С.Батцэцэг: Хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэх нь чухал

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг: Хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэх нь чухал

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцсэн юм. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Украин улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар товч мэдээлэл өгье. Хоёрдугаар сарын 25-аас иргэдээ татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг 100 хувь татаж авлаа. Харьков хотод байсан 15 оюутнууд энэ  цаг мөчид Польш улсын  хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан. Нийтдээ 58 иргэнийг Польшийн хилээр татан авсан. Энэ ажиллагаанд тус  улсад оршин суугаа монгол иргэд идэвхтэй оролцсон. Польшийн хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 иргэн Монгол руу ниссэн бол гурав нь хэдийнэ эх орондоо ирсэн. Харин 15 нь Истамбулд байна. Тэд маргааш эх орондоо ирнэ. Киевээс ахиад гурван иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Үүн дунд  монгол иргэнтэй гэр болсон киргиз хүн байна.  Тэднийг удахгүй татаж авна.

Дайнаас үүдэх эдийн засгийн эрсдэлүүдээ тооцон хэлэлцэж байна. Одоогоор 20 гаруй иргэн Польшид үлдсэн. Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуур зарчмыг баримталдаг. Иймд Монгол Улс хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, галыг зогсоож намжаах нь чухал гэдэг байр суурьтай байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хамгийн сүүлд 2018 онд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулсан. Цар тахлаас шалтгаалан хийгээгүй. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Засгийн газар Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг би ахалж байна. Энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь шинэ сэргэлтийн бодлого, цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байх юм. Энэ жил гадаадын хөгжлийн түнш байгууллагатай өргөн хүрээнд хамтран эдийн засгийн форумаа зохион байгуулна. Хэлэлцүүлгийг өмнөхөөс олон хоногоор дэлгэрэнгүй хийнэ.

Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна.

Монгол Улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй.

Шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй.

Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газрын хуралдаан бүр дээр мэдээлэл оруулж байгаа. Шинэ мэдээлэл гэвэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа.

Шинэ бүрэлдэхүүнийг томилох хуулийн процессын ажил явж байна. Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бус гишүүдийг томилно.

Энэ бүгдийг хуулийн дагуу нээлттэй зарласан. Материалууд ирж дууссаны дараа сонгон шалгаруулалт хийгдэнэ. Тухайн үед шинэ бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулна. Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн хагас нь төрийн өмчит компаниуд эзэлж байна. Үүн дээр Засгийн газар хариуцсан яам, сайд нар идэвхтэй ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 49.8 тэрбум төгрөгийн өр зээл төлөгдсөн байна. Сүүлийн долоон хоног энэ нь үндсэндээ зогсчхоод байгаа учраас эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ИРЭХ САРД ЭХЛҮҮЛНЭ

– “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулсан.

Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

Товч мэдээ

• Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.

• “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.

• Covid-19 халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.

• Монгол Улсын төсвийн цаглабарын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын төсвийн цаглабарт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

• Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг баталлаа. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

• Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Тус зөвлөл нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж