Вьетнамтай илүү дотно харилцаа тогтоох АНУ-ын эрмэлзэл

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Вьетнамтай илүү дотно харилцаа тогтоох АНУ-ын эрмэлзэл

Вьетнамтай илүү дотно харилцаа тогтоох АНУ-ын эрмэлзэл

Хойд болон Өмнөд Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутаг дэвсгэрийг хамран 1955-1975 оны хооронд үргэлжилсэн. Тухайн үед АНУ болон Зүүн өмнөд Азийн гэрээний байгууллагын гишүүн орнууд Өмнөд Вьетнамыг дэмжиж байв. Өмнөд Вьетнамд коммунист төрийн эргэлт гарахаас сэргийлж АНУ дайнд оролцсон. АНУ 1950-аад оны сүүлчээр цэргийн зөвлөхүүдээ илгээж байгаад 1965 оноос зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээ илгээх болжээ. Эцэстээ 1975 оны дөрөвдүгээр сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзэлж, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусч, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн билээ. АНУ ба Вьетнамын тухай түүх сөхвөл нэг ийм.

Өдгөө хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нь АНУ-ын нэн тэргүүний зорилт гэж Вьетнамд суугаа Элчин сайд Марк Эванс Кнаппер хэлжээ. АНУ нь Хятадын өсөн нэмэгдэж буй хүчний эсрэг Азийн түншүүд болон холбоотнуудтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэхээр хичээж буй. Энэхүү зорилгынхоо хүрээнд баримталж буй Энэтхэг-Номхон далайн шинэ стратегид Вьетнам чухал байрыг эзэлж байна. Гэхдээ аль 2010 оноос л АНУ-ын засгийн газар Вьетнамтай стратегийн түншлэл байгуулах арга замыг эрэлхийлсээр ирсэн.

Гэвч Вьетнамын хувьд одоогоор ийм алхам хийхэд бэлэн биш байгаа бололтой. Вьетнамаас АНУ-д суугаа Элчин сайд Нгуен Куок Дунг хэлэхдээ “Бүх талын түншлэлийн харилцааг гүнзгий, өргөн цар хүрээтэй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашдын шинэ өндөрлөгт хүрэхийг зорино” гэсэн. Харин стратегийн түншлэлийг зорилго болгон дурдаагүй аж.


ДИПЛОМАТ ТҮНШЛЭЛИЙН ТӨРЛҮҮД

Вьетнамд “стратегийн иж бүрэн”, “стратегийн”, “иж бүрэн” гэсэн гурван үндсэн дипломат түншлэлийн төрөл байдаг. Мөн Вьетнамын дайны үеийн холбоотон Камбож, Лаос улсуудын эзэмшиж байсан “стратегийн тусгай харилцаа” нэртэй дөрөв дэх ангилал байдаг.
Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Дунг нэгэнтээ “Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван оронтой стратегийн түншлэлийн харилцаа тогтооно гэж найдаж байна. Энэ харилцаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, харилцан хүндэтгэл, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд тулгуурлана” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ зорилгынхоо хүрээнд одоогийн байдлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр ч оронтой холбоо тогтоожээ. Тодруулбал, 2008 онд Хятадтай, 2012 онд ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Түүнчлэн 2010 онд Их Британи, 2013 онд Францтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байна. Энэтхэг улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бус боловч 2016 оноос хойш Вьетнамын иж бүрэн стратегийн түнш байсаар иржэ

Дээрх улсуудаас гадна 17 оронтой стратегийн түншлэлийн харилцаатай. Үүнд Шинэ Зеланд, Австрали, Филиппин, Индонези, Тайланд, Сингапур, Герман, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд орно. Эдгээрийн ихэнх нь АНУ-ын холбоотон, түншүүд юм. Хэтийн төлөвийг харвал Өмнөд Солонгос, Хятад, ОХУ, Энэтхэг улсуудтай иж бүрэн стратегийн харилцаатай болох магадлалтай байна.

