Путины зэвүүцлийг хүргэсэн Лиз Трасс

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Путины зэвүүцлийг хүргэсэн Лиз Трасс

Путины зэвүүцлийг хүргэсэн Лиз Трасс

News.mn”-ээс эрхлэн гаргадаг ХҮМҮҮС  буландаа улстөрч Лиз Трассыг онцолж байна.


Лиз Трасс нь  эртнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн шулуун зангаараа шуугиан тарьж байсан. Тэрбээр 2019 оноос хойш Олон улсын худалдааны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлжээ. Цаашилбал, тэрбээр 2019 оны есдүгээр сараас хойш Эмэгтэйчүүд ба тэгш байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байна.  Элизабет Мэри Трасс нь Их Британийн гадаад хэргийн сайдаар 2021 оноос хойш ажиллаж, 2019 оноос хойш Эмэгтэйчүүд, эрх тэгш байдлын сайдаар ажиллаж буй улстөрч. Консерватив намын гишүүн юм.  Тэрбээр Ерөнхий сайд Дэвид Камерон, Тереза Мэй, Борис Жонсон нарын үед  засгийн газрын янз бүрийн албан тушаалд ажиллаж байжээ.

                                   ЗАЛУУ ЭЛИЗАБЕТ 

Трасс 1975 оны долдугаар  сарын 26-нд Английн Оксфорд хотод Жон Кеннет, Присцилла Мэри Трасс нарын гэр бүлд төржээ. Түүний аав Лийдсийн их сургуульд  математикийн профессор байсан бол ээж нь сувилагч, багш, мөн цөмийн зэвсгээс ангижрах кампанит ажлын гишүүн байсан. Трасс парламентад өрсөлдөх үед ээж нь дэмжиж, кампанит ажилд нь оролцохоор болсон бол аав нь эсэргүүцэж байжээ.

Лиз дөрвөн нас хүрэх үед гэр бүл нь Шотланд руу нүүжээ. Трасс Ренфрьюшир мужийн Пэйсли хотын бага сургуульд сурч, дараа  нь зүүн хойд Лийдсийн “Roundhay” сургуульд суралцжээ. Тэрбээр Канадад нэг жил амьдарсан байдаг. Тэрбээр Оксфордын Мертон коллежид философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж улс төрийн анхны алхмаа тавьсан байна. Трасс Оксфордын их сургуулийн Либерал ардчилсан намын ерөнхийлөгч болон  Залуучууд, оюутны жигүүрийн үндэсний гүйцэтгэх хорооны гишүүн байжээ.  Тэрбээр 1994 оны Либерал ардчилсан намын бага хурал дээр хэлсэн үгэндээ бүгд найрамдах намын санаа бодлыг илэрхийлсэн түүхтэй.  Трасс 1996 онд Консерватив намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлсэн аж. Оксфордын их сургуулийг 1996 онд төгсөөд Трасс “Shell”-д арилжааны менежер, “Cable & Wireless”-д эдийн засгийн захирлаар ажиллаж, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч болжээ.

 Ажиллах хугацаандаа парламентад хүч үзэхээр хоёр удаа нэр дэвшсэн боловч бүтэлтэй болсонгүй. Эхний хоёр сонгуульд ялагдсаныхаа дараа Трасс 2008 оны нэгдүгээр сард Шинэчлэлийн орон тооны дэд захирлын албан тушаалыг хашиж эхэлснээр  сургуулиудад илүү хатуу эрдэм шинжилгээний стандартыг сурталчлах болон  ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү анхаарч, Их Британийн өрсөлдөх чадвар буурч байгаатай тэмцэхэд яаралтай арга хэмжээ авахыг уриалан, ажилласан байдаг. Тэрбээр "Математикийн үнэ цэнэ", "Шинэ төвшин" зэрэг номыг бичилцэж байсан туршлагатай нэгэн аж.

           ГЭР БҮЛ БАС ДУУЛИАНУУД

Лиз Трассын нөхөр нь Хью О’Лири юм. Хосууд 1997 оны Тори намын бага хурал дээр танилцаж, удалгүй Лиз нөхрөө болзоонд урьсан байна. Хосууд анх мөсөн дээр гулгахаар явж байсан ба Лиз ирээдүйн нөхрийнхөө шагайг мулталж байсан хэмээн хуучилдаг байна. Бүтэн гурван жилийн турш үерхсэний эцэст тэд 2000 онд гэрлэлтээ батлуулан хоёр охинтой болжээ. Охидыг Либерти болон Фрэнсис гэдэг аж.

Лиз Трасс нөхрийн хамт

Гэхдээ тэдний гэрлэлтэд нэгэн асуудал тулгарч, тухайн үедээ сенсаци тарьж байв. Лиз 2004 онд Тори парламентын гишүүн Марк Филдтэй гэр бүлээс гадна харилцаа үүсгэж, 2006 онд ил болсон байна. Лиз болон Марк нарын нууц харилцаа ил болсноор тэд хэсэг хугацаанд олон нийтийн нүднээс хол байв. Гэхдээ эцэст нь Лиз алдаагаа ухааран нөхөр болон хоёр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдралаа үргэлжлүүлэх болсон байна.

Марк Филд

ПАРЛАМЕНТЫН ЭРИН ҮЕ

Лиз Трасс  1998-2000 онд Льюишам Дептфордын консерватив нийгэмлэгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2006 онд Лондонгийн Гринвич дүүргийн зөвлөлийн даргаар сонгогдож, бүрэн эрхийнхээ хугацаа дуусахын өмнөхөн 2010 онд огцорчээ. Трасс 2001 онд Хөдөлмөрийн намын Хемсворт тойрогт нэр дэвшиж, Консерватив намын саналыг дөрвөн хувиар нэмэгдүүлсэн байдаг.

Их Британийн Парламентад  2010 оны тавдугаар  сарын 6-нд сонгогдсоныхоо дараа Трасс тойрогтоо “RAF Marham” дахь “RAF Tornado” зэрэг агаарын  баазыг хадгалах асуудлаар кампанит ажил өрнүүлжээ.  Лиз долоон сар гаруй хугацаанд агаарын хүчний сэдвээр тусгай мэтгэлцээн явуулж, сайд нарт олон арван захидал бичиж, Даунинг-стритэд хүргүүлсэн өргөдөл дээр гарын үсэг цуглуулсан гэх мэт батлан хамгаалахыг ажилд гар нийлүүлэн оролцож байв.  Тэрбээр мөн Тетфордын баруун талд байрлах A11-ийг давхар болгоход амжилттай ажиллагаа явуулсан байна.

Трасс 2012 оны есдүгээр  сарын 4-ний өдөр Боловсролын газрын Парламентын төрийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдсон бөгөөд хүүхэд асрах, бага насны боловсрол олгох, үнэлгээ, мэргэжлийн болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, зан үйл, ирц, сургуулийн хоол хүнсний хяналтыг хариуцах зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байв. Мөн тус салбарт шинэ бодлого явуулж байжээ. Тэрбээр Английн  хүүхдүүд Азийн орнуудын боловсролоос  хоцорч байна гэж эмээж, математикийн Британийн стандартыг сайжруулахыг эрмэлзэж, 2014 оны хоёрдугаар  сард Шанхай хотын сургууль, багш бэлтгэх төвүүдээр зочилж, тэндхийн хүүхдүүд хэрхэн сурч боловсрох явцыг судлахаар ажиллаж байв.

Тэрбээр Тереза Мэйгийн засаглалын үед буюу 2016 оны долоодугаар  сарын 14-нд Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга, “Лорд канцлер”-аар томилогдсон. Трасс тухайн үед хэд хэдэн албан тушаалыг давхар хашиж байсан анхны эмэгтэй болов. Түүнийг томилох шийдвэрийг тухайн үеийн Хууль зүйн яамны сайд Лорд Фолкс шүүмжилж, Засгийн газраасаа огцорсон байдаг. Шүүмжлэлээ олон нийтэд дэлгэхээсээ өмнө Трасс түүнтэй холбоо бариагүй, түүнтэй хэзээ ч уулзаж, ярьж байгаагүй гэж өөрөө хэлсэн.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн үеэр буюу 2021 оны есдүгээр сарын 15-нд Борис Жонсон Трассыг Олон улсын худалдааны нарийн бичгийн даргаас Доминик Раабыг орлож Гадаад хэргийн нарийн бичгийн даргаар томилов. Трасс нь  Маргарет Беккетийн дараагаар Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хоёр дахь эмэгтэй парламентын гишүүн ба  Консерватив намын анхны эмэгтэй Гадаад хэргийн сайд юм.

                                                                             УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ, ҮЗЭЛ БОДОЛ

Трасс эдийн засаг, худалдааны талаарх либертари үзэл бодлоороо алдартай. Тэрбээр Консерватив парламентын гишүүдийн чөлөөт аж ахуйн нэгжийн бүлгийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь илүү бизнес эрхэлдэг эдийн засаг, цөөн хөдөлмөр эрхлэлтийн хуультай болохын төлөө тэмцдэг парламентчдын чөлөөт зах зээлийн цуглуулга юм.

Анх Трасс 2016 оны бүх нийтийн санал асуулгын үеэр Нэгдсэн Вант Улсыг Европын Холбоонд үлдэхийг дэмжиж, "Би охидоо Европт ажиллахад виз,  эсвэл ямарваа нэгэн зөвшөөрөл авах шаардлагатай саад тотгор учруулдаг дэлхийд өсөхийг хүсэхгүй байна" гэж үг хэлж байв. Эцэг эх бүр хүүхдээ цэвэр ус, цэвэр агаар, цэцэглэн хөгжиж буй байгалийн гайхамшигт эрүүл орчинд өсөхийг хүсдэгтэй адил Трассын хүсэл нь Их Британийн хүүхдүүд эрүүл орчинд өсөх. ЕХ-ны нэг хэсэг байх нь эдгээр үнэт баялаг, орон зайг хамгаалахад туслах аж.

                                                                 

                                                                          ЯАГААД ПУТИНЫ ЗЭВҮҮЦЛИЙГ ХҮРГЭХ БОЛОВ?

ОХУ Украинд түрэмгийллээ эхлээд хэсэг хугацаа өнгөрөв. Тэгвэл  өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Путин цөмийн зэвсгээ бэлэн байдалд байлгахыг албаны хүмүүст тушаасан. Аюултай тушаал өгөхөд хүргэсэн хүн нь Их Британийн Гадаад хэргийн сайд Трасс байсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд ярьсан юм.

Чухам ямар үгнээс болж Путин уурласныг Песков хэлээгүй. Гэхдээ Их Британийн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Трасс мэдэгдэлдээ Оросын Их Британид үйл ажиллагаа явуулдаг олигархууд болон банкнуудын үйл ажиллагааг хүчээр таслан зогсоохоо мэдэгдсэн. Мөн мэдэгдэлдээ Оросын бохир мөнгө гэх тодотголыг ашигласан нь Путины дургүйг хүргэсэн байж магадгүй.

Их Британийн газар нутагт байрлах Оросуудын эд хөрөнгөнд шалгалт хийж, хувийн аж ахуйн үйлдвэрлэлийг зогсооно гэж мөн мэдэгдсэн. Үүний адил ОХУ-ын эсрэг зогссон ямар ч хүнд Их Британи тусална гэх тайлбар өгснөөр нөхцөл байдлыг хурцадмал болгосон байх хандлагатай ажээ.

Эх сурвалж: wikipedia, celebbio, sky news, bbc

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж