж хүртэл байгаа юм. Хэрэв нийгмийн даатгал, татварын бодлого уян хатан байсан бол бүгд албан болно. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлье гэвэл татварыг хоёр хувиар бууруулахад хувь хүний цалин хоёр хувиар өснө. Үүнийг дагаад татвар төлөгчдийн суурийг нэмэгдэнэ.
Холбоотой мэдээ