Тэгвэл Вьетнамтай стратегийн эсвэл иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээгүй цорын ганц байнгын гишүүн орон нь АНУ юм. АНУ нь иж бүрэн түншлэл гэсэн гурав дахь ангилалд багтдаг.

АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД


Шинэ Зеланд бол Вьетнамтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон хамгийн сүүлийн улс бөгөөд АНУ ч мөн адил энэ түншлэлийг зорьж байна. Стратегийн түншлэлд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, гамшгийн эрсдлийн удирдлага, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт төвлөрдөг. АНУ, Вьетнам хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай байгаа ч 2013 оноос хойш харьцангуй дэвшилттэй байжээ. Тухайлбал, 2020 онд хоёр талын худалдаа 92.2 тэрбум ам.долларт хүрсэн нь Вьетнамын Энэтхэгтэй хийсэн худалдаанаас ес дахин их тоо юм. АНУ нь Вьетнамын 11 дэх том хөрөнгө оруулагч бөгөөд бараг 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Батлан хамгаалах харилцааны хувьд ч нэлээн урагштай байв. Тухайлбал, 2015-2019 оны хооронд АНУ нь Вьетнам руу 32.3 сая ам.долларын батлан хамгаалахын бүтээгдэхүүн экспортолсон. Мөн 2017-2021 оны хооронд АНУ-ын Төрийн департментаас санхүүжүүлсэн хоёр талын аюулгүй байдлын тусламжаар ойролцоогоор 80 сая ам.долларын нэмэлт тусламж авчээ. 2018 онд Энэтхэг-Номхон далайн стратегийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор 81.5 сая ам.долларын нэмэлт тусламж мөн авсан байна.

Вьетнам улс Оростой батлан хамгаалах чиглэлээр нягт холбоотой байдаг. АНУ-ын засгийн газар Оросоос зэвсэг худалдан авсан улс орнуудад хориг арга хэмжээ авах замаар эсэргүүцэх хуультай байдаг. Гэвч энэ хуулийн дагуу Вьетнамд хориг арга хэмжээ аваагүй байна. Одоо Орос Украины асуудалтай холбоотойгоор энэ хоёрдмол байдал өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна.

Аюулгүй байдал, эдийн засгийн оролцооноос гадна АНУ “COVAX”-тай хамтран Вьетнамд 24 сая гаруй тун вакцин нийлүүлж, тахлын эсрэг тэмцэлд зориулж 30.2 сая ам.доллараар туслахаа амласан. Мөн “mRNA” вакцин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Вьетнамын пүүсүүдэд олгосон. Дэд ерөнхийлөгч Камала Харрис наймдугаар сард Ханойд айлчлах үеэрээ Вьетнамд АНУ-ын Өвчний хяналтын төвүүдийн Зүүн өмнөд Азийн бүс нутгийн алба байгуулагдана гэж мэдэгдэв. Дээрхээс гадна АНУ нь 2019-2020 оны хичээлийн жилд Вьетнам оюутнуудын хамгийн олноор зорьдог газар болсон. АНУ-д очсон тэдгээр оюутнууд Америкийн эдийн засагт тэрбум орчим ам.долларын хувь нэмэр оруулсан гэдэг.

Үүний зэрэгцээ, АНУ өнгөрсөн наймдугаар сард Ханойд 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй Элчин сайдын яамны байр барихаар төлөвлөж байгаагаа зарласан бол Вьетнам ч мөн адил Вашингтонд Элчин сайдын яамны шинэ барилгад 23.7 сая ам.доллар зарцуулна гэж өнгөрсөн сард мэдэгдсэн.
Энэ бүхнээс харахад чамлахааргүй ахиц дэвшил харагдаж буй хэдий ч хоёр улсын харилцаа харьцангуй даруухан дипломат түвшинд байсаар байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж