Сурвалжлага: Ногоон гэрлээр ч явган зорчигч гарахад эрсдэлтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ногоон гэрлээр ч явган зорчигч гарахад эрсдэлтэй болжээ

Төв шуудангийн орчмын замын гэрлэн дохио ачаалалтай байна. Оройн 18.00 цагт түгжрэл ид эхэлж гарцан дээр хүмүүс овоорно. Цагдаа нар уулзварыг зохицуулж байгаа ч ногоон гэрэл асахыг хүлээсэн хүмүүс тэвчилгүй улаан гэрлээр гарах нь хэдийнэ дасал болжээ.

Гэрлэн дохио солигдсон ч хар хурдаараа гүйж байгаа хүмүүс ч мэр сар таарлаа. Замын түгжрэл эхэлж, ногоон гэрэл ассан ч машинууд гарц таглан нам гацжээ. Энэ үед хүмүүс машины урдуур хойгуур тойрон сүлжиж шүргүүлэх шахам гарцаар гарч байв. Жолооч нар ч түгжрэлд удаан зогссон уу гэрэл солигдохтой зэрэгцэн хар хурдаараа шахам гишгэж байлаа.

Нийслэлд 394 гэрлэн дохиотой гарц байдаг бол гэрлэн дохиогүй 200 гаруй явган хүний гарц байдаг. Эдгээр гэрлэн дохиогүй гарцаар гарч байхад нь иргэдийг дайрч мөргөх ослууд бүртгэгдсээр байна.

Хоёр долоо хоногийн өмнө Төв шуудангийн орчимд зам гарч байсан хүү өглөө 07.25 цагийн орчимд "Приус" маркийн автомашинд мөргүүлжээ. Хүү хүчтэй мөргүүлсэн нь камерын бичлэгт ил байгаа ч хичээлдээ яарсан уу эсвэл, яахаа мэдэхгүй байсан уу хөлөө догонцуулан алхаад явчхаж. Харамсалтай нь, жолооч хүүд туслах нь байтугай, хэргийн газрыг орхин явсан юм байна. Энэ бол нийслэл хотод бүртгэгддэг ослын нэг жишээ.

Нийслэлийн зам талбай явган зорчигчид ээлгүй. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй битгий хэл эрүүл чийрэг иргэд хүртэл гарцаар гарах, дугуйтай явах, алхахад ч бэрх болсон. Иргэдийн зүгээс явган хүний зам талбай, гэрлэн дохиог дорвитой шийдээгүйг шүүмжилдэг. Эрх баригчид түгжрэлийг бууруулах талаас анхаарч ирснээс биш гэрлэн дохио, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах гарц  орц, тэмдэг тэмдэглэгээ төдийлөн анхаардаггүй. Жишээ нь, хотын төвийн гарцууд “ногоорно” гэж үгүй. Өвөлдөө хүйтэнд хайрч, удаан зогсохоос эхлүүлээд гэрлэн дохио иргэдийн тэвчээрийг харин ч нэг шалгадаг.

ЖОЛООЧ НАР ГАРЦ ХААЖ ЗОГСОХ БУС, ЗАМ ТАВЬЖ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ

Явган хүний гарцтай холбоотой ослуудын талаар ТЦА-ны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-ТЦА-нд явган хүний гарцан дээр мөргүүлсэн тохиолдол өнгөрсөн онд хэд бүртгэгдсэн бэ?

-2021 оны нөхцөл байдлыг авч үзвэл зам тээврийн ослын улмаас 383 хүн амиа алдсан. Үүнээс гэмтсэн хүний тоо 2432 бол 1095 нь явган зорчигч байна. Эдгээр ослын 70 хувь нь нийслэл  хотод бүртгэгдсэн. Шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, эсвэл бага насны хүүхэд мөргүүлэх тохиолдол их байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналтаа тавьж сургуульд нь өгч авах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр гэр хороолол, хүүхдийн хөдөлгөөн ихтэй газруудад жолооч нар анхаарал болгоомжтой явах шаардлагатай байна. Алслагдсан гэр хорооллын гудамж талбайд хурд хэтрүүлэх, гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж гэмтээх амь насыг нь хохироох тохиолдол их гардаг. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар уулзвар гарц руу дөхөж ирээд хурдаа сааруулах хэрэгтэй. Үүнийг жолооч нар төдийлөн ойлгохгүй байна.

-Явган хүнд зам тавьж өгөөгүй жолооч нарт ямар хариуцлага тооцдог вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т зохицуулдаг гэрлэн дохиогоор ногоон гэрэл асвал тухайн жолооч зам тавьж өгсөх ёстой. Зохицуулдаггүй явган хүний гарцаартгарах гэж завдаж буй хүнд зам тавьж өгөх, замын брожур дээр зогсож байгаа иргэнд зам тавьж өгөх, хурдаа сааруулахыг заасан байгаа.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дахь заалтад нэг чигийн урсгалтай явж байхад нэг, хоёрдугаар эгнээний жолооч зам тавьж өгнө. Гуравдугаар эгнээний жолооч зам тавьж өгөөгүй болохоор гэмтээдэг тохиолдол байна. Энэ дүрмийг жолооч нар нэн шаардлагатай мөрдөх шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас уулзвар, гарцад хяналт тавьж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-т явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 20 нэгжээр торгож, хоёр оноо хасах зохицуулалт байдаг.

-Хамгийн их зөрчил, осол гардаг ямар уулзвар гарц байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагад авагдсан онцлог судалгаанд Сүхбаатар дүүргийн 7-н буудлаас салхитын замд 2021 онд найман хүн ослоор амь насаа алдсан. Осолд өртсөн цаг хэлбэрийг аваад үзэхээр шөнө оройн цагаар гарсан байсан. Жолооч нар алслагдсан гэр хорооллын замд тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлдэг. Харанхуйд явган зорчигчийг харалгүй мөргөх тохиолдол нэлээд байдаг. Жолооч нарыг анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Мөн Хан-Уул дүүргийн Морингийн даваанд явган хүний гарцтай холбоотой ослууд гардаг.

ЯВГАН ЗОРЧИГЧДОД ЭЭЛГҮЙ ХОТ

Гарцтай холбоотой иргэдийн байр суурийг хүргэж байна. Хорь орчим настай залууг Ч.Мөнхбаяр гэдэг. Тэрбээр сургуульдаа явахын тулд өдөр бүр Төв шуудангийн гарцаар гардаг гэнэ. Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Дор хаяж арваад минут хүлээсний эцэст гэрэл асдаг. Гэрэл асмагц аль болох амжиж гарахыг боддог. Жолооч нар явган хүмүүст зам тавьж өгөх нь ховор. Гэрлэн дохиотой газраар гарах нь арай аюулгүй. Хорооллын нарийхан замаар гарахад хүүхэд байтугай том хүн хүртэл  дайруулчих гээд хэцүү байдаг” гэлээ.

Өөр нэгэн иргэнээс тодруулахад хотын төвийн уулзварууд цагдаа зохицуулж байна гээд гэрэл ассан ч хамаагүй машинууд яваад байдаг. Нэгэнт цагдаа зохицуулж байгаа бол явган зорчигчоо эхлээд гаргачих хэрэгтэй. Тэгэхгүй зарим нь гэрлээ хүлээнэ. Зарим яарч машин, тэрэгний өмнүүр хөндлөн гүйх юм. Жолооч явган зорчигч аль болох нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Түгжээтэй үед зам гарахад гайгүй” гэв.

Ийнхүү иргэдтэй ярилцах хооронд улаан гэрлээр хэд хэдэн иргэн гүйж гарлаа. Хотын иргэд бид өглөө гэрээсээ гараад л хамгийн түрүүнд замын хөдөлгөөнд явганаар, машинтай оролцдог. Ая тухтай замаар зорчиж, аз жаргалтай Улаанбаатарын иргэн байхсан гэсэн хүн бүрт бий. Эрх баригчдын зүгээс гарцтай уулзвар бүрийг гэрлэн дохиотой болгоно гэдэг ч энэ ажил урагшилсангүй. Харин жолооч нар замын хөдөлгөөний уртаас урт дүрэмтэй ч мөрддөггүй. Ямар ч тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх ёстойг ч  тэд мэддэггүй. Зөвхөн хотын төвийн уулзвараар явахад ийм дүр зурагтай байгаа бол гэр хорооллын алслагдсан замаар явахад осол гарахгүй гэх баталгаа алга байна.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж