Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

Ц.Элбэгдоржийн зөвлөгөө!

Орос-Украины дайн дэлхийн геополитик болон эдийн засагт доргилт өгөх нь гарцаагүй. Тэр тусмаа Монгол Улсад. Монголчууд шатахуун, эрчим хүч, улаан буудай Оросоос худалдан авдаг. Москвад үзүүлж буй дэлхийн улс орнуудын хориг ч Монголд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, Оросод үзүүлж буй дэлхийн улс орнуудын бойкотыг  монголчууд овжноор ажиглаж чадвал хохирол бага амсах боломж харагдаж байгаа.

Монгол Улс одоогоор Орос-Украины асуудлаар албан ёсоор байр  сууриа илэрхийлээгүй төвийг сахиж сууна. Гэхдээ дайны үр дагавар монголчуудыг нэгэнт тойрохгүйгээс хойш эдийн засгаа хэрхэн хохирол багатай давах  талаар тодорхой бодлого, стратеги боловсруулах шаардлага тулгарч буй юм.

Энэ тухайд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номоороо дамжуулан эрх баригчдад  зөвлөгөө өгөв. Тэрбээр “гаалийн татвараа тэглэж, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсээ ашиглах, банк санхүүгийн тогтолцоогоо Швейцарь шиг өөрчлөх, төмөр замаа хос, хурдны болгох, айти, технологийн салбарыг хөгжүүлж, Японы хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй хамтрахыг, тус улстай хийсэн чөлөөт худалдааны гэрээгээ амилуулах” ёстойг  эрх баригчдад зөвлөжээ.  Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэж үг бий.  Өнөөдрийн хувьд манай, танай гэлтгүй эрх баригчдад хамгийн сайн зөвлөгөөг дагаж, хэрэгжүүлэх нь чухал болсон.

Түүнчлэн, Дарханы замаа яаралтай ашиглалтад оруулах, Эгийн голын цахилгаан станцаа яаралтай барьж ашиглалтад оруулах, зэсээ хайлуулж гадагшаа зарах,   мөн ширээнээсээ илүү гарч харахыг сануулав.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улс төвийг сахих статустай орон гэж хуульчлах санаачилга гаргаж байсан юм. Түүний дэвшүүлсэн бодлого өнөөдөр Монгол Улсын хувьд хамгийн зөв шийдэл байсныг Орос-Украины дайн нотлож өглөө.

 Төвийг сахих нь ямар учиртай болохыг тухайн үед тайлбарлаж бичихдээ “Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог. Төвийг сахигч орны газар нутгийн халдашгүй дархан байдал олон улсын эрх зүйгээр давхар баталгааждаг. Үүнд агаарын болон усан хил нь ч ордог. Тийм орны газар нутагт бусад этгээдээс дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн дайтагч талын цэрэг зэвсгийг өөрийн нутгаар дамжуулахгүй байх эрх эдэлдэг. Энэ нь аливаа цэргийн эвсэлд гишүүнээр элсэх болон цөмийн зэвсгийн асуудалд ч хамаарна. Бидний өвөг дээдэс аливаад гол ноён нуруу барьж хандахыг чухалчилдаг байсан. Шинэ цаг үед энэ уламжлалаа хадгалж нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэнэ гэсэн үг” гэж байв.

Төвийг сахих статус нь бидний хувьд нэг талаар байгаа хүч боломждоо улам тулгуурлах, нөгөө талаар бусадтай идэвхтэй, уян хатан харилцахад тустай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл болохыг ч тэр тайлбарлаж байсан удаатай.

2015 оноос хойш долоон жилийн дараа түүний баримталж байсан бодлого монголчуудын аминд орж байгааг харвал Ц.Элбэгдорж улс төр, геополитекийн хувьд мэдрэмжтэй, холыг харсан тоглогч байж.

Түүний хувьд ардчилал, эрх чөлөөг үргэлж дэмжиж ирсэн. Эрх чөлөөний хүчийг хэн ч дийлээгүй болохыг ч тэрбээр нүүр номдоо бичсэн байна лээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж