Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар "Монгол эрчүүд" улсын зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, "Монгол эрчүүд" улсын зөвлөгөөнийг энэ оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-нд уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
Сүүлийн үед монгол эр хүний бие бялдар, хувцаслалт, зан араншин өөрчлөгдөж, монгол эрчүүд хаачив гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж буйгаа тэрбээр тайлбарлажээ. Уг зөвлөгөөнөөр монгол эр хүн гэж ямар байх ёстой, монгол аав хүн, монгол нөхөр хүн, монгол хөвгүүн гэж ямар байвал зохих, дэлхийн бусад улсын эрчүүдээс бид юугаараа ялгарах ёстой зэрэг асуудлаар хэлэлцэж тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсох гэнэ.
Гэвч О.Гэрэлт-Одын эл санаачилга олны ундууцлыг хүргэв. Тодруулбал, иргэдийн зүгээс "Хэтэрхий социалист санал гаргаж байна. Залуусын өмсөх хувцас, хэлж ярихыг цензурдэж заах нь хүний эрхийг зөрчиж байна" гэж шүүмжилж байна.
Э.БУРАМ