Оростой гар нийлсэн Беларусьт хориг арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Оростой гар нийлсэн Беларусьт хориг арга хэмжээ авав

Оростой гар нийлсэн Беларусьт хориг арга хэмжээ авав

Оросын түрэмгийлэлд гар бие оролцсон гэсэн үндэслэлээр Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авлаа. Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд Их Британи улсаас Беларусийн армийн дарга нарыг онилж байна. Үүнд батлан хамгаалахын дөрвөн албан тушаалтан, цэргийн хоёр  аж ахуйн нэгж багтжээ. Тодруулбал, Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Гулевич болон Андрей Жук, Логистикийн дарга Андрей Бурдыко, Зэвсэгт хүчний дарга Сергей Симоненко нар орно. Мөн цэргийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “JSC Integral” болон цэргийн  нисэх онгоцонд засвар үйлчилгээ үзүүлдэг “JSC 558” үйлдвэрт хориг тавьсан.

Беларусийн удирдагч Александр Лукашенког Оросын түрэмгийлэлд тусалж, зуучилсан гэж Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдэв. Тодруулбал, Лукашенко нь Оросын цэргүүдийг хүлээн авч, Беларусийн нутаг дэвсгэрийг байлдааны талбар болгон ашиглахыг зөвшөөрсөн гэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард барууны удирдагчид Украинд халдлага үйлдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй тухай сануулсаар байтал Беларусь улс Оростой хамтарч томоохон цэргийн сургуулилалт хийсэн. Улмаар сургуулилалтыг сунгаж, Украины зүүн хэсэгт нөхцөл байдал хурцадсан гэсэн шалтгаанаар Оросын цэргүүд Беларусьд үлдэх болсон билээ.

Гэвч Оросын цэргүүд Беларусийн нутаг дэвсгэрээс довтолж байна гэсэн Украины мэдэгдлийг Лукашенко няцааж буй. Тэрбээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаанд Беларусь улс нэгдэх бодолгүй байна гэж "Белта" агентлагт хэлжээ.

Цаашид ахиад ч хориг арга хэмжээ авч магадгүй гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн Беларусьт болсон будлиантай сонгууль, хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийн хариуд 100 гаруй хүн болон байгууллагад аль хэдийнэ хориг арга хэмжээ авчээ.

Их Британи улс нь ийн Беларусьт хориг арга хэмжээ авснаас гадна Оросын бүх банкуудын хөрөнгийг царцаах, фунт-стерлингээр төлбөр тооцоо хийх боломжийг хязгаарлахаар болжээ. Түүнчлэн, ОХУ-ын стратегийн ашиг сонирхолд чухал ач холбогдолтой олон төрлийн экспортод хориг тавьсан. Эдгээр хориг арга хэмжээ нь АНУ болон Европын холбооны орнуудын ашиг сонирхолтой нийцэж байгаа бөгөөд Оросын технологийн импортын ихэнх хэсгийг зогсоох зорилготой гэлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж