Аялал жуулчлалын салбарыг тойрсон асуудал цөөнгүй. Дэд бүтцээс авахуулаад үзэсгэлэнт байгалиас өөр нүд хужирлах зүйлгүй, жуулчид саатах газаргүй, дотоодын аялагчид аялал жуулчлалын компаниар үйлчлүүлж сураагүй зэрэг олон бэрхшээлийг салбарынхан ярьж шүүмжилсээр олон жил болж байна. Ялангуяа жуулчдад түр буудаллах газар, ариун цэврийн байгууламж толгойн өвчин болсон. Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж тусгасан байдаг.
Уг хөтөлбөрийг бодит ажил болгох үүднээс Булган, Архангай, Хэнтий, Завхан, Говь-Алтай зэрэг аймагт улсын төсвийн хөрөнгөөр зургаан цэгт отоглох цэгийг 2020 онд байгуулсан. Тэгвэл энэ жил 12 аймгийн 17 цэгт отог байгуулах гэнэ.
Энэ талаар БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр хэлэхдээ “Гадаад, дотоодын жуулчдын хамгийн их аялдаг нуур дагуу түр буудаллах отогууд байгуулна. Зуны улиралд багтаан отогуудыг байгуулахаар төлөвлөсөн. Төр хувийн хэвшлийн түншлэлээр орон нутагт аялал жуулчлалын мэргэжлийн холбоодод менежментийг нь шилжүүлэх концефц үргэлжилж байна. Ерөнхийдөө нэг отог дунджаар 60 хүний хүчин чадалтай. Түр буудаллах цэгт жуулчдаас авах төлбөрийн хэмжээ одоогоор тодорхой болоогүй” гэлээ.
2022 он 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал энэ онд,
- Булган аймаг, Баян-Агт сум- Хануй голын рашаа
- Булган аймаг, Рашаант сум- Элсэн тасархай
- Архангай аймаг, Тариат сум- Тэрхийн цагаан нуур
- Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум- Хоног цол
- Архангай аймаг, Өгий нуур сум- Өгий нуур
- Дорнод аймаг, Халх гол сум- Буйр нуур
- Хэнтий аймаг Баян-Овоо сум- Гүрмийн нуур
- Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд
- Завхан аймаг, Нөмрөг сум- Тэлмэн нуур
- Завхан аймаг, Эрдэнэ хайран сум-Улаагчныхар нуур
- Говь-Алтай аймаг, Цогт сум- Ээж хайрхан уул
- Баянхонгор аймаг, Богд сум –Цонж
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум- Ёлын ам
- Өмнөговь аймаг,Сэрвэйсум- Дуут манхан
- Дундговь аймаг, Өлзийт сум- Цагаан суварга
- Дундговь аймаг, Гурван сайхан сум- Их газрын чулуу
- Дорноговь аймаг, Өргөн сум- Хамрын хийд гэсэн Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газарт отоглох цэгтэй болох нь.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн онд 40 мянган жуулчин Монгол Улсыг зорино гэсэн тооцоог гаргаж байв. Харин энэ онд жуулчдын урсгал нэмэгдэнэ гэж харж байгаа аж. Ямартай ч Монгол Улсын хувьд ирэх 2024 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа юм.
Холбоотой мэдээ