АН нэр төдий байснаас нэг мөсөн тарсан нь дээр!

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

АН нэр төдий байснаас нэг мөсөн тарсан нь дээр!

АН нэр төдий байснаас нэг мөсөн тарсан нь дээр!

АН-ын Улс төрийн зөвлөлөөс ирэх Бямба гаригт МҮЭСТО-нд Их хурлаа хуралдуулахаар товлов. Үүнээс өмнө өнөөдөр/2022.03.03/ Үндэсний бодлогын хороогоороо Их хурлаараа хэлэлцэх асуудлаа тогтох аж. Их хурлынх нь зорилго “Бүтэн ардчилал”.  Авчиг хэрүүл, зодооноо дотоод ардчилал гэж өөрсдийгөө хуурч явсаар эцэстээ гүн ангал руу унасан АН эвлэж нэгдэхээргүй болтлоо хагарснаа хэн, хэн нь хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болж. Энэ нь бараг АН-ынханд өөрсдөд нь, Монголын ардчилалд илүү амар байж мэднэ.

Товчхондоо, АН дахиад “элэг бүтэн” болж чадахгүй нь нэн ойлгомжтой болсон. Тэдэнд булаацалдах ганцхан тамга бий нь намынх нь. Гэвч, Ардын нам “зөвшөөрөөгүй” цагт Ардчилсан намын тамга шүүх дээр гацсан хэвээр байх нь тодорхой.

С.Эрдэнийн талын зохион байгуулахаар товлосон Их хурлыг О.Цогтгэрэлийн тал үгүйсгэж, хэвлэлийн бага хурал хийхдээ Их хурлыг зарлах эрхтэй субьект нь зөвхөн  ҮБХ болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн зарлан хуралдуулсан Их хурал хүчингүй, эндээс гарсан ямарч  шийдвэрийг хүлээж авахгүй болохоо О.Цогтгэрэлийн талынхан урьдчилаад зарлачихав. Өнгөрөгч өвөл О.Цогтгэрэлийнхэн Онц Их хурал зарлаж, намын даргаа тодруулсан хэдий ч С.Эрдэнийнхэн мөн хүлээн зөвшөөрөөгүй юм.

АН-ын хагарал, ялгарлын талаар  Х.Тэмүүжин хэвлэлд ярихдаа “Ардчилсан нам хуваагдаагүй. АН-ын дарга, тамга тэмдэг тойрсон маргаан, удирдлагын үл ойлгогдох байдал үүсээд байгаа. АН-ын олон мянган гишүүн, гишүүн хэвээрээ” гэж.  АН цагийн сайханд 180 мянган гишүүнтэй байсан нь үнэн. Тэд өнөөдөр намын тамга тэмдэг, дарга цэргийн хэрүүлээс залхаад эхнээсээ Ардын намын бараадах болсон бүр үнэн.  АН-ын гишүүн, бүр Үндэсний бодлогын хороонд нь байсан Б.Дөлгөөн, Э.Долгион нар МАН-д хэдийнэ “урвачихсан”.  Тэдний буруу биш, хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй гэдэг. АН-ын хэрүүлээс сонгогчид бүү хэл жирийн гишүүд нь хүртэл энэ мэтээр залхчихсан байна.  Үнэнийг хэлэхэд О.Цогтгэрэлийг дагасан, С.Эрдэнийг тойрсон хэдхээн хүн л АН-д үлдэж.  Бусад нь хэдийнэ АН-аас дүрвэдгээ дүрвэж, урвадгаа урваж, залхдгаа залхчихсан.

Гэтэл дэлхийн улс төр, геополитекийн бодлого ширүүсч, буфер улсуудын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл нүүрлэж байгаа энэ эгзэгтэй цаг үед уг нь Ардчилсан нам “амьд” байх нь Монголд тустай байв.  Учир нь, хүчтэй сөрөг хүчинтэй, ардчилсан төр засагтай байж гэмээнэ Монголын тусгаар тогтнол хамгаалагдах геополитикийн нөхцөл хэдийнэ үүссэн. Энэ нь АН-ынхан хувийн амбицаа хойш тавиад улсынхаа амбицыг нэгд тавих шаардлага бий болсон гэсэн үг. Тэр тусмаа авторитори дэглэмтэй хоёр гүрний дунд байгаа Монголд Ардчилсан нам нэр төдий нам биш хүчтэй сөрөг хүчин байж л үндэсний аюулгүй байдал хамгаалагдана.

