ОХУ-аас Украин руу түрэмгийлэн довтолж, үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулж, зөвтгөх боломжгүй зүйлсийг зөв мэт худал мэдээлэл түгээж байгааг, баримт нотолгоонд тулгуурлан ялгаж, салгах зайлшгүй шаардлага бий болоод байна. Цөмийн хүчирхэг гүрэн – ОХУ ямар ч аюул заналхийлэл, өдөөн турхиралт хийгээгүй, энх тайванч, ардчилсан, хөрш зэргэлдээх Украин руу түрэмгийлэн дайрлаа. Түүгээр ч үл барам Путин Украины ард түмнийг өмгөөлж хамгаалахыг оролдсон аливаа улс оронд заналхийлж, сүрдүүлсэн нь 21-р зуунд байж боломгүй үйл явдал юм.
Путин олон улсын дэг журмыг ноцтой зөрчөөд зогсохгүй, хүн төрөлхтний энх тайванаар зэрэгцэн орших үндсэн зарчмыг уландаа гишгэлээ. Тэрээр Европ тивд дайн дэгдээж, “ширэнгэн ойн хууль” буюу зэрлэг балмад, эрээ цээргүй, хүчээр далайлган асуудлыг шийддэг арга барилыг сонголоо. Энэхүү үйл явдал нь зөвхөн Украиныг чиглэсэн бус Европ тив, цаашлаад НҮБ-ын тогтолцоо, олон улсын дэг журамд тулгуурласан дэлхий дахиныг бүхэлд нь аюулд орууллаа.
Путины түрэмгийлэл гэм зэмгүй иргэдийн амь насанд хүрч, энх тайванаар зэрэгцэн орших хүсэл мөрөөдлийг үгүй хийж байна. Энгийн иргэдрүү дайрч байгаа нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, иргэдийг эх орноосоо дүрвэн зайлахад хүргэж байна. Олон сарын турш дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийн төлөө чамгүй хичээсэн бидний хичээл зүтгэл салхинд хийсэж, харин Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энх тайвныг тогтоож буй мэт мэдээлэл зохиомлоор цацагдаж байгаа нь дэндүү харамсалтай.
ОХУ цэргийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой. Беларусь ч мөн энэхүү эзлэн түрэмгийлэлд оролцохоо нэн даруй зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүндэтгэх шаардлагатай байна. Европын Холбооны зүгээс Украин болон энэ улсын ард түмнийг тууштай дэмжинэ гэсэн нэгдмэл байр суурьтай байна. Европын Холбоо Украины зэвсэгт хүчинд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр бэлтгэж байна.
Олон улсын хамтын нийгэмлэг Путинээс энэхүү эзлэн түрэмгийллийнхээ төлөө хариуцлага хүлээхийг шаардаж, ОХУ-ын ганцаардуулан, санхүүгийн хориг арга хэмжээ тухайлбал Оросын банкны системийг тасалж, олон улсын валютын нөөцөд нэвтрэх эрхийг нь хязгаарлаад байна.
Европын Холбооны зүгээс түнш болон холбоотон орнуудтайгаа хамтран Оросын удирдагчид, элитүүд, Кремлийн эдийн засгийг тэтгэж буй стратегийн салбаруудад өргөн хүрээний хориг арга хэмжээг аваад байна. Эдгээр хориг арга хэмжээний зорилго нь Оросын жирийн ард түмнийг хохироох бус харин энэхүү шударга бус дайныг санхүүжүүлэх Оросын боломжийг хязгаарлаж, дайныг даруй зогсоохыг хичээж буй үйл явдал юм. Ингэхдээ бид АНУ, Канад, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг түнш, холбоотон улсуудтайгаа хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн олон улс оронд Украины газар нутгийн нэгдмэл, халдашгүй дархан байдлыг хамгаалах жагсаал цуглаан өрнөж байна. Хил хязгаар алслагдмал, бие биенээ мэдэхгүй тэдгээр хүмүүс ажиглаад суухыг хүсэхгүй зүрх сэтгэлээрээ нэгдэж буй энх тайванч, зоримог үйлдэл тул энэ эсэргүүцлийн хүч саарахгүй.
Оросын төрийн хэвлэл мэдээлэл, түүний экосистем олон нийтийн сүлжээгээр худал хуурмаг мэдээлэл цацаж, үнэнийг гуйвуулж байна. Балканы хойгийн баруун хэсэгт байрлах улс орнууд удаан хугацааны турш Кремлийн худал мэдээллийг дайралтад өртсөөр ирсэн бөгөөд тэд хэзээ, яаж мэдээллийг гуйвуулж байгааг одоо нэгэнт мэддэг болсон.
Кремлийг дэмжигчид эзлэн түрэмгийллээ “тусгай ажиллагаа” гэж нэрлэж байгаа ч энэхүү ичгүүргүй томьёолол нь Украины эрх чөлөө, хууль ёсны төр, ардчилсан тогтолцоог нухчин дарах зорилготой эзлэн түриймгийлэл болохыг биднээс нууж чадахгүй. Украин Улсын Засгийн газрыг “нео-нацист”, “Оросыг эсэргүүцэгч” хэмээж байгаа нь утга учиргүй юм. Учир нь Украинд нацизмыг бүрэн хориглодог төдийгүй орчин үеийн Украин Улсад хэт баруун жигүүрийн хүчнийхэн ард иргэдээс дэмжлэг авч чадахгүй, засгийн эрхэнд гарч чадахгүй байгаа нь ойлгомжтой юм. Украины Засгийн газар Донбассыг хавчиж шахаагүй бөгөөд Орос хэл, соёлыг нь ч хориглоогүй билээ. Донецк болон Луганск бол бүгд найрамдах улс биш юм, харин Оросын дэмжлэгтэй, салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад дор байгаа Украины мужууд юм. Үүнийг бид ч мэднэ, Оросууд ч мэднэ.
Бид Кремлийн бусармаг үйлдлийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хориг арга хэмжээг авахын тулд даян дэлхийн бусад түнш орнуудтайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. 2 дугаар сарын 25-ны өдөр болсон санал хураалтын үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд зөвхөн ОХУ хориг тавьж, харин Хятад, Энэтхэг болон Арабын Нэгдсэн Эмират Улс санал өгөхөөс татгалзсан билээ. Дэлхийн бараг бүх улс орон ОХУ-ыг Украин руу түрэмгийлэн дайрч байгааг буруушааж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчээ нэгтгэж, НҮБ-н холбогдох тогтоолыг баталж, Оросын зэвсэгт түрэмгийллийг зогсоохын тулд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Дээрх тогтоолыг батлахад идэвх зүтгэл гарган ажилласан Албани Улсад онцгойлон талархаж байна.
Украины эсрэг энэхүү дайны дараа даян дэлхий хэв журам өмнөх шигээ байхгүй. Олон улсын хамтын нийгэмлэг, холбоотнууд итгэлцэл, шударга ёс, эрх чөлөөг тогтоохын тулд нэгдэх цаг нь болсон. Хүчирхийллийн эсрэг сөрөн зогсож үгээ хэлэх цаг нь болсон. Хүчирхийллийг зөвтгөх аргагүй, хэзээ ч зөвтгөхгүй , цаашид ч тэвчихгүй.
Холбоотой мэдээ