Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замыг энэ оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэгвэл гуравдугаар сар хэдийнэ гарч, үлдсэн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалт дуусах эсэхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас тодрууллаа. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам товлосноор ашиглалтад орно. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдсан тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажлын явцтай танилцана” гэх мэдээллийг тус яамнаас өглөө.
Хэрэв төмөр зам гуравдугаар сарын 15-нд багтаж ашиглалтад орж амжихгүй байлаа гэхэд цаад хугацааг гуравдугаар сарын 20 хүртэл гэж тооцож байгаа бололтой. Эл бүтээн байгуулалтын ерөнхий захиалагчаар нь ажиллаж буй "Монголын төмөр зам" ТӨХК–иас өгсөн мэдээллээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 97 хувьтай байна. Гуравдугаар сарын 15-нд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангахаар шахуу ажиллаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлж байгаа билээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хувьд хэлсэн үгэндээ хүрэхээр хичээж байгаа бололтой. Тэрбээр “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзахдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-нд нээх үүргийг өнгөрсөн нэгдүгээр сард /2022.01.27/ өгч, эс чадваас сайдын албан тушаалаасаа огцрохоо амласан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Халтар сайдад олон жил сунжирсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, төмөр замын ажлыг толгойгоороо хариуцахыг сануулж байв.