Монголчууд баяраас баярын хооронд амьдардаг гэж хошигноцгоодог. Тэр нь ч үнэний хувьтай. Цар тахлын улмаас хоёр жил дараалан уламжлалт баяр, наадмаа тэмдэглээгүй хүмүүс урлагийн тоглолтоор “цангасан” гэхэд хилсдэхгүй. Энэ жил хүн амын ихэнх нь вакцинд хамрагдаж, Засгийн газраас хязгаарлалтуудыг цуцалснаар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон.
Тун удахгүй Мартын-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Үүний дараа Цэргийн баяраар үргэлжилнэ. Тэмдэглэлт баярын өдрүүдэд хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Тэр ч утгаараа гуравдугаар сард урлаг соёлын тоглолтууд борооны дараах мөөг шиг ар араасаа болох нь ээ.
Тодруулбал, Улсын драмын эрдмийн театраас “Анна Каренина” сонгодог жүжгээ гуравдугаар сарын 12-ныг хүртэл тоглох гэнэ. Тасалбарын үнийн хувьд 25-60 мянган төгрөг. Үзэгчдийн таашаалд нийцсэн “Гэм зэм” жүжгийг энэ сарын 27-ныг хүртэл дахин шинэ бүрэлдэхүүнээр тоглох аж. Тасалбар нь 50-100 мянган төгрөгийн үнэтэй. Харин Улсын филармонийн уран бүтээлчид энэ сарын 3-нд “Ромео Жульетта” симфони үдшийг эгшиглүүлэх бол Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан “Хунт нуур” балетыг тоглох гэнэ.
Араас нь рок поп болон зохиолын дуучдын тоглолт цуварна. Баярын тоглолтын тасалбарын үнэ хамгийн хямд нь 25-30 мянган төгрөг бол зарим дуучдын тоглолт 100-150 мянган хүрч байх жишээтэй.
Заримаас нь дурдвал, жил бүрийн Мартын 8-ны өдөр тоглолт хийдэг дуучин М.Бямбажав “Жаргаж амьдраарай ээжээ” тоглолт 25-30 мянган төгрөг, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Хайртай шүү ээжээ” тоглолт 30-60 мянга, дуучин Д.Отгонжаргал “Хүн галуу” тоглолт 25-40 мянга, хошин урлаг, зохиолын дуучдын хамтарсан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт 25-30 мянга, “Харанга”-ын Ц.Чулуунбатын “Хайр” тоглолт 35, 60 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин С.Сэрчмаагийнх 50, 100 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин П.Баярцэнгэл, Наки нарын хамтарсан тоглолт 150 мянган төгрөгийн тоглолт хийх аж.
Зарим дуучдын хувьд хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж, аль хэдийнэ зараа түгээж эхэлжээ.
Холбоотой мэдээ