Италийн хөлбөмбөгийн түүхэн дэх шилдгүүдийн нэг Жианлуижи Буффон Парма багтай байгуулсан гэрээгээ хоёр жилээр сунгаж, 2024 он хүртэл үзэгч олноо баясгахаар болжээ. Супермен хочит 44 настай түүний хувьд өнгөрсөн зун Сери-Б лиг рүү унасан Парма багтай хоёр жилийн гэрээ байгуулсан билээ.
Бээлийгээ хананд өлгөх болоогүй Буффон гэрээгээ сунгасныхаа дараа “Миний мөн манай гэр бүлийн хувьд өнөөдөр гайхалтай өдөр тохиож байна. Энэ хот, фанатууд маань баяртай байна гэж найдаж байна. Би Парматай үнэхээр гүн нарийн холбоотой. Би үргэлж энэ хотыг сэтгэлдээ тээсээр ирсэн. Хэрэв багийн ерөнхийлөгчийн бодож байгаа зүйл, хийж байгаа зүйлд итгээгүй бол би тэдний саналыг хүлээн авахгүй байсан. Би энэ клубын ирээдүйг өөдрөгөөр харж байна. Энэ бол миний хувьд сэтгэл хөдөлгөм сорилт байсан” гэжээ.
Ювентусын хамтаар Сери-А лигт арван удаа түрүүлсэн Буффон дээд лигт нийт 657 тоглолтод оролцсон үзүүлэлттэй. Мөн тэрбээр Италийн шигшээ багийн хамтаар 2006 онд дэлхийн аваргад түрүүлсэн.
Буффон 1995 онд Сери-А лигийн анхны тоглолтоо Парма багийн өмсгөлтэй хийж байв. Парма энэ улирал Сери-Б лигтээ 26 тоглолтын дараах байдлаар 13 дугаар байрт бичигдэж байгаа аж. Пармагийн ерөнхийлөгч Кайл Крузе Буффоны талаар “Түүнд манлайлах чадвар байдгаас гадна хувь хүний агуу чанарууд бий. Түүнийг Парматай хамтран ажиллаж байхыг харах нь нэр төрийн хэрэг” гэжээ.
Холбоотой мэдээ