Эх орончдын өдрөөр барьсан эмзэглүүлэм бэлэг

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Эх орончдын өдрөөр барьсан эмзэглүүлэм бэлэг

Эх орончдын өдрөөр барьсан эмзэглүүлэм бэлэг

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд (2022.02.28) Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан тухай албан мэдээ монголчуудыг шоконд оруулав.

Зураг дээрээс Монгол Улсын өмнөх хийгээд одоогийн, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хийн хоолойн талаар хэрхсэнийг харж байна. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн байр суурийн оронд асуулт тавьсан учир нь тэрээр энэ талаар өнөөг хүртэл тодорхой байр суурь илэрхийлсэнгүй ирэв.

Эцсийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй төдийгүй Хятад энэхүү хийн хоолойг хүлээн зөвшөөрч, худалдан авалтаа хийх эсэх нь ч эргэлзээтэй. Худалдан авагч нь авах, авахгүй нь тодорхойгүй байхад дамжуулж өгөх нь экспортлогч талтай судалгааны ажлыг эхлүүлэх тухай гэрээ хийчихсэн нь гайшхрал төрүүлэв. Бид энэхүү хийн хоолойноос тэрбум тэрбумаар нь мөнгө олно гэсэн сэхүүн бодолтой яваа билээ.

Тиймээс ч “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан /МАН бий болсон өдөр гэх/ ийн гэнэтийн бэлэг барив. Орос, Украины асуудал дэлхий нийтийг сандаргаж буй эгзэгтэй энэ мөчид гэнэт гарын үсэг зурсан нь үнэндээ монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг алмайруулж, баярлахаас илүү болгоомжлолыг төрүүлэх ажээ.

Яг өөрсдийн хийн хоолойгоо тавьсан улстай маргаан нь даамжирсаар дайны байдалд шилжиж, энхийг сахиулагч гэж өөрсдийгөө зарлаад эзэрхийлэгчийн авир гаргаж байхад шүү дээ.

Хийн хоолой өөрөө улс төрийн нөлөөллийн хамгийн том хэрэгсэл болсоныг улс орнуудад өрнөж буй өдөр тутмын мэдээнээс бид харж суугаа. Энэ хийн хоолой Монгол Улсын эзэмшилд байх уу, Беларусь шиг ОХУ-ын эзэмшилд үлдэж хоцрох уу гэдэг талаар ганц үг гав хийсэнгүй.

Судлаачид ийм хурцадмал асуудал үүссэн энэ цагт гэрээний асуудлыг харзнах хэрэгтэй байсан талаар сануулж байна.

Гэтэл төлөвлөгөө ёсоор жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөрт ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарсан талаар албаны мэдээнд бахархалтайг оруулжээ.

Тэрхүү мэдээллээр нь, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас Хятад руу байгалийн хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагджээ. Оросын хийн хоолой Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын 22 сумын дамжин өнгөрөх аж.

Ингэхдээ “Эрдэнэс Монгол”ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулангийн өгсөн ярилцлагад “Маршрутын дагуу 5 хийн шахуургын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолж байгаа. Хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр буюу 2 тал тус бүрдээ 400 метрийн өргөнтэй байна” гэжээ. Багцаагаар тооцвол  966.8 км урт хийн хоолойг дагаад нэг километр орчим газар Оросын мэдэлд шилжих нь.

Энэ хийн хоолойн газрыг хэн эзэмших талаар Шадар сайд ам нээсэнгүй. Монголчууд хийн хоолойг ашиглах эсэх талаар ч тодорхойгүй байна. Энэ тухай асуултад ОХУ-ын тал бөөрөнхийлөн жуумалзаад өнгөрөв. Нэг тодорхой зүйл гэвэл энэ хийн хоолойг дагасан нэг километр орчим газрыг оросууд мэдэлдээ авах нь. Бүр мөсөн өгөх үү, эзэмшүүлэх үү, бүү мэд. Бидэнд мэдэгдсэнээр 10 мянга орчим ажлын байр бий болохын 2000 орчим нь монголчууд байх аж. Энэ тоо алсдаа 50/50 болох гэнэ.

Гэтэл биднийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-д нэгдэх урилгад Монгол Улс нааштай хандаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн асуудлыг хариуцсан нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев мэдээлснээс бид мэдэж байлаа. Дээр нь төмөр зам, газрын тос, эрчим хүч, байгалийн хийн дэд бүтэц байгуулах асуудлыг ШХАБ-ын гишүүн болох улс орнуудтай уялдуулдаг. Гэтэл ийм нарийн асуудлыг монголчууд мэдээгүй төдийгүй Ерөнхий сайд ч биш, Шадар сайдын хэмжээнд гарын үсэг зурчихлаа.

Угтаа бол Үндсэн хуульд заасанчилан УИХ-аар хэлэлцүүлэх учиртай байтал Засгийн газрын сайдын хэмжээнд асуудлыг шийдчихлээ.

Мэдээж хийн стратегийн чухал ач холбогдолтой хийн хоолойгоо оросууд хамгаалахын тулд цэрэг биш юмаа гэхэд хамгаалалтын албаа оруулна. Ингээд зогсохгүй хамгаалалтын бүс нутаг тогтооно. Малчин монголчуудыг энэхүү хамгаалалтын бүсээр зааглана. Монголын эрх ашиг хөндөгдөх тоолонд өөрсдөө бус Оростой тохиролцох хэрэг гарна. Тэр тоолонд Оросын ашиг сонирхол Монголд орж ирнэ. Бүдүүн үгээр хэлэхэд бид 1 сая орчим иргэндээ эзэмшүүлж болохуйц газраар Орост найр тавьж, хийн хоолой бариулах нь.

Гэтэл тэрхүү хийн хоолойгоор дамжуулах хийг нь Хятад авах эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байх жишээтэй. Монголчууд энэхүү хийн хоолойны ачаар утаанаасаа сална гэх өөдрөг төсөөлөлтэй байгаа ч бид дамжуулагчийн үүрэгтэй юу, ашиглах эрхтэй гэдэг нь эрх баригдын “нууц” хэвээрээ байна.

Алсдаа өөрсдийнхөө ашиг сонирхолоо хамгаалахын тулд Орос цэргээ оруулахгүй гэсэн баталгаа бидэнд байна уу?

Ердөө зуухан жилийн өмнө асар өргөн уудам нүүдэлчдийн нутаг Ази тив дэх колоничлолоо өргөжүүлэх Английн хүсэл сонирхол, Зүүн Азийн орнуудад нөлөө нь нэмэгдсэн Японы эрх ашиг, Дорно зүг рүү анхаарч эхэлсэн Орос гурав Чин гүрний асуудлаар хэл амаа ололцох шаардлага гарч байсан. Тэдэн дундаас Орос асуудлыг хамгийн овжин ашигласан байдаг. Дөнгөж Чин улсын эрхшээлээс гарсан Монголын Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар 1911 оны наймдугаар сард орост очиход хүчирхэг гүрний хамгаалалтгүй тусгаар тогтнох ямар аюултайг хэлэх атлаа Хятадтай байлдах аваас туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн нь баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ.  Монголчууд цэрэглэн таван замын байлдаан хийж өвөрмонголчуудаа бүрэн чөлөөлсөн ч Оросын зальжин бодлогын дүнд хамтдаа Манжийн эрхшээлээс гарсан Хятадын автономит болсон. Эцэст нь 1919 онд Хятадын Сю Шү Жан цэргийн хүчээр Монголд орж ирснээс бид тусгаар тогтнолоо дахин алдаж байсан. 1921 онд ч Хятадын эрхшээлээс биднийг улаан арми чөлөөлж өгсөн гэдэг үлгэрт бид итгэсэн хэвээрээ.

Өнөөдөр ч бид дайныг эсэргүүцсэн нэгнээ адал балмадаар доромжилж, барьсан даавууг нь булааж, Манжийн туг барилаа, Орос ах нарын эсрэг зогслоо гэж дэмийрч байна. Ганц үнэн зүйл гэвэл эзэрхэг гүрэн буурай улсын эрх ашгийг хамгаалах нэрийдлээр цэргээ оруулж, өөрсдийн нөлөөг тэлдэг болохоос хамгаалж, хөгжүүлсэн түүх байхгүй. Үүнийг Украины жишээ бидэнд бэлээхэн харуулсаар байтал хоорондоо хөлөө жийлцэх нь өрөвдөлтэй.

Биднийг төмөр замаа барилгүй Хятад, Оросоороо талцан мунгинаж байхад оросууд 100 сая тонн нүүрс Хятадад нийлүүлэх гэрээ байгуулснаа зарласан. Монголын нүүрс ийн үнэгүйдэхэд хүрч байхад бид чив чимээгүй. Гэтэл одоо хийн хоолойгоо дамжуулахаар болж байна. Бид эрчим хүчний хувьд байнга тэднээс хамааралтай байж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станцийг гэхэд л дотоод, гадаадын эсэргүүцлийн улмаас өнөөг хүртэл хойшлуулсаар ирэв. Тэр тоолонгоор гадагшаа монголчуудын мөнгө урсаад зогсохгүй өвөл болгон нийслэлээ хөлдөөх эрсдэлтэй учирдаг. Хөршүүд маань нэгдэн нягтарч, нэг нэгнээ эрчим хүч, байгалийн хийгээр хангахаар бидний хэрэг тэдэнд байх уу? Нэгдэж нягтраад ирэхээр нь бидэнд аюул учирч, холдож, хөндийрөөд ирэх тусам боломж гардаг биш бил үү?

Түүнээс зэвүүн нь “Эх орончдын өдөр”-ийн бэлэг нь ийм бодлогогүй хийсэн гэрээ байлаа. Яагаад улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нэг сайд гэнэт очоод шийдэв. Бид аль 32 жилийн өмнө өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх эрх чөлөөтэй болоогүй бил үү..?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж