Ирэх онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмыг хамтад нь өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнээс өмнө үндэсний бөх дэх эрэмбэ, допингийн асуудал, морин уралдаан дахь эрлийз, монгол адууны асуудлыг цэцлэх нэн шаардлага тулгараад байна. Чухамдаа эдгээр асуудлаас болж наадам хэрүүл шуугианаар өндөрлөдөг, наадам болгоны дараа допингийн хэрэгт холбогдсон бөхчүүдийн дуулиан дэгддэг болоод удаж байна. Тэр ч бүү хэл бөхийн барилдаанаа ч явуулж чадахгүй хүрсэн тохиолдол саяхан гарсан.
Энэ тухай саяхан Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд болсон Үндэсний спортын анхдугаар их чуулганаар бөхчүүд, уяачид, харваачид санал гомдлоо илэрхийлсэн байна. Уг чуулга уулзалтад 770 төлөөлөгч оролцжээ. Чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээн үг хэлж, түүний дараа Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав, үндэсний бөхийн холбоог төлөөлж, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, морин спортын уяачдын холбоог төлөөлж тод манлай уяач Д.Даваахүү, үндэсний харваачдын холбоог төлөөлж, хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг нар илтгэл тавьсан юм.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгэндээ монгол адууны талаар тодорхой хэлж, бөхчүүдэд талцал хуваагдалгүй, цол чимгээ хадгалж, хамгаалж явах ёстойг сануулсан харагдана. Хамгийн чухал нь одоо Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ хаврын чуулганаар багтаан хэлэлцэнэ. Энэ хуулийг хэлэлцэлгүй, нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол өнгөрсөн жилүүдийнх шиг допингтой бөх нь хариуцлагаа бүрэн хүлээлгүй барилдаж, эрлийз монгол адуугаа ангилж, ялгах боломжгүй байдалд хүрнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгсийн онцлох ишлэлүүдийг дурдвал,
“Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа түүх монгол адуутай салшгүй холбоотой. Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хамтдаа дэлхийн түүхийг бүтээлцсэн түүхтэй. Монгол морь бол Монголын ард түмний бахархал юм. Тийм ч учраас алтан соёмбот төрийн сүлдэндээ монголчууд бид морио дээдлэн залсан түүхтэй билээ”
“Үндэсний спортоо олон улсад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хөгжүүлэх нь зөв зүйтэй болохыг бусад улсын туршлага нотолж байна”
“Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулж байна. Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, нандигнан хадгалж, хамгаалж яваарай. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо”
“Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна”
Тиймээс Үндэсний спортын анхдугаар их чуулганд оролцсон төлөөлөгчид зүгээр нэг яриад өнгөрсөнгүй. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон бусад холбогдох албан тушаалтан, байгууллагуудад зориулан зөвлөмж, төслийг гаргажээ.
Эндээс онцлох заалтуудыг нь дурдвал:
НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД
- 1.1.Монголын уламжлалт үндэсний спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хууль, дүрэм, журмыг үндэсний спортын өв тээгчид, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачилгыг тусган, үндэсний уламжлалт соёлын өвийг алдагдуулахгүйгээр батлах,
- 1.2 Үндэсний их баяр наадмын үндэсний морин уралдааны төрлийг нутгийн уугуул монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулж, зохион байгуулах, шударга өрсөлдөөнийг хангах, уралдах адууг бүртгэлжүүлж, цахим ил тод болгох, хариуцлага, ёс зүй, жудгийг эрхэмлэх, уяачийн үүргийг тусгах зэргээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлах,
- 1.3 Спортын төлбөрт таавар, бооцоот тоглоомын хуулийг боловсруулан хэрэгжүүлэх замаар үндэсний морин уралдаан болон морин спортын төрлүүдийг тусад нь хөгжүүлэх, спорт дахь шударга бус өрсөлдөөнийг хангах, ариг сонирхлын зөрчлийг таслан зогсоож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын татварын орлогоос зохих хэсгийг Спортыг дэмжих санд төвлөрүүлэн үндэсний спорт, соёлын өвийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх,
Харин допингийн асуудал дээр Биеийн тамир, спортын улсын хороо допингийн эсрэг үндэсний журам батлах гэж байгаа аж. Хэрэв энэ журам батлагдвал баяр наадмын комисс ч, үндэсний бөхийн холбоо ч тус тусдаа шийтгэл оноох бус нэгдсэн нэг журмаар шийтгэл оноох гэнэ.
Ерөнхийлөгч хүртэл үндэсний спортод анхаарч, 100, 101 жилийн ойн баяр наадмыг маргаангүй тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ тэгэхийн тулд Баяр наадмын тухай хууль, допингийн эсрэг үндэсний журмаа нэн даруй баталж, өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж спортын холбоодынх нь төлөөлөл ярьсан ч УИХ тоож авч хэлэлцээгүй. Үүнээс болж эрлийз, монгол адуу хамт уралдаж, допингтой бөх нь зохих ёсны шийтгэлээ амсалгүй бусдыгаа талцуулсан гэх зэрэг хэрэг гарсан билээ.
Холбоотой мэдээ