 Атал О.Цогтгэрэл, С.Эрдэнэ хоёр нэг ширээний хоёр талд суугаад учир зүйгээ ололцож чадахгүй өөрсдийнхөө карьерыг намынхаа нэрийг гутаасаар. Ямар Орос-Украин хоёр биш дээ. Энэ чигээрээ явбал 2024 онд АН улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдах биз. УИХ-ын сонгууль болоход хоёрхон жил үлдэж байна. Гэтэл АН гэрээ байтугай биеэ засч чадаагүй явна. Харамсалтай нь, АН арчигдвал Монголын ардчилал 30 жилээр ухарна. АН шиг улс төрийн нам бий болтлоо ахиад 30 жил болно гэсэн үг.  ХҮН бол коммунистуудын “хүүхэлдэй” гэдгээ харуулчихсан. Тэд сөрөг хүчин болох хүртлээ л бас зай ч байна, лай ч байна.

Үнэндээ Монголын улс төрийн тэнцвэртэй байдал дэлхийн улс төрийн ороо бусгаа үед бидний аврал болно уу гэхээс гай болохгүй байх.

Хэдийгээр Монголд олон нам бий ч ихэнх нь нэг хүний “халаасанд” амьдардаг. Сонгууль болохоор мөөг шиг гараад ирдгийг  эс тооцвол тэд ихэнхдээ үйл ажиллагаа явуулдаггүй. Харин АН бол өөр.  Цагтаа засгийн эрхийг барьж явсан нам. Харамсалтай нь, УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн ганц Л.Гүндалайн хэмжээний сөрөг хүчин байж чадахгүй байна. Харин ч эсрэгээрээ эрх баригчдын дохиур болчихсон Ардын намын зараал хийгээд Үндсэн хуулийн цэцэд “давхар дээл”-ээр гомдол зарга үүсгээд явах жишээний.

Ардын нам дээлээ тайлна уу, нэмнэ үү Ардчилсан намд огт падлийгүй. Ардчилсан намд хамгийн их хамаатай асуудал нь Ардын намынхны наанаа инээж, цаанаа салаавч үзүүлэх болсон хүний эрх, эрх чөлөө.

Өчигдөр гэхэд дэлхийн энх тайвны төлөөх иргэдийн тэмцлийг АН дэмждэггүй юм аа гэхэд, босоо, хэвтээ нацисуудаас үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, хайцаалж дуугарах ёстой байв. Гэтэл аль, аль АН-ын тал ганц үлдсэн тамга тэмдгээ булаацалдахаас өөрөөр сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадсангүй.  Ядаж төсвийн мөнгийг удаа дараа тонож /ЖДҮ, Хөгжлийн банк/ идсэн МАН-ын авлига, хээл хахуульд АН нүдээ таглаад, чихээ бөглөөд, амаа хаачихсан мэт сууж байна.

АН бол С.Эрдэнийн, О.Цогтгэрэлийн, Х.Баттулгын өмч биш. 180 мянган гишүүнтэй, парламентад суудалтай улс төрийн хүчин. Энэ утгаараа тэд эвлэлдэн нэгдэх эс бөгөөс нэр төдий явж байхаар нэг мөсөн тарсан нь дээр. Дотоод ардчилал гэдэг хоорондоо ил цагаан зодолдохын нэр биш юм.   Дотоод ардчилал нь зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчим дээр тулгуурласан байхыг хэлдэг. Бүр ойлгомжтойгоор хэлбэл, намын дүрэм журам бүгдэд тэгш алагчлалгүй үйлчлэхийг хэлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж